Өмнөговь аймгийн Ханбогд сум өнгөрсөн долоо хоногт түүхт 90 жилийнхээ ойн баярыг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлсэн.

Энэ үеэр тус сумын төвд “Рио Тинто” компанийн нийгмийн хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн хүрээнд, мөн сумын иргэд, удирдлагуудын захиалга, санаачилгаар баригдсан “Галба” цэцэрлэгт хүрээлэнг нээсэн байна.
Сумын ойн баяр, тус цэцэрлэгт хүрээлэнгийн нээлтэд “Оюу Толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, “Эрдэнэс Оюу” Толгой ХХК-ийн удирдлагууд, “Рио Тинто” компанийн төлөөлөл оролцжээ.

“Рио Тинто” компанийн Зэсийн группийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Роб Аткинсон ёслолыг нээж хэлсэн үгэндээ “Ханбогд сумын айл өрх, гэр бүлүүдэд зориулсан, тав тух хангасан энэхүү цэцэрлэгт хүрээлэнг бий болгоход хамтран зүтгэсэн, дэмжиж ажилласан ханбогдчууд та бүхэндээ баярлалаа. Жил ирэх тусам та бид улам нягт хамтын ажиллагаа бүхий түншлэл, тогтвортой хөгжлийг хамтдаа бий болгоно гэдэгт итгэж байна” гэж хэлсэн байна.
Ханбогд сумын Засаг дарга Т.Буян-Өлзий “Өнөөдөр ханбогдчууд та бид 90 жилийнхээ ойн баярыг угтсан томоохон 90 бүтээлч ажлын нэг болох "Галба" цэцэрлэгт хүрээлэнгээ нээж хүүхэд, багачууд, зон олныхоо чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх боломжийг бүрдүүлж чадлаа” гэжээ.

Цэцэрлэгт хүрээлэнг Ханбогд сумын түүхэн нэршлээр “Галба” хэмээн хүндэтгэн нэрлэжээ. Таван га талбай бүхий тус цэцэрлэгт хүрээлэн нь усан оргилуур, ногоон бүс, 300 машины зогсоол, ариун цэврийн байгууламж, гэрэлтүүлэг бүхий олон нийтийн тав тухыг хангасан цогцолбор газар юм.
Цэцэрлэгт хүрээлэнгийн барилгын ажлыг Монголын үндэсний компани гүйцэтгэжээ. Дашрамд дурдахад, өнгөрсөн жил Рио Тинто компани эрүүл мэнд, боловсрол, бизнесийн хөгжил, байгаль орчин, хөдөө аж ахуйн чиглэлээр дэлхий даяар үйл ажиллагаа явуулж буй улс орнууддаа 2200 хөтөлбөр, төсөл хэрэгжүүлсний нэг нь энэхүү “Галба” цэцэрлэгт хүрээлэн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!