Улсын Ерөнхий Прокурорын зүгээс энэ жил гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх үүрэг өгсөн билээ.
Энэ ч утгаараа Дархан-Уул аймгийн прокурорын газраас Дарханаас Улаанбаатарын чиглэлийн автозамд жолооч нарт хандсан сэрэмжлүүлэг самбарыг босгожээ.
Тодруулбал, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн шалтгаан нөхцлийг сүүлийн 3 жилийн байдлаар судлахад зам тээврийн ослын дийлэнх хувь нь хурд хэтрүүлсэний улмаас гарч байгаад дүгнэлт хийж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлийг бууруулах зорилгоор Дархан-Уул аймгийн прокурорын газраас хот хоорондын болон олон улсын замд сэрэмжлүүлэг бүхий самбар байршуулжээ.
Уг самбар дээр “Ааваа битгий яараарай”, “Нойр нь хүрвэл түр зогсоод унтаарай”, “Гэр бүл чинь таныг хүлээж байна”, “Жолооч та яарах хэрэггүй” гэсэн үгнүүдийг бичсэн бөгөөд 3 х 6 метрийн хэмжээтэй 2 талт зурагт ухаалаг самбарыг Улаанбаатар хот, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Булган, Хөвсгөл аймаг, Оросын холбооны улсын чиглэлд явж байгаа жолооч, иргэд харах боломжтой байдлаар байршуулжээ.


Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!