Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 47 морь унаачид Монголын хагас зэрлэг морьдыг хөлөглөсөн энэхүү уралдаан Гиннесийн номонд “Дэлхийн хамгийн урт морин уралдаан” хэмээн бүртгэгдсэн байна.
Уралдааны зорилго нь Монголын талд 1000 км үргэлжилсэн тойрог замыг 10 өдрийн дотор, хүнд гэмтэл бэртэл авалгүйгээр туулж дуусгах юм.
Нийт оролцогчдын талаас илүү нь замаасаа буцаж, эсвэл гэмтэл авснаар тэмцээнээс гарч, үлдсэн цөөн тооны морьтонгууд л барианы шугаманд хүрч чаддаг байна. Яс хугарах, шөрмөс тасрах зэрэг нь энгийн үзэгдэл бөгөөд оролцогчид сэтгэлээр унаж, зорилгоосоо няцаж бууж өгөх явдал их тохиолдоно. “Тэмцээний оролцогч бүр уралдааны үеэр олон удаа мориноосоо унадаг” хэмээн “Монгол Дэрби” уралдааны ерөнхий зохион байгуулагч Кэйти Уиллингс ярьж байлаа.
Их Монгол улсын хүчирхэгжилтийн үед Чингис хааны 1224 онд бий болгосон морин өртөөний шуудангийн системээс үлгэр авч энэхүү уралдааны бүтцийг зохиожээ. Нэг өртөөгөөс нөгөө өртөө хүртэл 160 км замыг туулах ба дараагийн өртөө хүртэл нутгийн хөтөчтэй хамт явдаг байв. Шуудан хүргэгч морьтон дараагийн өртөөнд очиж морио солиод, өөр хөтөч дагуулан цааш явна.
Шуудангийн чиглэлийн хамгийн урт маршрутаар бол нэг захидал Хархорингоос Их Монгол улсын баруун хязгаар болох Каспийн тэнгис хүртэл 6800 км замаар хоёр долоо хоногийн дотор (дунджаар өдөрт 480 км) хүргэгддэг байв. Монгол орныг хяналтдаа байлгаж байсан Зөвлөлт Холбоот Улсын Чингис хааны өв соёлыг устгах бодлогоор 1949 онд өртөө улааг зогсоох хүртэл Монголчууд энэ системээ ашиглан захидал дамжуулдаг байжээ.
Хүүхэд байхдаа морин өртөөний хөтөч байсан 86 настай Г.Дандар “өртөөнүүдэд тогтмол байрлал байхгүй, харин айл болгон нэг юмуу хоёр жил тутамд нэг сарын хугацаанд энэхүү албыг гүйцэтгэдэг байсан” гэлээ. Г.Дандар гуай 12 –оос 15 нас хүртлээ шууданг тээвэрлэн, дараагийн өртөө рүү хүргэх ажлыг хийдэг байжээ.
Шуудан зөөгч морьтонгуудын тухайд, “Янз бүрийн л хүмүүстэй тааралдана. Зарим нь сайхан зантай, явах замдаа ардын үлгэр, түүх ярьж өгнө. Зарим их зантай, харамч хүмүүс ч бий. Тэгээд хөтөч нар тэрхүү морьтонг ямархуу хүн бэ гэдгийг дараагийн өртөөний ахлагчид хэлж, түүнд номхон морь өгөх үү, догшин морь өгөх үү гэдгээ шийдэхэд нь тусалдаг байсан” гэж ярив.

“Дэрби” –ийн оролцогчид шуурга болохоос урьтаж морьдоо усалж байгаа нь. Оролцогчид 10 өдрийн турш цаг агаарын эрс тэс нөхцөл, халуун нар, салхи шуургыг даван туулдаг.
Уралдааны зохион байгуулалт
2009 оноос эхлэн “Монгол Дэрби” –г зохион байгуулж байгаа Их Британий “The Adventurists” компаний хэлж буйгаар уралдааны зам маршрутад жил бүр 25 хувь орчим өөрчлөлт ордог гэнэ. Ингэх болдог хамгийн гол асуудал бол замд найдвартай усны эх үүсвэр байгаа эсэхийг баталгаажуулах юм.
Уралдаанд оролцох хүсэлтэй хүмүүс бичгээр анкет бөглөхөөс гадна утсаар ярилцлаганд ордог байна. Тэмцээний хураамж 13,122 ам.доллар байдаг бөгөөд үүнд агт морьдын зардал, эм тариа, орчуулагч, оролцогч бүрийн GPS байршил тогтоогч хэрэгсэл, автомашин, уралдааны өмнөх сургалт зэрэг зардал багтдаг аж.
Зохион байгуулагчид тэмцээнд оролцох хүмүүсийг сонгон шалгаруулахаас гадна унах морь бүрийг зөв сонгоход анхаарлаа хандуулдаг. Малчид унах морьдыг эмээл, хазаарын хамт бэлдэж өгдөг ч адгуус л болсон хойно булгих, бусгах эрсдлийг тооцох ёстой.

Уралдааны бус цагаар морьдыг “Монгол Дэрби” –тэй хамтрагч малчид болон мал эмнэлгийн багийнхан хянаж, анхаарал тавьдаг.
Энэ жилийн уралдаанд 1000 гаруй морь шаардлагатай болжээ. Малчин айлуудад уралдах морь болгоны тоогоор төлбөр төлдөг байна. The Adventurists компани малчдад төлдөг мөнгөн дүнгээ тодорхой хэлэхээс татгалзсан хэдий ч тухайн айлын дундаж орлогын голлох хэсгийг эзлэхүйц төлбөр төлдөг гэв.
Тэмцээн эхлэхээс хэдэн өдрийн өмнө урьдчилсан-Дэрби сургалт болох бөгөөд энэ үеэр оролцогчдын чадварыг Барууны болон Монголын морины мэргэжилтнүүд үнэлдэг байна. Мориноосоо унаж, төөрөх аюултай тул оролцогчид заавал нарийвчилсан газрын зураг, GPS болон байршил тогтоогчийг биедээ авч явдаг.
Байршил тогтоогчийн тусламжтай зохион байгуулагчид морь унаачдын байрлалыг хянах ба тэмцээний үзэгчид үйл явцыг онлайнаар харах боломжтой юм. GPS болгон хоорондоо 40 км-ийн зайтай орших 25 морин өртөөний байршлыг тодорхойлдог байна.
“Энэ бол бие махбодын гэхээс илүү сэтгэл санааны шалгуур”
Оролцогчид өртөө болгон дээр зогсож, морио солих ёстой. Уиллингс “Энэ бол морьдын тэсвэр хатуужилыг шалгасан уралдаан биш” гэв. Чингис хааны үеийнхтэй адил өртөө бүр нь нутгийн айл байх бөгөөд оролцогчид тухайн айлдаа хооллож, унтаж амардаг байна.
Монголын өргөн уудам газар нутгийг туулах замд өндөр даваа, гүвээ давах, намаг чийгтэй газар, элсэн манхан, дов толгодоор явах, гол мөрөн гатлах шаардлагатай болно. 40 км тутамд солигдох өөр өөр зан авиртай морьддоо дасах гэж оролдож байх зуураа эдгээр төрөл бүрийн газар нутгийг туулна гээд бодоод үз дээ.
Уиллингс энэ тухай ярихдаа, “Энэ бол бие махбодийн гэхээс илүү сэтгэл санааны шалгуур. Хүн долоо хоногийн турш ямар ч зүйлийг давж гарч болох л юм. Гэхдээ 10 өдрийн туршид эзгүй хээр юу тохиолдохыг хэн ч мэдэхгүй шүү дээ” гэв.

Морин өртөө. Шинэ морьд удахгүй ирэх оролцогчдыг хүлээж байгаа нь. Морьдыг сольж дууссаны дараа оролцогчид хооллож, амардаг байна.
Морьдын аюулгүй байдал
The Adventurists –ийнхан морьдын аюулгүй байдлыг хангах тал дээр их анхаарал хандуулдаг. Тэмцээн эхлэхээс өмнө оролцогчид морь уналгын хувцас хэрэглэлээ өмсөж, эмээл, хазаар, хоосон цүнх, хоосон усны савны хамт жингээ үзүүлдэг ба нийт 85 кг-аас илүүгүй байх ёстой. Харин жингээ үзүүлсэний дараа нэмж 5 кг жинтэй ачаа авч явах зөвшөөрөлтэй байдаг юм байна.
Морин өртөөнд ирмэгц малын эмч морьдын бодисын солилцоо явагдаж буй байдал, усан хангамж, бие организмын тогтвортой байдал, зүрхний цохилт зэрэгт хяналт тавьдаг байна.
“Монгол Дэрби” уралдаанд морин спортын удирдах байгууллага Fédération Equestre Internationale –с тогтоосон зүрхний цохилтын давтамжийн стандартыг ашигладаг. Үүнд, 30 минутын амралт авсаны дараа морины зүрхний цохилт минутанд 64 –с дээшгүй цохилж байх ёстой гэнэ. Хэрвээ энэ хугацаанд зүрхний цохилт минутанд 64 хүртэл доошлохгүй бол тухайн оролцогч хоёр цагийн торгууль авдаг байна.
Зохион байгуулагчид энэхүү дүрмийг чанд баримталдаг. Өнгөрсөн жил барианы шугаманд түрүүлж хүрсэн оролцогчийн морины зүрхний цохилт оноосон хугацаанд 64 болтол буураагүй учир хоёр цагийн торгууль авснаар хоёрдугаар байранд ирсэн оролцогч Лара Приор Палмер ялагч болсон байна.
Ийм дүрэм журам гаргаснаар оролцогчид мориныхоо аюулгүй байдлыг нэгдүгээрт тавих юм. “Уралдаан маань Чингис хааны морин өртөөний санаан дээр тулгуурласан. Гэхдээ бид илүү орчин үеийн бөгөөд “хариуцлагатай” байхыг хүссэн юм” хэмээн Уиллингс ярив.

Оролцогчид морины төрөл зүйлээс нилээд жижигт тооцогддог ч, хамгийн тэсвэр хатуужилтай Монгол морьдыг хөлөглөдөг. Монголын дайчид улс орныг дайлаар мордохдоо Бээжингээс Мосва, Москвагаас Багдад хүртэл ийм хүлэг морьдоо унаж явдаг байв.
Оролцогчид
Уралдааны дараа оролцогчид ямар байдалтай байхыг тааж хэлэхийн аргагүй. Ясаа хугалсан, шөрмөс тасарсан, аарцаг нуруугаа гэмтээсэн, уушиг нь цоорсон, хавиргаа хугалсан гээд янз бүрийн гэмтэл авсан хүмүүс байдаг гэнэ. Мөн нэг оролцогч хүзүүгээ хугалж байсан тохиолдол ч байжээ.
Гэсэн хэдий ч жил ирэх тусам уралдааныг сонирхож, бүртгүүлэх хүмүүсийн тоо нэмэгдсээр байна. Өнгөрсөн жилийн ялагч 19 настай Приор Палмер хэмээх Их Британий оролцогч 7 хоногийн дотор замыг туулсанаар “Монгол Дэрби” –ийн анхны эмэгтэй ялагчаар тодорсон юм. Энэ жилийн уралдаанд Герман, Швейцарь, Австрали, Америк, Их Британи, Исланд, Хятад, Ирланд зэрэг нийт 16 орны морьтонгууд оролцсон байна.
Virginia –ийн Pipersville –ээс оролцсон 32 настай биохимич Роүз Сандлер өнгөрсөн 4 сарын турш уралдаанд бэлджээ.
“Би энэ уралдаанд ялахаар ирсэн, гэхдээ мэдээж энэ хооронд сайхан зүйлсээс сэтгэл ханамж авахаа мартаж болохгүй шүү дээ”
Уралдаанд сонгогдсоноосоо хойш Сандлер “Монгол Дэрби” –ийн өмнөх оролцогчидтой холбогдож, зөвлөгөө авангаа өөрийнхөө төлөвлөгөөг боловсруулж, бэлтгэл сургуулилт хийсэн байна. Тэр “Би энэ уралдаанд ялахаар ирсэн, гэхдээ мэдээж энэ хооронд сайхан зүйлсээс сэтгэл ханамж авахаа мартаж болохгүй шүү дээ” гэж байлаа.
Сандлер нэмэлт ачаандаа хамгийн чухал хэрэгтэй зүйлсээ л авч явсан байна. Тэр үүргэвчиндээ GPS –ний нөөц баттерей, байршил тогтоогч, гэрэл зургийн аппарат, жимс, эрүүл мэндийн хайрцаг, ус цэвэршүүлэгч шингэн, электролит буюу цахилгаан уусмал, аяны хөнжил, куртик, борооны цув, оймс, супер цавуу, 2 төрлийн антибиотик, цахилгаан үдээс, нэмэлт уурагтай амттангаа хийгээд аялалдаа гарсан гэнэ.
Малчдын үгэнд орох хэрэгтэй гэж Сандлер ярьж байлаа. Тэр “Чиний авахаар сонгосон морийг малчид аваад хэрэггүй гэж хэлсэн бол, бас малчид чамд морь санал болговол чи тэднийг сайн сонсох хэрэгтэй. Яагаад гэвэл тэд бүх морьдоо сайн мэднэ.” гэв.

Монгол бол дэлхийн хамгийн эртний морь уналгын соёлтой нутгийн нэг билээ. Нутгийнхан азаргыг ихэд хүндэлдэг бөгөөд дэлийг нь хайчилдаггүй.
Харин 59 настай, Шведийн оролцогч, адууны эмч Пер Мичанек өөр зорилготой байлаа. “Би түрүүлэхийн төлөө хичээх болно. Гэхдээ энэ тийм ч чухал биш. Би ямар ч байсан бариандаа хүрэхийг л хүсч байна” гэв.
Тэр уралдааны бэлтгэлдээ сэтгэл хангалуун байсан бөгөөд тэмцээний туршид өдөрт 100 км туулна хэмээн ярилаа. Пер өнгөрсөн 40 жилийн турш өдөр бүр морь унадаг байсан бөгөөд энэ хуримтлуулсан туршлага нь түүнд тус болно гэдэгт итгэлтэй байлаа.
Түүний авч явсан ачааг сонирхвол: хийлдэг гудас, усны хамгаалалттай хувцас хэрэглэл, аяны асаагуур, олс, олон багажтай аяны хэрэгсэл, оёдлын хайрцаг, эвэршихээс сэргийлэгч лент, Монголын хүүхдүүдэд өгөх бэлэг, видео камер, баттерей, гэнэтийн ослын гэрлэн дохио, нарны энергээр цэнэглэгч шумуул үргээдэг бодис, гаансан тамхи, даралт хэмжигч, нойтон салфетка, сойз, саван, сахлын хутга, гар чийдэн байлаа.
Тэр ачаандаа хоол хүнс нэмж зайгаа бөглөхийг хүссэнгүй. Харин үүнийхээ оронд Ukulele жижиг модон гитар авсан бөгөөд “Монголчуудтай ярьж чадахгүй ч гэсэн, ядаж хамт дуулна шүү” гэв.
Мичанекийн бодлоор эрчүүд ялах маш хэцүү, учир нь эмэгтэйчүүд жин багатай. Тэр ихэнх оролцогчдоос хөгшин хэдий ч насаараа морь унасан учир найдлага байгаа гэж ярьж байлаа. “Гэхдээ мэдээж морьдоос их зүйл шалтаална” гэв.

2013 оны 8 сарын 10. Их Британий оролцогч Лара Приор Палмер “Монгол Дэрби” –ийн сүүлийн үед уралдаж байгаа нь. Тэр замыг 7 өдөрт туулж ялагч болсон юм.
Яагаад морин уралдаан гэж?
Оролцогчид янз бүрийн төвшний туршлагатай ч гэсэн тэднийг нэг л зүйл нэгтгэж байгаа нь Монгол малчдын морь унах, морьтой харьцах чадвараас суралцах хүсэл тэмүүлэл юм.
Уиллингс “Төв Ази бол хамгийн анх зэрлэг морьдыг гаршуулан уналганд ашиглаж эхэлсэн газар. Тиймээс нутгийхан морийг ихэд шүтэж, хүндэлдэг” гэж ярилаа.
“Морь бол Монголын соёл заншилтай салшгүй холбоотой”
Монгол гэрийн бүслүүр, оосор бүчийг гэрийн эзний хайртай морины сүүлээр хийдэг. Мөн малчид, ард түмэн эрхэм хүлгийнхээ гавалын яс, сүүлний үсийг овоондоо өргөдөг заншилтай байжээ.
Тэмцээний ерөнхий зохион байгуулагч Уиллингс хэлэхдээ, “Монголчуудын морийг үзэх үзэл нь Барууныхнаас тэс ондоо. Монголчуудын хувьд морь бол тэжээвэр амьтан биш, бас зугаа гаргагч ч биш. Харин гэр бүлийн нэг хэсэг, эд баялгийнх нь чухал билэг тэмдэг байдаг” гэж ярив.
Тиймээс адуу бол Монголын соёлд гүнзгий шингэсэн байдаг. Наадамд сүүлдэж ирсэн моринд хүртэл зориулсан дуутай байдаг.
Малчид адуунд зориулсан дуутай ба түүнийгээ уралдаан үзэх, гүү саах зэрэгтээ эгшиглүүлдэг. Гүүний айргийг исгэж айраг хэмээх ундаа хийнэ. Монгол Дэрбигийн ялагч нь шагнал хүртэхээс гадна айрагны дээжийг түрүүлж хүртэх эрхтэй болдог юм.

“Монгол Дэрби” – 2011. Өмнөд Африкийн оролцогч Крэг Эгбэрник өртөө рүү морио хөтлөн алхаж байгаа нь.
Морьд
Уиллингсийн хэлж буйгаар Монгол морьд их өвөрмөц байдаг нь хэд хэдэн шалтгаантай гэнэ. Хэмжээгээрээ Пони буюу одой морьтой дүйх хэмжээтэй хэдий ч генийн хувьд жинхэнэ адуунд тооцогддог. Ихэнх морь ойролцоогоор 160 см өндөр байдаг бол Монгол морь дунджаар 140 см байдаг. Хэдий ийм жижиг биетэй ч толгойны бүтэц, ясны хэмжээнээс болоод тэднийг ердийн адуунд тооцдог аж.
Монгол морь маш хол замыг туулах чадалтай байдаг бөгөөд 40 градусын хүйтнээс 30 градусын халуунд хүртэл зохицон аялах чадвартай гайхалтай амьтан юм.
Монгол морьд хэдийгээр бие жижиг ч Чингис хааны дайчдын унаж эдэлж байсан адууны шууд үүлдэр угсаа юм.
“Монгол Дэрби” –ийн оролцогчдын хамгийн их айдаг зүйл бол Монголын талд хэдэн мянгаараа тааралдах тарваганы нүх. Гэсэн хэдий ч Монгол морьд эрт үеэс идээшиж дассан нутгаа дэндүү сайн мэддэг учир асуудал бэрхшээлд орох нь ховор байдаг.
“Ялсан ч бай, ялагдсан ч бай морьтой өнгөрүүлсэн энэ өдрүүд оролцогчдод гайхалтай туршлага болдог. Хэрвээ морь чамайг өөрийг нь унахыг зөвшөөрч байвал, тэр чамайг өөрийн адгуусны хаант улсдаа урьж байгаатай адил” гэж Уиллингс инээд алдан хэллээ.
Бэлтгэсэн: Г.Ариунзул
Эх сурвалж: National Geographic
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!