Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/02-НД НИЙТЛЭГДСЭН

Казахстан улс Москва болон Минсктэй харилцаагаа таслахад бэлэн

Б.Ууган, iKon.mn
2014 оны 9 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Казахстан улс Евразийн эдийн засгийн холбооны гишүүнчлэлээс татгалзаж болзошгүй талаар Тэнгри Ньюс агентлаг мэдээлжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев “Хабар” телевизэд өгсөн ярилцлагынхаа үеэр ийм мэдэгдэл хийсэн байна. 

Назарбаевын өгүүлснээр талууд гэрээнд заасан дүрмээ биелүүлэхгүй бол гишүүнээсээ татгалзах гэнэ. Казахстан улс тусгаар тогтнолд аюул занал учруулах байгууллагын бүрэлдэхүүнд байхгүй гэдгийг Ерөнхийлөгч онцолсон тухай Ведомости мэдээлжээ. “Манай тусгаар тогтнол бол бидний өвөг дээдсийн тэмцэж олсон хамгийн нандин, үнэтэй эрдэнэ. Нэгдүгээрт бид хэзээ ч тусгаар тогтнолоо өгөхгүй, хоёрдугаарт тусгаар тогтнолоо хамгаалахын тулд бид байж болох бүхий л зүйлсийг хийнэ” хэмээн Нурсултан Назарбаев цохон тэмдэглэсэн байна. 

Казахстаны Ерөнхийлөгчийн мэдэгдэл Оросын Ерөнхийлөгч Владимир Путины залуусын “Селигер” форум дээр хэлсэн үгнийх нь араас гарсан нь шинжээчдийн анхаарлыг ихэд татаж байгаа юм.

Владимир Путин наймдугаар сарын 29-ний өдөр залуустай уулзах үеэрээ “Казахстан улс гэж хэзээ ч байгаагүй, ямар ч улс байгаагүй нутаг дэвсгэр дээр Нурсултан Назарбаев улс байгуулсан онцгой хувь заяатай хүн” хэмээн ярьсан нь ихээхэн шуугиан тарьсан. Энэхүү мэдэгдэл нь Казахстантай холбоотой “таагүй мэдэгдлийн” анхны тохиолдол биш.

Хэд хоногийн өмнө “Эхо Москвы” радиод Оросын Либерал- демократ намын тэргүүн Владимир Жириновский  ярилцлага өгөхдөө “Украйны дараа Казахстантай учраа олох хэрэгтэй. Казахстанд ч мөн Оросын эсрэг, дайсагнасан үзэл баримтлал ажиглагдаж байна” хэмээн мэдэгдсэн юм. Жириновскийн энэ үгнээс болж  Назарбаев Евразийн эдийн засгийн холбооноос гарах гэсэн шийдэмгий алхам хийх гэж байж болзошгүй хэмээн шинжээчид үзэж байна.

Сүүлийн үед Украйны асуудлаас болж Нурсултан Назарбаев таагүй байдалд байгаа нь энэ мэдэгдлээр ч илэрч байна гэж шинжээчид үзжээ.

Ямартай ч Назарбаев хэлсэндээ хүрч, Казахстан Евразийн эдийн засгийн холбооноос гарах эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Гэхдээ улс төрд олон жилийг үдэж, томоохон улстөрчид тооцогддог хүний  амнаас зүгээр ч нэг үг уначихна гэж байхгүй гэдгийг ажиглагчид онцолж байна. Тэрбээр Оросоос улстөрийн буулт авна гэж тооцоолон ийм мэдэгдэл хийсэн байж болзошгүй гэнэ.



Дашрамд дуулгахад Евразийн эдийн засгийн холбоо нь Оросын хувьд Зөвлөлтийн үеэс хойших үеийн улс төр, эдийн засгийн гол ололтуудын нэгд тооцогддог юм. Энэ холбооноос Казахстан гарвал тэнцвэртэй байдал алдагдаж, шинээр гишүүн авахад хүндрэлтэй болно. Түүнчлэн энэ холбооноос гарснаараа Казахстанд ямар ашигтай, эсвэл хохиролтой вэ гэдэг нь мөн л анхаарал татахаар асуудал юм.

Хэрэв Казахстан холбооноос гарвал АНУ болон Хятад гэсэн дэлхийн хоёр том тоглогчийн нэгнийх нь ашиг сонирхлын хүрээнд хүссэн хүсээгүй татагдан орно. Өнөөдрийн байдлаар АНУ болон БНХАУ Казахстаны газрын тос олборлох салбарын талаас илүү хувийг эзэлж байгаа юм. 

Эх сурвалж: Вести