Хэд хоногийн өмнө амиа хорлосон алдарт жүжигчин Робин Вилльямсын охин Зельда Вилльямсыг твиттерээр дайрч доромжилсон хэрэг гарсны улмаас цахим танхайчуудад хатуухан бодлого барих болсон талаар Твиттерийн сүлжээг удирддаг компанийн удирдлагууд мэдэгджээ.
Өдгөө 25 настай Зельда Лхагва гаригт Твиттердээ “Твиттерээ төхөөрөмжүүдээсээ устгалаа, маш удаан хугацаанд, магадгүй бүр хэзээ ч сэргээхгүй байх. Цаг хугацаа л харуулна даа. Баяртай” хэмээн жиргэжээ.
Тэрбээр ийнхүү шийдвэр гаргах болсон нь фотошоп ашиглан Робин Вилльямсын биеийг аймшигтай, цочирдом болгон харуулсан янз бүрийн зураг илгээж, түүнийг доромжилсонтой холбоотой гэнэ.
“Бид энэ хэрэгтэй холбоотойгоор дүрэм зөрчсөнийх нь төлөө хэд хэдэн аккуантыг хаасан. Түүнчлэн энэ төрлийн эмгэнэлт нөхцөл байдал дахин үүсгэхгүйн тулд бодлогоо сайжруулах боломжийг хайж, арга хэмжээ авсаар байх болно” хэмээн АВС телевизээр Твиттерийн Аюулгүй байдал хариуцсан дэд захирал Дэл Харви мэдэгдсэн байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!