“Монгол-Солонгосын эдийн засгийн форум” Их тэнгэр цогцолборт өнөөдөр эхлэв.
Форумд оролцогч хоёр талын аль алинд нь Монголын баялгийг БНСУ-ын хөрөнгө оруулалт, хүний нөөц, техник технологитой уялдуулж, ашиг шимийг нь хүртэх сонирхол байгаа нь илт байсан.
МОНГОЛ УЛС ӨРГӨН УУДАМ ГАЗАР НУТАГ, БАЙГАЛИЙН БАЯЛГААРАА ДАВУУ ТАЛТАЙ
Хоёр өдөр үргэлжлэх тус форумыг нээж, УИХ-ын гишүүн, “Монгол-Солонгосын эдийн засгийн форум” ТББ-ыг үүсгэн байгуулагч, Удирдах зөвлөлийн дарга Г.Батхүү үг хэлсэн юм.
Тэрбээр “2015 онд Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиох гэж байна. Бид Монгол, Солонгосын эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааны бодлогыг боловсруулж тодорхойлох, бизнес эрхлэгчдийг туршлага солилцуулах, холбох, хөрөнгө оруулалтыг татах зорилгоор энэхүү форумыг үүсгэн байгуулж, 2014 онд УИХ-ын даргын болон Монгол Улсын Гадаад харилцааны сайдын БНСУ-д хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд хоёр томоохон арга хэмжээ зохион байгуулсан.
Энэ үеэр БНСУ-д зорчих визний нөхцлийг хөнгөрүүлэх асуудлаар арга хэмжээ авсны үндсэн дээр виз олголтонд гарч байсан хүндрэл ариллаа. Мөн хоёр орны эдийн засаг, хамтын ажиллагааны хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулахуйц гэрээ хэлцлүүдийг байгуулсан ба Монгол дахь анхны уулзалтаа өнөөдөр энэ танхимд зохион байгуулж байна.
"Хүн ам цөөнтэй, дэд бүтэц нь муу хөгжсөн байна" Ким Таэ Нён
Форумаар дамжуулан хоёр орны бизнес, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, чөлөөт худалааны гэрээ байгуулах нөхцлийг бүрдүүлэх санал санаачлагыг өөрийн улсын төр засгийн холбогдох түвшинд гаргах ажлыг эрчимжүүлэх асуудлаар хоёр тал анхаарч ажиллах нъ зүйтэй гэж үзэж байна.
Түүнчлэн Солонгосын тэргүүний техник технологийг Монгол Улсад нэвтрүүлэх, түүнтэй уялдуулан мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх, БНСУ-д одоо ажиллаж байгаа болон ажиллаж байсан иргэдээ бүртгэлжүүлэх, албан ёсны зохион байгуулалтанд оруулах, мэргэжлийн ур чадвар, хэлний мэдлэгийг сертификатжуулах, тэдний олж авсан ур чадвар, мэдлэгийг улс орны хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад ашиглах зэрэг ажлуудыг хийх нь зүйтэй” гэсэн юм.
Түүний дараа БНСУ-ын Ардчилсан намын гишүүн Ким Таэ Нён хэлэхдээ “Монгол Улс өргөн уудам газар нутаг, байгалийн баялгаараа давуу талтай боловч хүн ам цөөнтэй, дэд бүтэц нь муу хөгжсөн байна. Тиймээс манай хоёр орон сул талаа харилцан нөхөж, давуу талаасаа туршлага солилцох нь зүйтэй.

Хэдийгээр манай хоёр орон оюун санааны хувьд холбогдож чадсан ч хөрөнгө оруулалтын чиглэл дээр тэр бүр холбогдож чадахгүй байна. Монгол Улсыг тойроод ОХУ, БНХАУ, БНСУ, Япон улс гээд томоохон хөрөнгө оруулагч улс бий гэдгийг байнга санаж байх учиртай.
Солонгос хүнээс “Та аль улсад аялмаар байна вэ” гэж асуувал нэрлэх орных нь жагсаалтад Монгол орон заавал багтана. Тиймээс Монгол Улс өөрсдийн нөөц бололцоог ашиглаад аялал жуулчлалын бизнесийг маш сайн хөгжүүлэх хэрэгтэй юм.
Энэ салбарыг хөгжүүлэх нь танай улсын эдийн засгийг дэмжих нэг хөшүүрэг болох болов уу. Түүнчлэн төмөр зам, зам гүүр, харилцааны холбооны салбарт улс төрөөс хэрхэн оролцож, хамтран ажиллавал сайн үр дүн авчирах вэ гэдгийг бодолцох хэрэгтэй” хэмээн онцолсон юм.
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” БИДЭНД ТЭЭВЭРЛЭЛТИЙН ТӨЛБӨРӨӨ ХИЙХГҮЙ БАЙХ ВИЙ ГЭЖ АЙЖ БАЙНА”
Энэ удаагийн “Монгол-Солонгосын эдийн засгийн форум”-д БНСУ-ын томоохон компаниудын төлөөлөгчид оролцсон нь манай улсад хөрөнгө оруулах сонирхол бий гэдэг нь харагдсан.
Гэхдээ форумд оролцсон төлөөлөгч компанийн нэг болох БНСУ-ын “Дэлим” корпорацийн гүйцэтгэх захирал Сан Ки Лийгийн хэлсэн хошигнол манайд төдийлөн итгэлгүй байгааг илэрхийлэх шиг болсон.
Тэрбээр хэлэхдээ “Бид “Эрдэнэс Тавантолгой” компанитай тээвэрлэлтийн чиглэл дээр хамтран ажиллахаар болсон. Эрдэнэс Тавантолгойгоос Цагаан хад хүртэлх тээвэрлэлтийг бид хариуцах болно. Жилд нэг сая тонн тээвэрлэлт хийж, ингэхдээ хамгийн сүүлийн үеийн хос чиргүүлтэй даацын машинуудыг ашиглах юм.
“Корей Газ” корпораци нь 17 оронд 31 төсөл амжилттай хэрэгжүүлж байгаа.
Харин “Эрдэнэс Тавантолгой” бидэнд тээвэрлэлтийн төлбөрөө хийхгүй байх вий гэдгээс айж байна” гэсэн юм.
“Дэлим” корпорацийн хувьд тээвэрлэлтийн чиглэлээр улсдаа эхний тавд, тусгай тээвэрлэлтийн чиглэлээр Азидаа гуравт ордог бөгөөд далайн тээвэрлэлтээр мөн улсдаа зургаад бичигддэг компани.
Харин манай улсын “Эрдэнэс Тавантолгой” компанитай тээвэрлэлт, үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр хамтран ажиллахаар болсон бөгөөд форумын үеэр хамтран ажиллах гэрээг үзэглэсэн юм.
Мөн “Эрдэнэс Тавантолгой” БНСУ-ын “Корей Газ” корпорацтай хамтран ажиллаж эхэлсэн тухай форумын үеэр тус корпорацийн захирал Ян Юнг Мюнг илтгэлдээ дурдлаа.
БНСУ-ын “Корей Газ” корпораци нь 17 оронд 31 төсөл амжилттай хэрэгжүүлж байгаа компани бөгөөд хийн 4100 км дамжуулах хоолой эзэмшдэг байна. Өнөөдрийн байдлаар 13 сая өрхийг хийгээр хангаж ажилладаг ажээ.
УХААЛАГ УТАС, ЦАХИЛГААН МАШИНД ИХЭЭХЭН АШИГЛАГДДАГ ХОВОР МЕТАЛ МАНАЙ УЛСАД БИЙ
Харин манай талаас Монгол улсын Засгийн газрын гишүүн, ЭЗХ-ийн дэд сайд О.Чулуунбат, Хувийн хэвшлийг дэмжих үндэсний зөвлөлийн гүйцэтгэх захирал Ч.Хашчулуун, “Монголын бизнесийн зөвлөл”-ийн дарга Б.Бямбасайхан зэрэг хүмүүс илтгэл тавьж, Монголд хөрөнгө оруулалтын ямар таатай нөхцөл байгаа, БНСУ-ын хөрөнгө оруулагч компаниудын сонирхлыг татах ямар салбар байгааг товч танилцуулсан юм.

Тухайлбал, Хувийн хэвшлийг дэмжих үндэсний зөвлөлийн гүйцэтгэх захирал Ч.Хашчулуун илтгэлдээ нүүрс, зэс, ховор металын тухай дурдсан байсан. Тэр дундаа техник технологи өндөр хөгжсөн орнуудад ихээр ашиглагддаг ховор мателыг онцолсон юм. Учир нь манай улс ховор металын нөөцөөр арвин баялаг бөгөөд өнөөдрийн байдлаар нийт металын 3/1-ийг илрүүлсэн гэж дурдлаа.
Ховор метал нь ухаалаг гар утас, цахилгаан машин үйлдвэрлэхэд хэрэглэгддэг гол түхий эд гэдгийг ч тэрбээр онцлон дурдав.
Харин “Монголын бизнесийн зөвлөл”-ийн дарга Б.Бямбасайхан хэлэхдээ “500 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн тохиолдолд Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, гааль, НӨАТ-аас чөлөөлөгдөх боломжтой. Манай улсын тухайд дэд бүтэц, эрчим хүч, тээврийн салбарт хөрөнгө оруулалтын гэрээ хийх боломж бий” зэргийг дурдсан юм.
“Монгол-Солонгосын эдийн засгийн форум” маргааш “Эрдэнэс Тавантолгой”-той танилцах аяллаар үргэлжилнэ.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.БЯМБА-ОЧИР/MPA.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!