Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/03-НД НИЙТЛЭГДСЭН

Оросууд Аляскийг яагаад зарсан бэ?

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 9 сарын 3
iKon.MN
Зураг зураг

1867 онд Хаант Орос улс Аляскийн газар нутгийг АНУ-д 7.2 сая доллараар заржээ. Харин 50 орчим жилийн дараа Америкчууд уг мөнгөнөөс 100 дахин илүүг эндээс олсон гэдэг. Энэ түүхийг уншигчдадаа хүргэж байна.


Худалдагдахын өмнөх Аляска

XIX зуунд Оросын Аляска нь олон улсын худалдааны төв байжээ. Нийслэл Новоархангельск (одоо бол Ситка) хотод худалдаачид Хятад бараа, цай, тэр бүү хэл мөс зардаг байсан гэнэ. Учир нь хөргөгч бүтээгдээгүй байхад АНУ-ын өмнөд хэсэгт мөсний хэрэгцээ байж.

Хөлөг онгоц, үйлдвэрүүд босч нүүрс олборлож байлаа.

Мөн алтны ордтой гэдгийг ч хүмүүс мэддэг байж. Ийм байхад Аляскийг зарна гэдэг бодол галзуу хүнээс л гарах байсан биз.

Оросоос худалдаачид энд далайн морины соёо авахаар ирдэг байлаа. Тэр үед энэ нь зааны соёоны дайтай үнэлэгддэг байв.

Мөн нутгийн уугуул иргэдээс ангийн арьс авдаг байжээ. Эдгээр худалдаа Орос-Америкийн Компаниар (OAK) дамжиж хийгддэг байсан ба энэ компанийг XVIII зууны Оросын алдарт бизнесмэн, зоригт аялагчид байгуулж байв.

Энэ компани Аляскийн бүх уурхай, эрдэс баялгийг хяналтандаа байлгаж бусад улс оронтой бие даан наймаа хийдэг, өөрийн туг далбаатай, мөнгөн тэмдэгттэй (савхин “марк”) байжээ.

Хаант засаг энэ бүх эрхийг ОАК-д өгсөн байв. Хаант засаг уг компаниас татвар авдаг төдийгүй Хааны гэр бүл томоохон хувийг нь эзэмшдэг байлаа.

Оросын Пизарро

Энэ бүгдийг Аляскад зохион байгуулагч нь авъяаслаг худалдаачин Александр Баранов байлаа.

Тэр сургууль болон үйлдвэрүүд барьж, уугуул иргэдэд манжин, төмс тарихыг зааж, цайз, усан боомтууд босгож байв. Баранов өөрийгөө “Оросын Пизарро” гэж нэрлэн зөвхөн мөнгөний төлөө биш зүрх сэтгэлээрээ Аляскад дурлаж нутгийн Алеутуудын ахлагчийн охинтой гэрлэжээ.

(Пизарро- Испаний колончлогч, Мексикийг эзэмшиж байсан)

Барановын удирдлагаар ОАК нь хэмжээлшгүй их ашиг (1000 хувь) олдог байв.

Харин Баранов хөгширч ажлаа өгөх болоход ахмад Хагмейстэр өөрийн цэргийн голдуу хүмүүсийг дагуулан ирж удирдлагыг гартаа авсан байна. Компаний дүрмэнд зөвхөн тэнгисийн хүчний офицер удирдах заалт оруулав. Ингэж тэр маш их ашигтай компанийг гартаа оруулсан ч энэ бүх үйлдэл нь компанийг сүйрүүлэх үндсийг тавьжээ.

Бохир ашиг

Шинэ эзэд өөрсөддөө үндэслэлгүй их цалин хангамж тогтоов. Ердийн офицерийн жилийн цалин 1,500 рубль байсан нь Оросын сайд, сенаторуудынхтай зэрэгцэж байв. Харин компаний тэргүүн жилд 150,000 рубль авахаар болжээ.

Тэд нутгийн иргэдээс ангийн арьсыг тал үнээр нь авдаг байв. Үүний дүнд дараагийн 20 жилд Эскимос, Алеутууд бүх далайн минжийг хядаж дуусгаснаар Аляскийн гол орлогын эх үүсвэр алга болжээ.

Уугуул иргэд үүнд дургуйцэж бослого гарган Оросууд хөлөг онгоцноос эргийн тосгодууд руу гал нээн номхруулж байлаа.

Офицерууд орлогын өөр эх үүсвэр хайж эхлэв. Гэвч оролдлогууд нь амжилт олсонгүй. Компаний санхүүгийн нөхцөл улам бүр хүндэрч байлаа.

Гэтэл Крымийн дайн эхэлж Их Британи, Франц, Турк улсууд Оросын эсрэг зогсов. ​Далайн замуудыг дайснууд нь хянаж эхэлсэн тул Оросууд Аляскийг хамгаалах чадваргүй болжээ. ​Хэрвээ Британичууд Аляскийг булаавал Орос юу ч үгүй үлдэхээр боллоо.

Москва, Лондонгийн харилцаа ширүүсэхийн хэрээр Оросууд Америкчуудтай улам бүр дотносож байв.

Хоёр тал бараг зэрэг шахуу Аляскийг наймаалцах санаачлага гаргав.

Ингээд Оросын элч Барон Эдуард де Стойкл Вашингтонд АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Уиллям Сювардтай хэлэлцээр эхлүүлжээ.

Оросын далбаа буухаас татгалзсан нь

Ийнхүү дээд хэмжээнд яриа эхэлж байхад хоёр талын олон нийт эсрэг байр суурьтай байлаа. Оросын сонингууд дээр “Ингэж их бүтээн босголт хийсэн, цаг хугацаа, хүчин чармайлт гаргасан, алтны ордууд илрээд байгаа газрыг яагаад алдах ёстой гэж” хэмээн бичиж байв. Харин Америкийн хэвлэлүүд “Яагаад Америкт өглөөний цайндаа загасны тос уудаг 50,000 зэрлэг Эскимосуудтай энэ “мөсөн хайрцаг” хэрэгтэй гэж? ” хэмээн эсэргүүцэж байлаа.

Зөвхөн хэвлэлүүд ч эсэргүүцсэнгүй, Конгресс энэ наймааг дэмжсэнгүй. Гэвч эцэстээ 1867 оны гуравдугаар сарын 30-нд Вашингтонд талууд 1.5 сая гектар Оросын газар нутгийг Америкт 7.2 сая доллараар зарах гэрээнд гарын үсэг зуржээ. Энэ нь акр тутамд 2 цент буюу хавтгай дөрвөлжин км тутамд 4.74 доллар болжээ. Үнэндээ билэгдэл төдий үнэлгээ болсон байв.

Яг тэр үед дотоодын зах зээлд Сибирийн ижил хэмжээний ашиглагдаагүй газар 1,395 дахин өндөр байсан юм.

Гэхдээ Оросууд зүгээр алдаж болох эрсдэлтэй тулаад байсан билээ.

Газар хүлээлцэх ажиллагаа нийслэл Новоархангельскт болжээ. Орос болон Америк цэргүүд эгнэн жагсаж Оросын далбааг буулгах болов. Гэвч далбаа багананд орооцолдоод буулгаж болсонгүй. Нэгэн усан цэрэг багананд авирч далбааг салган доош унагахад санамсаргүйгээр Орос цэргийн бууны жаданд өлгөгджээ. Энэ явдал мууг зөгнөж байлаа.

Үүний дараа Америкчууд хотын захиргааны байрнуудыг хүлээж аван хотын нэрийг Ситка болгож өөрчлөв.

Олон зуун Орос хүмүүс Америкийн иргэншлийг үл зөвшөөрч худалдааны хөлөг онгоцоор дүрвэцгээсэн боловч эх нутагтаа дараагийн жил нь л хүрч чаджээ.

Богино хугацааны дараа нөгөө “мөсөн хайрцаг”-наас алт ундарч эхлэв. Клондик нэртэй алтны хийрхэл эхэлснээр Нэгдсэн Улсад олон зуун сая доллар оруулжээ.

Хэрвээ Оросуудад ийм азгүйтэл тохиолдоогүй бол өнөөдрийн хоёр их гүрний хүчний харьцаа ямархуу байх байсныг хэн ч таашгүй билээ.

 

Эх сурвалж: Russia Beyond the Headlines