Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/27-НД НИЙТЛЭГДСЭН

А.Гансүх: Ц.Оюунгэрэл “Манай дүүг ИНЕГ-ын дарга болгоод өгөөч” гэсэн. Би хариуд нь ...

Ч.Болортуяа
2014 оны 8 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Зам, тээврийн сайд А.Гансүх өөрийн нэр төрд халдаж, гүтгэж, доромжилсон хэргээр жиргээч Ц.Батад гомдол гаргаад байгаа билээ. Энэ асуудлыг анхан шатны шүүхээс Ц.Батын буруу гэж үзэн 100 хоногийн хугацаатай баривчлах ял өгсөн. 

Харин энэ асуудалд олон нийтийн сүлжээ ялангуяа твиттер ашигладаг зарим иргэн дургүйцлээ илэрхийлж, "Хүнийг үзэл, бодлоо илэрхийлсэн, сэтгэгдэл хэлсний төлөө ял өглөө" хэмээн эсэргүүцэх хандлага давамгайлсаар ...

Энэ бүгдэд дуугүй байсан А.Гансүх сайд өчигдөр "Монгол HD" телевизийн "Оргил цаг" нэвтрүүлэгт оролцон өөрийн байр сууриа илэрхийллээ. Энэхүү ярилцлагаас уншигч та бүхэнд онцлох 39 эшлэлийг хүргэж байна. 

 

  1. Ц.Бат МИАТ-д ажилладаг олон хүний нэг. Зүгээр л миний мэддэг хүн. 
     
  2. Эрх зүйт төр гэдэг бүх юм хуулийн дор захирагдах хэрэгтэйг хэлнэ.  
     
  3. Хэн ч байсан, сайдын дүү ч бай, УИХ-ын гишүүн ч бай хуулийн дор, хуулийн өмнө тэгш эрхтэй.
     
  4. Би энэ хүнийг /Ц.Бат/ твиттер ашиглалаа гэж гомдол гаргаагүй. 
     
  5. Цагдаа, прокурор, шүүх энэ хэргийг шалгаад буруутайг нь тогтоосон.
     
  6. Би гомдох эрхтэй.
     
  7. Энэ хүн намайг 1.6 жил бичсэн.
     
  8. Гурван сар 5700 удаа зөвхөн нэг хүн рүү чиглэж твиттер дээрээ бичсэн.
     
  9. Цагдаа үүнийг нэг бүрчлэн шалгасан.
     
  10. Шүүхийн шийдвэрийг бид шүүн хэлэлцэх эрхгүй. Шүүхийн шийдвэрт гомдолтой байгаа бол давж заалдах эрх байгаа. 
     
  11. Энэ хүн тодорхой зорилготойгоор нэг хүнд чиглэсэн үйл ажиллагааг маш удаан явууллаа. Үүний үр дүнд хувь хүний хувьд нэр төр, албан тушаалтны хувьд ажил хэргийн нэр хүндэд маш их хэмжээний хор хохирол учруулж эхэлсэн. Улстөрчид, сайд, УИХ-ын гишүүд энэ асуудлаар намайг яагаад чимээгүй байгаад байдаг юм гэсэн. 
     
  12. Би 1.6 жил чимээгүй явсан. 
     
  13. Хэн нэгэн танихгүй хүн А.Гансүхийг алъя гэх бодол төртөл тэр хүн бичсэн байна.
     
  14. Би шүүхийн шийдвэрт ямар нэгэн тайлбар өгөхгүй.
     
  15. 2012 онд би Зам, тээврийн сайд болсон.
     
  16. Сайд болоод удаагүй байтал Ц.Оюунгэрэл “Манай дүүг ИНЕГ-ын дарга болгоод өгөөч” гэсэн. 
     
  17. Би хариуд нь "Чи, бид хоёр энэ асуудлыг ингээд шийдчихдэг зүйл биш ээ. Хоёрдугаарт танай дүү  твиттер хуудсаар дандаа гүтгэсэн, доромжилсон зүйл явуулдаг" гэсэн. Хариуд нь Ц.Оюунгэрэл сайд "Харин тийм ээ. Би дүүгээ загнасан. Удахгүй өөрөөс чинь уучлалт гуйна" гэж хэлсэн. Хэд хоногийн дараа намайг дахиад өрөөндөө ороод ирээч гэсэн. Эгч, дүү хоёр сууж байсан. Эгч нь дүүгээ загнасан. Дүү нь уучлалт гуйсан. Ингээд “ИНЕГ-ын дарга болъё” гэсэн. Би энэ асуудлыг шийдэхгүй гэсэн. Ингээд өөр хүн томилогдсон. Харин тэр хүн намайг дахиад бичиж эхэлсэн. 
     
  18. Тэр хүн дахиад надтай уулзаад уучлалт гуйгаад МИАТ-ын дарга болмоор байна гэсэн. 
     
  19. Надад өмнөх туршлага байсан болохоор энэ уулзалтыг бичиж авсан. Надад 30 минутын бичлэг байна. 
     
  20. Ц.Бат, Г.Жаргалсайхан гэдэг хоёр хүн МИАТ-ын даргын төлөө өрсөлдөөд Г.Жаргалсайхан ялсан. 
     
  21. Ц.Бат хууль бусаар МИАТ-аас 50 орчим сая төгрөг авсан нь Үндэсний Аудитын газраар тогтоогдсон байсан. Дээр нь гэр бүлээрээ МИАТ-аар 4 мянган ам.доллараар нисээд мөнгөө төлөөгүй байсан.
     
  22. Энэ бүхэнд өс санасан юм уу яасан юм нөгөө гүтгэлгээ үргэлжлүүлсэн. 
     
  23. Ингээд би Ц.Оюунгэрэлтэй уулзаад дүү чинь арай хэтэрч байна гэж хэлсэн. Ц.Оюунгэрэл “Надад энэ асуудал хамаагүй” гэсэн. 
     
  24. Би цагдаад хандахдаа давхар өөрийгөө шалгуулсан. 
     
  25. Цагдаа энэ хэргийг найман сар шалгасан. 
     
  26. Би Зам, тээврийн сайдын хувьд гомдол гаргасан. Яагаад гэхээр энэ хүн намайг сайдын хувьд бичсэн учраас. 
     
  27. Ц.Оюунгэрэл гэдэг хүн дүүгийнхээ төлөө санаа зовнисон эгч хүн. Тийм болохоор Ц.Оюунгэрэл сайдын асуудлыг ярихгүй байя.
     
  28. Ц.Батын шүүмжлэлийг би эсэргүүцдэггүй. Тийм учраас 1.6 жил дуугүй явсан. Шүүмжлэл нь хэтрээд доромжлол, гүтгэлэг рүү орчихсон.
     
  29. Аргаа бараад 1.6 жилийн дараа шийддэг газар нь шийдэг гээд л өгсөн. Энэ бол хуулиар хангагдсан миний эрх. 
     
  30. Авлигатай тэмцэх газар манай дүү ажилладаг нь үнэн. Ашиг, сонирхлын хуулиар бид хоёр нэг байгууллагад ажилладаг бол хуулийн зөрчил үүснэ. 
     
  31. “Ичсэн хүн хүн ална” гэдэг зүйл рүү орж байх шиг байна. 
     
  32. Ийм том албан тушаал хашиж байгаа хүн нийгэмд эргэлзээ төрүүлсэн гэмт хэрэгт холбогдвол заавал шалгуулах хэрэгтэй. 
     
  33. Би дэд сайд байхдаа, сайд болоод тус бүр нэг удаа өөрийгөө сайн дураараа АТГ-т шалгуулсан. 
     
  34. Шүүх твиттертэй холбоотой шийдвэр гаргаагүй шүү дээ.
     
  35. Ц.Бат гэдэг хүн твиттерээ ашиглаж байгаа. Твиттерийг хориглосон юм яриагүй.
     
  36. Үзэл, бодлоо илэрхийлсэн гэж хүмүүс үзээд байгаа. Үзэл, бодлоо илэрхийлэхдээ нөгөө хүний эрхийг хүндэтгэж, гүтгэж, доромжлохгүй байх ёстой хууль, эрх зүйн орчинд бид амьдарч байгаа. 
     
  37. Нэг л удаа би Ц.Бат руу хандаж бичсэн. Ингэхдээ “Чамд хардах эрх байгаа. Наад бүх асуудлаа АТГ-д өгөөд шалгуулчих” гэсэн. Тэр шалгуулаагүй. Бүрэн боломж түүнд байсан. 
     
  38. Шүүхийн өмнөх шатанд Ц.Бат над руу хоёр хүн явуулсан. Асуудлаа татчих гээд ...
     
  39. Би ганцхан шаардлага тавьсан. “Чи твиттерт эхэлсэн. Твиттерээрээ энэ асуудлыг дуусга. Твиттерт уучлалаа гуй” гэсэн. Ямар хариу өгсөн гээч. “Би тэгдэг хүн биш ээ. Бүх булайг чинь шүүх дээр дэлгэнэ” гэсэн. Ингээд л шүүх рүү явсан.  

 ЯРИЛЦЛАГЫН ВИДЕОГ ҮЗЭХ:

Нэгдүгээр хэсэг - https://www.youtube.com/watch?v=o9dGpWFjLlM

Хоёрдугаар хэсэг - https://www.youtube.com/watch?v=oPXa-CHAQpM