Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас Төрийн дээд одон, медалийн загвар шалгаруулах уралдаан зарлалаа. Энэхүү уралдааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна.
Уралдааны удирдамж
Нэг. Үндэслэл
Монгол Улсын Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт "улсын цол, одон, медаль, цэргийн дээд цолыг бий болгох..." асуудлыг Улсын Их Хурлын бүрэн эрхэд хадгалж, шийдвэрлэхээр тус тус зохицуулсан байна.
Үндсэн хуулийн уг зарчмыг хэрэгжүүлэх хууль батлагдаагүйн улмаас төрийн шагналд баримтлах нэгдсэн бодлого, зарчим, хэрэгжих эрх зүйн үндэс бүрдээгүй байна. Одоо манай улсад БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1990 оны 148 дугаар зарлигаар батлагдсан "БНМАУ-ын цол, одон, медалийн тухай дүрэм" хүчин төгөлдөр хэвээр үйлчилж байна. Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлд Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдгийг шинэчлэн тодорхой заасан боловч одоо болтол хуучин бэлгэ тэмдэгтэй цол, одон, медалийг хэрэглэсээр байгаа юм.
Эрдэмтэн, судлаачдын судалгаа шинжилгээний бүтээлээр өнөөгийн төрийн шагналын тогтолцоог эмх цэгцгүй, нийгэм эдийн засгийн байдалтай нийцээгүй, шагналын үнэ цэнэ, нийгэмд үзүүлэх үр нөлөө буурсан гэж дүгнэсэн байна.
Ардчилсан тогтолцоонд шилжсэн орнууд нийгэм, эдийн засгийн шинэчлэлт, өөрчлөлттэйгээ уялдуулан төрийн шагналын тогтолцоо, зарчмаа өөрчилсөн байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас Монгол Улс, төрийн шагналын тогтолцоогоо нийгэм, цаг үе, сэтгэлгээний шинэчлэлтэй нийцүүлэн боловсронгуй болгох шаардлагатай гэж үзээд Төрийн шагналын тухай хуулийн төсөл боловсруулав.
Төрийн дээд шагналыг дараах байдлаар ангилж, тодорхойлон төсөлд тусгасан бөгөөд ангилал бүрт утга төгөлдөр загвар бүтээх уралдааныг зарлаж байгаа юм. Үүнд:
Эрхэм дээд шагнал:
Эрхэм хүндэт шагнал:
Хүндэт шагнал:
Медаль:
Хоёр. Уралдааны зорилго
Төрийн шагналын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хүрээнд хуулийн төслийн зорилтод нийцэх, үндэсний соёл, сэтгэлгээний уламжлал, онцлогийг хадгалсан, чөлөөт сэтгэлээг эрэлхийлсэн, Төрийн дээд одон, медалийн загвар бүтээхэд уралдааны зорилго оршино.
Гурав. Уралдааны хамрах хүрээ, агуулга
Уралдаанд оролцогч нь Төрийн шагналын тухай хуулийн төсөлтэй танилцан Төрийн дээд одон, медалийн загварын төслийг хийж гүйцэтгэх бөгөөд загварын хэмжээ, өнгө, хийц, орц зэргийг тодорхой тусган зургийн түвшинд гүйцэтгэсэн байна.
Дөрөв. Уралдааны хугацаа
Уралдааныг 2014 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс 10 дугаар сарын 1-ний өдөр зохион байгуулна.
Тав. Уран бүтээлчид тавигдах шаардлага
Зургаа. Уралдааны бүтээлд тавигдах шаардлага
1. Загвар нь үндэсний соёл, сэтгэлгээний уламжлалыг хадгалсан, чөлөөт сэтгэлгээг эрэлхийлсэн байна.
2. Загвар нь олон нийтэд ойлгомжтой, утга агуулга нь танигдахуйц байна.
3. Бүтээлийг Adobe Photoshop, Corel Draw, InDesign зэрэг мэргэжлийн программ болон гараар тус бүр хоёр хувь зурсан байна.
3.1 Цахим бүтээл нь өндөр нягтралтай (300 dpi) байх шаардлагатай бөгөөд gif, jpeg цахим хувилбарыг ирүүлнэ.
3.2 Гараар зурсан бүтээлийг өнгөт хувилбараар А4 хэмжээний цаасан дээр 2 хувь үйлдэн ирүүлнэ.
4. Бэлгэдлийг зураг, графикаар дүрслэхээс гадна бичвэр оролцуулж болно.
5. Бүтээлийг Төрийн шагналын тухай хуулийн төслийн 8, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18 дугаар зүйлд дурдсан цол, одон, медалийн тодорхойлолтыг баримтлан зохиомжилно.
6. Загварын өгүүлэмжийн тайлбар, өнгөний код, орц хийцийн санал, шаардагдах зардлын тооцоог гаргасан байна.
Долоо. Бүтээлийг хүлээн авах
Бүтээлийг 2014 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 2014 оны 10 дугаар сарын 1-ний өдөр хүртэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирүүлнэ.
Найм. Бүтээлийг шалгаруулах журам
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Төрийн шагналын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг уралдаанд ирсэн бүтээлүүдийг 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор шалгаруулна.
Ес. Шагнал урамшуулал
Шалгарсан бүтээл тус бүрийн эзнийг 1,000,000 /нэг сая/ төгрөгийн мөнгөн шагналаар урамшуулна.
Арав. Тайлбар
Уралдаанд ирүүлсэн бүтээлийн эхийг буцаан олгохгүй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!