Монгол орон даяар хичээлийн шинэ жилийн нээлт болж газар сайгүй дүрэмт хувцсаар ижилсэн, номтой цүнхээ үүрсэн хүүхэд багачууд, оюутан залуусын цовоо дуу цууриатаж байгаа.
Өнөө жилийн хувьд үндэсний хэмжээнд бага боловсролын шинэчилсэн хөтөлбөрөөр хичээллэж эхэлнэ. Жил бүрийн есдүгээр сарын 1-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Монголын Үндэсний олон нийтийн телевиз, радиогоор теле хичээл заадаг уламжлалтай.
Өнгөрсөн жилүүдэд “Дэлхийн дулаарал ба Монгол”, “Монголын бахархал”, “Монголын сайхан орноор”, “Хүн болох багаасаа” зэрэг сэдвээр хичээл зааж, хүүхэд багачууд, сурагчдад эх орныхоо өв их уламжлал, түүх соёлоо дээдэлсэн, байгаль дэлхийгээ хайрласан зөв сайн хүн болон хүмүүжих тухай өөрийн бодлоо хуваалцаж байсан Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч 2014-2015 оны хичээлийн шинэ жилийн нээлтээр “Иргэний боловсрол-ёс суртахуун” сэдвээр хичээл заах аж.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн заах хичээлийн сэдэв нь бага боловсролын шинэчилсэн хөтөлбөртэй уялдаж бага боловсролын шинэчилсэн хөтөлбөрийн гол цөм болсон хүүхэд бүрийг дэмжсэн, хүүхэд бүрийн оролцоог хангасан, тэдэнд мэддэг зүйлээр нь дамжуулан хэрхэн чадвар суулгаж болгодгийг нотолсон хичээл болно.
Боловсролын шинэчлэлийн эхлэл болж бага ангийн сурагчид шинэчилсэн хөтөлбөрөөр суралцах хичээлийн шинэ жилийн нээлтийг Монгол Улсын Ерөнхийлөгч ямар сюрпризээр эхлүүлэх бол.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!