- Улс орнуудын хичээлийн жилийн онцлогоос-
Хүүхдүүдийн зуны амралт шинэ жилийн өмнө эхэлдэг
Австрали улсын дунд сургуулиуд жил бүрийн нэгдүгээр сарын сүүлчээс арванхоёрдугаар сарын дунд хүртэл үргэлжилдэг.
Дэлхийн өмнөд хагаст оршдог энэ улсад зуны улирал нь арванхоёрдугаар сараас гуравдугаар сард болдог учраас сургуулийн хүүхдүүд шинэ жилийн өмнөхөн үеэс нэгдүгээр сарын сүүлч хүртэл амардаг байна.
Хичээлийн жил дөрвөн улиралд хуваагдан 9-11 долоо хоног үргэлжилдэг аж. Хүүхдүүд зургаан настайгаасаа сургуулийн бэлтгэл ангид элсч 12 жил суралцаад төгсдөг. Нэг ангид дунджаар 18 сурагч байдгаас гадна хичээлийн танхимыг наад зах нь гурван компьютерээр тоноглодог байна.
Бразил хүүхдүүд өглөө 07.00 цагт хичээлдээ очих ёстой
Хөлбөмбөгийн эх орон Бразил мөн л дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагаст оршдог бөгөөд сургуулийн хүүхдүүд өглөө 07.00 цагт сургуульдаа очиж, 12.00 цаг гэхэд тарна. Сурагчид өдрийн хоол болохоос өмнө гэртээ харьдаг байна.
Бразилчууд өдрийн хоолондоо их ач холбогдол өгдөг тул аль болох гэр бүлээрээ цугларахыг хичээдэг. Сургуулиуд сурагчдыг дүрэмт хувцас өмсөхийг шаарддаг. Нэг ангид ойролцоогоор 30 сурагч суралцдаг ч компьютертэй анги бараг байхгүй аж. Гэхдээ нэг, хоёр компьютертэй бүлэг сургуульд нь тун цөөхөн байдаг.
Дүрэмт хувцас заавал өмсөхийг шаардахгүй
Хятад улсын сургуулиуд дэлхийн хойд бөмбөрцгийн улс орнуудынхтай адил есдүгээр сарын эхнээс зургаадугаар сарын дунд үе хүртэл хичээллэдэг.
Хичээл өглөө 07.30-17.00 цаг хүртэл үргэлжлэхдээ хүүхдүүдийг өдөрт хоёр удаа хооллодог аж. Хүүхдүүд дунд сургуульд есөн жил суралцдаг байна.
Сургуулиуд дүрэмт хувцастай байдаг ч өмсөхийг шаарддаггүй гэнэ. Нэг анги 21 орчим сурагчтай бөгөөд хоёр сурагч дундаа нэг компьютер ашигладаг. Сурагчдаас хятад хэл, математикийн хичээлийн шалгалт жил бүр авдаг байна.
Сурагчид бямба гарагт хичээллэдэг
Францын сургуулиуд наймдугаар сарын эхнээс зургаадугаар сар хүртэл хичээллэдэг. Хүүхдүүд 08.00-16.00 цаг хүртэл хичээллэх бөгөөд бямба гарагт 12.00 цаг хүртэл хичээллэдэг. Гэхдээ лхагва, ням гарагт амарна. Улсын сургуулиуд өдрийн хоолны хоёр цагийн завсарлагатай аж.
Сургуулиуд дүрэмт хувцас өмсөхийг шаарддаггүй хэдий ч шашин шүтлэгтэй холбоотой хувцас өмсөхийг хориглодог байна. Хүүхдүүд 6-18 насандаа дунд сургуульд суралцахдаа франц хэл, математик, физик, байгалийн судлал, гадаад хэл, эдийн засаг, иргэний боловсрол, түүхийн хичээл үздэг.
Нэг ангид дунджаар 23 хүүхэд суралцдаг.
Хөвгүүд, охид тусдаа хичээллэнэ
Иран улс Европын орнуудын адил есдүгээр сараас зургаадугаар сар хүртэл хичээллэдэг ч охид, хөвгүүд тусдаа суралцдаг байна. Сургуулийн бас нэг онцлог нь охидод эмэгтэй, хөвгүүдэд эрэгтэй багш хичээл заадаг. Сургуулиудад шашны хичээл заавал ордгоороо өвөрмөц. Хүүхдүүд дунд сургуульд 5-18 насандаа суралцдаг. Иран улсад 2006 оноос эхлэн их дээд сургуулиудад эмэгтэй, эрэгтэй оюутнууд хамтдаа суралцахыг зөвшөөрчээ. Оюутнуудын тэн хагасаас илүү нь эмэгтэйчүүд байдаг нь манай улстай төстэй юм.
Дүрэмт хувцас төдийгүй оймс, гутлаа ижилсүүлнэ
Япон улсын ихэнх сургуулийн хичээлийн жил гурав, гурван сарын хугацаатай үргэлжилдэг. Хичээлийн жил дөрөвдүгээр сард эхлээд зун, өвөл, хаврын амралттайгаар гуравдугаар сард дуусдаг байна. Сурагчид зөвхөн дүрэмт хувцсаар төдийгүй үсний засалт, оймс, гутал, банзалын урт, гоёл чимэглэл гээд олон зүйлээр ижилсдэг ажээ.
Нэг ангид ойролцоогоор 29 сурагч суралцах бөгөөд тав, зургаан компьютерийг дундаа ашигладаг. Ерөнхий эрдмийн хичээлээс гадна амьдралын хэв маяг, өөртөө итгэх, олон нийтийн дунд биеэ авч явах зарчмуудыг багтаасан эрүүл мэнд, аюулгүй байдал зэрэг ёс зүйн хичээл заадаг байна.
Гурван хэлээс нэгийг нь сонгон судална
Нигери улсад хичээлийн шинэ жил 1-12 дугаар сар хүртэл үргэлжлэхдээ дундаа нэг сарын амралттай гурван улирал болгон хичээллэдэг байна. Сурагчид дүрэмт хувцас өмсөхөөс гадна үсний засалт, гоёл чимэглэл, хувцасны чимэг зэргийг ч ижилсүүлэх журмыг дагадаг аж. Нэг ангид 40 орчим хүүхэд суралцах бөгөөд хауса, юруба, ибо гэсэн гурван хэлээс нэгийг нь сонгон судалдаг. Сурагчдад математик, англи хэл, нийгэм судлал, эрүүл ахуй, биеийн тамир, шашны хичээл, хөдөө аж ахуй болон гэрийн эдийн засаг гэсэн хичээл заадаг байна.
“Коммунист ёс суртахууны зан чанар” гэсэн хичээл заадаг
Хойд Солонгосын хүүхдүүд дунд сургуульд 11 жил суралцдаг бөгөөд таван настайдаа нэгдүгээр ангид ордог аж. Засгийн газраас сурагчдын дүрэмт хувцас төдийгүй суралцах танхим, самбараар хүртэл хангадаг байна.
Сурагчид дуу хөгжим, урлаг, математик, солонгос хэл, нийгмийн ухаан зэрэг хичээлээс гадна удирдагч Ким Чен Ир агсны тухай хичээл үздэг. Дэлхийн бусад аль ч улс орны боловсролын системд заадаггүй нэг хичээл бол “Коммунист ёс суртахууны зан чанар” гэсэн хичээл юм.
Түүнчлэн нийгмийн ухааны хичээлээр хүүхдүүд хязгаарлагдмал хүрээлэлд байж, “муу, төлөвлөгдөөгүй” нөлөөнд автахаас сэрэмжлэхийг заадаг байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!