Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/02-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд Солонгосын улс төрч Европын орнуудаар айлчилж магадгүй

Б.Ууган, iKon.mn
2014 оны 9 сарын 2
iKon.MN
Зураг зураг

БНАСАУ-ын эрх баригч Хөдөлмөрийн намын Төв хорооны нарийн бичгийн дарга Кан Сок Чу энэ долоо хоногийн дундуур Европын орнуудаар айлчилж магадгүй талаар Өмнөд Солонгосын дипломат албаны эх сурвалжтайгаар Ренхамп агентлаг мэдээлжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр Өмнөд Солонгосын улс төрч Герман, Бельги, Швейцар, Италид айлчлах төлөвтэй байгаа гэнэ. Харин Кан Сок Чугийн айлчлалын хугацаа болон чухам ямар уулзалтууд хийх талаар тодорхой мэдээлэл гараагүй байна. 

Өмнөд Солонгосын KBS сувгийн мэдээлснээр энэхүү айлчлал нь улс төрийн намуудын хоорондын солилцооны хүрээнд явагдах гэж байгаа бололтой. Харин шинжээчдийн таамаглаж байгаагаар Хойд Солонгосын өндөр албан тушаал бүхий улс төрч ийнхүү айлчлал хийх гэж байгаа нь БНАСАУ олон улсаас тусгаарлагдсан байдлаасаа гарах арга зам хайхад чиглэгдсэн байж болзошгүй гэнэ. Кан Сок Чу БНАСАУ-д чухал албан тушаал хашдаг учраас энэхүү айлчлал нь тодорхой зорилготой байх нь гарцаагүй хэмээн шинжээчид үзжээ. 

Түүнчлэн Хойд Солонгосын улс төрч АНУ, Японы төлөөлөгчидтэй уулзаж магадгүй гэж таамаглаж байна. 

Энд дуулгахад БНАСАУ 2005 онд өөрсдийгөө цөмийн гүрэн хэмээн зарлаж, 2006, 2009,2013 онуудад газар доорх цөмийн туршилт явуулсан нь олон улсын зүгээс эсэргүүцэлтэй тулгарч байсан юм. Хойд Солонгосын энэ үйлдлийн хариуд НҮБ-ын Аюулгүйн зөвлөл БНАСАУ- ыг цөмийн салбарт үйл ажиллагаа явуулахыг зогсоохыг шаардсан хэд хэдэн тогтоол гаргаж байв.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 1718 болон 1874 тоот тогтоолд цөмийн туршилт хийхийг хориглохоос гадна баллистик пуужин хөөргөхгүй байх, Солонгосын хойгийн хэлэлцээрт эргэн нэгдэх талаар тусгасан байдаг.

Гэвч Хойд Солонгос энэ тогтоол гарснаас хойш хэд хэдэн баллистик пуужин хөөргөсөн бөгөөд хамгийн сүүлд АНУ, БНСУ-ын хамтарсан цэргийн сургуулилтыг эсэргүүцэн Японы тэнгис рүү бага тусгалтай баллистик пуужин хөөргөсөн юм. 

Эх сурвалж: Ренхап