Оюутолгой төслийн далд уурхайн санхүүжилтийг шийдвэрлэхээр яриа хэлэлцээр үргэлжилж байгааг “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Ганболд "Invest Mongolia" хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтын үеэр мэдээллээ.
Далд уурхайн санхүүжилтийг шийдвэрлэхийн тулд далд уурхайн ТЭЗҮ-ийг батлах ёстой. “Бид далд уурхайн ТЭЗҮ-ийг байнга нэхэж, яаралтай батлуулахыг хөрөнгө оруулагчдаас шаардаж байгаа” хэмээн Д.Ганболд захирал нэмж хэлсэн юм.
“Рио Тинто” компани далд уурхайн ТЭЗҮ-ийг өнгөрсөн 6 дугаар сарын 31-нээс өмнө Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлнэ гэж байсан ч хойшлуулсан.
Монголын Татварын албанаас тус компанийн 2010-2012 оны санхүүгийн тайланд шалгалт хийж, нийт 120 сая долларын татварын акт тавьснаа зарласан билээ. Энэхүү татварын асуудлыг шийдтэл далд уурхайн ТЭЗҮ-ийг хойшлуулснаа “Туркойз Хилл Ресурс” компани мэдээлсэн.
Харин “Эрдэнэс Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирал Д.Ганболд энэ талаар “Аль ч улсад татварын албатай маргаангүй ажилладаг аж ахуйн нэгж байдаггүй байх. Бүгд л их бага хэмжээгээр маргалдаж байдаг. Татварын маргаан бол Татварын албатай холбоотой тусдаа асуудал” хэмээн байр сууриа илэрхийллээ.
Дашрамд дурдахад өнөөдөр “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн хурал болж байгаа юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!