Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийн захирамжаар 1950, 1960 онд барьсан орон сууцны барилга байгууламжийн чанар аюулгүй байдлыг шалгах, эрсдлийг тооцох үзлэг шалгалт эхэлсэн байна.
Шалгалтыг,
Нийслэлийн Онцгой байдлын газар орон сууцны барилга байгууламжийн нэгдүгээр давхар болон барилгын зоорийн давхарт өргөтгөл хийж үйл ажиллагаа явуулж буй байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн барилгын ажлын зургийг мэргэжлийн байгууллагуудаар хянуулж, зөвшилцсөн байдал, объектын цахилгаан шугам сүлжээний монтаж, цахилгаан тоног төхөөрөмжийн төлөвлөлт нь стандартын шаардлагын дагуу хийсэн байдал, орон сууцны барилгын гал тэсвэршилтийн зэрэглэл норм дүрмийн шаардлагад нийцэж байгаа эсэх зэргийг шалгах байгаа юм байна.
"СӨХ, Орон сууц нийтийн аж ахуйн конторууд шалгалт зохион байгуулж байгаа ажлын хэсгийнхэнд туслаж, мэдээ мэдээллээр хангах шаардлагатай байна"
Харин нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар нь орон сууцны барилга байгууламжийг паспортжуулах, тэдгээрийн чанар, насжилтыг тодорхойлох, газар хөдлөлтөд тэсвэрлэх чадварт хянан баталгаажуулалт хийх, эрсдэлтэй объектуудын зориулалтыг өөрчлөх, хүчитгэх эсхүл буулгах дүгнэлт гаргах зэрэг ажлыг зохион байгуулах ажээ.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар нь олон жилийн өмнө баригдаж, ашиглагдаж байгаа барилга байгууламж, тэдгээрийн хийц бүтээц, инженерийн шугам сүлжээний ашиглалтын хэвийн байдлыг шалгаж дүгнэлт гаргах юм байна.
Эрх бүхий албан тушаалтан энэхүү шалгалтыг хийж байгаа учраас СӨХ, Орон сууц нийтийн аж ахуйн конторууд шалгалт зохион байгуулж байгаа ажлын хэсгийнхэнд туслаж, мэдээ мэдээллээр хангах шаардлагатай бөгөөд иргэдийг ч энэхүү ажилд идэвхтэй оролцохыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас уриалж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!