Манай улсын идэвхтэй харилцаатай зарим оронд суух Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүдийг эгүүлэн татах, шинээр томилох асуудлыг бямба гарагт болсон Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн байна.
Тодруулбал, Монгол Улсаас Бүгд найрамдах Франц улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шүхэрийн Алтангэрэл, Холбооны бүгд найрамдах Герман улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Балдоржийн Даваадорж, Канад улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Түвдэндоржийн Залаа-Уул, Швейцарийн холбооны улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лувсанцэрэнгийн Оргил нарыг тус тус эгүүлэн татахаар боллоо.
Түүнчлэн, Франц улсад Мундагбаатарын Батсайхан, Германд Цолмонгийн Болор, Канадад Раднаабазарын Алтангэрэл, Швейцарьт Ваанчигийн Пүрэвдорж нарыг Монгол Улсаас суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!