ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/04-НД НИЙТЛЭГДСЭН

АМРАЛТЫН ӨДРИЙН АНХААРАЛ ТАТСАН МЭДЭГДЭЛ

Ч.Болортуяа
2014 оны 8 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Railbus-р зорчих үеэрээ, 2014.8.02

10 гаруй жил завсарласан БНХАУ-ын даргын айлчлал энэ сард тохиохоор болж байна.  Мөн зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар есдүгээр сард ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин манай улсад Халх голын ялалтын 75 жилийн ойн баярыг тэмдэглэхээр хүрэлцэн ирэх мэдээлэл гараад байгаа билээ. 

Хоёр хөршийн удирдагч нар хүрэлцэн ирэх чимээ гарсан энэ үед Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн  65 жилийн ой тохиож байна.

Энэ торгон агшинд Ерөнхийлөгч төмөр замын хөгжилд хэрхэн ач холбогдол өгч буй байр сууриа илэрхийлсэн нь өнгөрсөн амралтын өдрийн анхаарал татсан мэдэгдэл байлаа. 

65 жилийн ойгоо тэмдэглэж буй төмөр замчдын баяр бямба гаригт Хонхор өртөөнөө болж Ерөнхийлөгч Улаанбаатараас төмөр замын шинэ тээврийн хэрэгсэл болох Railbus - ээр зорчин тус баярт хүрэлцэн очсон юм. 

Railbus - ээр зорчих үеэрээ ноён Ц.Элбэгдорж төмөр замын хөгжлийн бодлогын талаар "Эдийн засгийг эрчимтэй хөгжүүлэхийн тулд төмөр замыг эрчимтэй хөгжүүлэх хэрэгтэй байна.  Монгол улс Европ, Азийн дунд оршиж байгаа мөртлөө ганцхан төмөр замын шугамтай сууж байна гэдэг ерөөсөө манай улсын эрх ашигт нийцэхгүй байгаа юм. Энэ асуудлыг хоёр хөрштэйгөө ярилцаад шийдэх хэрэгтэй. Энэ бол улстөрийн дээд түвшинд шийдвэр гарч байж явах ёстой ажил. Тийм учраас хоёр хөршийн төрийн тэргүүн Засгийн газрын тэргүүн нарын хүрээнд ярилцаж шийдвэрлэх санаачлагыг Монгол  улсын зүгээс дэвшүүлээд байна. Энэ хүрээнд гурван талын дээд хэмжээний уулзалтыг хамтарч хийх боломжийн тухай ч бид санаачлага гаргасан. Энд яригдах хамгийн чухал асуудал нь дамжин өнгөрөх тээврийн тухай юм. Дамжин өнгөрөх тээврийн талаар бид 10 гаруй жил ярьж байна. Намайг Ерөнхий сайд байхад ярьж л байсан.

Ц.Элбэгдорж "ОХУ, Монгол улс, БНХАУ-ын хувьд эдийн засгийн хамтын ажиллагааны чухал талбар бол төмөр зам юм"

ОХУ, Монгол улс, БНХАУ-ын хувьд эдийн засгийн хамтын ажиллагааны том чухал талбар бол төмөр зам. Үүнд бид хамтарч ажиллах ёстой. Монгол улс  төмөр замд ач холбогдол өгч байгааг харуулж байгаагийн нэг хэлбэр бол өнөөдрийн үйл явдал юм. Төмөр замаас бид их зүйл хүлээж байна" гэв.  

Төмөр замчид 2013 онд 21 сая тонн ачаа тээвэрлэж түүхэн амжилт тогтоосон байна. Харин Тавантолгойн нүүрсний уурхайгаас машинаар нэг жилд 30 сая тонн нүүрс зөөсөн баримт бий. Тэгэхээр төмөр замын хүчин чадлыг нэмэгдүүлвэл бидэнд том боломж байгааг харуулж байна. 

Зам, тээврийн сайд А.Гансүх "2013 оны арваннэгдүгээр сард Төмөр замын шинэчлэлийн хөтөлбөрийг баталсан. Эхний үе шат 2015 онд дуусна. Ирэх жил гэхэд бид хүчин чадлаа 34 сая тонн болгож нэмэгдүүлнэ. Одоо  21 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай. Шинэчлэлийн хоёр дахь үе шатыг Оросын талтай ярилцаж байгаа. Үүний хүрээнд Улаанбаатар төмөр замыг цахилгаанжуулах, одоо байгаа нэг замаа хос болгох томоохон хэмжээний бүтээн байгуулалтын ажлыг шийднэ. Ойрын үед Оросын төмөр зам компани Улаанбаатар төмөр замын хооронд Стратегийн түншлэлийн гэрээ байгуулна.  Энэ гэрээгээр шинэчлэлийн хоёр дахь шатыг ярих болно" гэлээ. 

Энэ бүгдээс харахад удтал хүлээгдэж буй төмөр замын дараа үеийн хөгжлийн чиг хандлага тодорхойлогдох хугацаа ойртож ирээд байна. 

Төмөр замын салбарын хөгжлийг дахин шат ахиулахыг хүсэн мөн энэ салбарын хамт олны өнгөрсөн 65 жилийн хөдөлмөр, зүтгэлийг үнэлж  Ерөнхийлөгч Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийг Сүхбаатарын одонгоор шагналаа. Байгууллагыг Төрийн одон медалиар шагнана гэдэг нь тухайн хамт олныг нийтээр нь шагнаж, зүтгэлийг  нь үнэлж буй хэлбэр юм. 

УИХ-ын хаврын чуулганаар төмөр замын бодлогын тухай асуудлыг хэлэлцсэн ч хойшлуулаад байна.  Эх сурвалжуудын мэдээлж буйгаар хоёр хөрштэйгөө энэ асуудлаар нэгдсэн шийдэлд хүрсэн хойноо УИХ бодлогын баримт бичгийг хэлэлцэх бололтой. 

Төмөр замын царигийн асуудал болоод дэд бүтэц, дамжин өнгөрөх тээврийн тухай мэдээлэл иргэдэд үнэндээ уйтгартай сэдэв болоод байна. Энэ талаар манай улстөрчид болоод хэвлэл мэдээллийнхэн сүүлийн зургаан жил идэвхтэй бичсээр л байгаа билээ. Энэ салбар дахь эрс шинэчлэл, бодлого манай улсын эдийн засаг, хөрөнгө оруулалт,  уул уурхай гээд олон салбар дахь эерэг дүнгүүд хүлээгдсээр байна. 



Манай төмөр замын тухай зарим тоон мэдээлэл (эх сурвалж МТЗ ТӨХК болон бусад):

  1. 1938 онд Улаанбаатар - Налайхын хооронд нарийн төмөр зам тавигдаж, түүн дээгүүр уурын галт тэрэг давхиж эхэлжээ. Улаанбаатар - Налайхын төмөр замын гол үүрэг нь нийслэлийн үйлдвэр аж ахуйн газрууд, байгууллага, хүн амыг нүүрсээр хангах явдал байсан юм. Улаанбаатар - Налайхын төмөр замын урт 43 км, нарийн царигийн (өргөн нь - 750 мм) төмөр зам байжээ.
     
  2. Эх оронд аюул нүүрлэсэн жилүүд болох өнгөрсөн зууны 30-аад оны сүүлчээр, тухайлбал 1938 - 39 онуудад манай улсын дорнод хязгаарт цэргийн зориулалттай төмөр зам баригдав. Энэ нь одоогийн Эрээнцав - Баянтүмэнгийн төмөр зам юм. Энэ төмөр зам Халх голын байлдааны үйл ажиллагаанд стратегийн чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Эрээнцав - Баянтүмэнгийн салбар замын одоогийн урт нь 268 гаруй км болно.
     
  3. 1946 онд БНМАУ болон ЗСБНХУ -ын хооронд байгуулсан хамтын ажиллагааны тухай гэрээний дагуу ЗХУ-ын Наушки өртөөнөөс БНМАУ-ын нийслэл Улаанбаатар хот хүртэл тавигдах төмөр замын барилгын ажил 1947 онд эхлэв.
     
  4. Төмөр замын барилгын ажил 1947 онд эхлээд хоёр жилийн хугацаанд Наушки - Улаанбаатарын 400 км урт шугамыг барьж дуусгажээ.
     
  5. Өдгөө "Төмөр замын вант улс" хэмээх цол аваад байгаа энэ байгууллага 15 мянган ажилтантай. 
     
  6. 2013 онд төмөр замчид 21 сая тонн ачаа тээвэрлэж, түүхэн амжилт гаргажээ.
     
  7. Улаанбаатар төмөр зам нь Монгол улсын нийт ачаа тээврийн 90 орчим хувийг тээвэрлэдэг. 
     
  8. 2014 онд явж эхэлсэн Railbus 3.9 сая ам.долларын өртөгтэй. 
     
  9. Railbus-ийн шинэ замд  3.5 тэрбум төгрөг зарцуулсан.  Шинэ зогсоолуудад зориулж 300 гаруй сая төгрөг зарцуулжээ. 
     
  10. Төлөвлөгөө ёсоор Богд уулыг тойрсон төмөр замын бүтээн байгуулалт эхэлчихсэн байх ёстой. Гэтэл ТЭЗҮ нь өнөөдөр болтол дуусаагүй байна. 
     
  11. Ухаа худаг-Гашуунсухайт чиглэлийн 225 км төмөр замын барилгын  ажилд 1700 орчим хүн, 700 гаруй техник ажиллаж, газар шорооны ажлыг энэ онд багтаан дуусгахаар ажиллаж байгаа юм.  Тус төмөр замын барилгын газар шорооны ажил 74.70 хувьтай үргэлжилж байна.
     
  12. Зүүн чиглэлд буюу Тавантолгой-Чойбалсан-Эрээнцав-Хөөт-Бичигт чиглэлд төмөр зам барьж байгуулах техникийн зураг төсөл боловсруулалт, судалгааны ажлын явц 99 хувийн гүйцэтгэлтэй байна.
     
  13. 2014 онд Сайншанд өртөө, Алтганы гол зөрлөг хоорондын 50 км төмөр зам засч байна. Мөн Замын -Үүд өртөөг өргөтгөж байна. 
     


 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
4 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
asdf [103.26.193.23] 2014/8/4
Хоосон ярихаас өөр ид шид байна уу? АН-д итгээд сонгосон, гэтэл үр дүн тааруу байна
0 | 0 Хариулах
Зочин [202.131.233.187] 2014/8/4
tomor zamaa bariad ehleechee hurdan naad oros hyatad 2toigoo uulzaad shiideechee, medeej ene 2 ursgaltai zamiig dor hayaj 50 jil yarisan ni tdhoi
0 | 0 Хариулах
zochin [202.131.247.23] 2014/8/4
Ерөнхийлөгчийг цаад цонхоор нь харуулахгүй, тэгсэн бол ард түмнийх нь амьдрал ямар байгааг харахгүй юу
0 | 0 Хариулах
Зочин [180.149.78.26] 2014/8/4
эерэг vр дvн хvлээж байна гэчжээ.. 20 жил алт 10 жил нvvрс ухлаа. монголчууд баяжлаа юу? хэдэн хулгайч л баяжсан!
5 | 0 Хариулах