Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/01-НД НИЙТЛЭГДСЭН

Үндэсний төв номын сангийнхан нандин үзмэрээ дэлгэлээ

Б.Гандолгор, Өдрийн шуудан
2014 оны 8 сарын 1
Өдрийн шуудан
Зураг зураг

Бурхан багшийн “Номын хүрд эргүүлсэн буюу анх сургаалаа айлдсан” их дүйчин өдөр өчигдөр тохиолоо.

Жил бүрийн зуны адаг сарын шинийн дөрөвний энэ өдрийг ном сургааль айлдан тэмдэглэдэг уламжлалтай. Энэ удаа Бурхан шашинтны төв Гандантэгчинлин хийдийн лам нар “Сандуйн жүд” судрын талаар олон нийтэд тайлбар өгч, маани хөгжөөлөө. Мөн Тусгаар тогтнолын талбайд Манзушир хутагт энэхүү судрын тухай айлдаж, тэргүүн хамба Д.Чойжамц дүйчин өдрийн тухай илтгэл тавьсан юм.

Харин Үндэсний төв номын санд хосгүй үнэт ном судруудыг дэлгэж олон түмэнд үзүүллээ. Биднийг очиход Төв номын сангийн хоёрдугаар давхрын танхимд дэлгэсэн ховор номын үзмэрийг олон хүн сонирхохоор ирсэн байв. Үндэсний төв номын сангийн Фонд хадгалалтын хэлтсийн дарга Г.Тунгалаг “Хүрээ хийдүүдэд бүтээсэн байдлаар нь “Ганжуур”-уудыг төрөлжүүлж үздэг.

Манай энэ үзмэрт Богдыг таалал төгссөний дараа 1924 онд энд авчирсан үнэт бүтээлүүд дэлгэгдсэн байгаа” хэмээн тодотгосон. Үзмэрийг сонирхохоор очсон хүмүүст нандин бүтээлүүдийнхээ талаар сан хөмрөгч Х.Түмэнбаяр тайлбарлаж өгсөн юм.

Алт, мөнгө есөн эрдэнэ, долоон эрдэнэ гээд найман төрлөөр бичиж үлдээсэн “Ганжуур” судрууд, ӨМӨЗО-ы Алшаагийн нутгаас олж ирсэн XVI зууны үеийн 71 метрийн урттай хуйлмал хэлбэртэй эрдэнийн бичгийг хүмүүс ихэд сонирхож байсан. Ази, Номхон далайд хамгийн урт номын тоонд ордог тухай Төв номын сангийн ажилтан хэлж байлаа. XVII зууны үеийн мАлтан товч” зохиолыг дэлгэсэн байна. “Монголын нууц товчоо”-ны нэлээд хэсгийг энэ зохиолд багтаасан байдаг.

Лувсанданзан 1650-иад оны үед “Алтан товч” зохиолоо бичихдээ “Монголын нууц товчоо” -ны монгол бичгээр бичсэн хувилбарыг ашигласан нь нотлогддог гэдгийг судлаачид хэлдэг аж.

Монголын төдийгүй дэлхийн түүхийг багтаасан ном учраас дэлхийд хосгүй үнэт өвд тооцогддог байна. 226 боть “Монгол шунхан данжуур”-ыг Наяд вангаас үүрдийн гэрээ хийж авчирч байсныг тайлбарлагч нь сонирхуулсан. Алтан үсгээр бүтээсэн “Жадамба” судрыг мөн залсан байв. Энэхүү номыг хэзээ бүтээсэн нь тогтоогдоогүй байдаг аж.

ХОСГҮЙ ҮНЭТ ӨВ МОНГОЛЧУУДЫН МЯНГАН ЖИЛИЙН ТҮҮХИЙГ БАГТААСАН УРГИЙН БИЧИГ

Мөн Манзширийн хийдэд бүтээсэн 111 хуудастай “Сандуйн жүд” хүмүүсийн анхаарлыг татаж байв. Бурхан багш 84 мянган ном айлдсаны хамгийн эрхэм нь “Сандуйн жүд” бөгөөд нууц тарнийн шидийг шингээсэн муу бүхнээс хамгаалдаг бүтээл билээ. Монголчууд “Сандуйн жүд” залсан айлын салхин доогуур нь гарахад ариусдаг хэмээн ярьдаг нь нууц тарнийн шидтэй холбоотой аж.

Түүнчлэн нар cap одыг шинждэг судар, зурхайн бичиг, Хубилай хааны Японд илгээсэн захидлын анхны хувилбар гээд олон сонирхолтой түүхийн бүтээлүүдийг дэлгэсэн юм.

Хубилай хааны захидлын эх хувь Японы Тожима сүмд хадгалагдаж байдаг байна. Европын анагаах ухааныг XVIII зууны үед латин хэлнээс орчуулсныг дэлгэн харууллаа. Уг анагаах ухааны ном нь Судар бичгийн хүрээлэнгийн анхны дарга байсан судлаач эрдэмтэн О.Жамъяан гуайн хуулбарласан гар бичмэлээр хадгалагдаж байна.

Манжийн хаанаас олгож байсан Түшээтханы өргөмжлөл, яруу найрагч Ц.Бавуудоржийн “Монголын их амар амгалан” шүлгийн мөнгөөр урласан бичээс зэрэг сонин содон бүтээл хүмүүсийн нүдийг баясгаж байлаа. Монголын үнэт хамгийн нандин бүтээлүүдийн нэгэн чимэг нь хоёр метр 40 см-ийн өндөртэй Бөртэ чоноос эхлэн багтаасан ургийн бичиг байв. Энэхүү ургийн бичигт монголчуудын мянган жилийн түүх хадгалагдаж байгаа аж.

1914 оны Богд хааны зарлиг, есөн эрдэнийн ганжуур сэлтийг гадаадын иргэд ихээхэн сонирхож харагдсан. Есөн эрдэнийн ганжуурыг бүтээхэд 270 орчим хүн оролцсон байдаг байна.

САНСРЫН НИСЭГЧДИЙН СУДАЛГААНЫ СЭДЭВ БОЛСОН ОДДЫН ЗУРАГЛАЛ ОЛНЫ НҮДИЙГ БАЯСГАВ

Танхимын голд байрлуулсан од гаригийн тухай том дугариг дэлгэмэл бүтээл олны анхаарлыг эрхгүй татаж байв. Гандантэгчинлин хийдийн зурхайн дацангийн үе үеийн зурхайчдын шинэчлэн гаргадаг од гаригийн зураглал тун нарийн мэдээллийг шингээсэн байдгаараа онцлог ажээ.

Гандантэгчинлин хийдийн зурхайн дацангийн үе үеийн зурхайчдын шинэчлэн гаргадаг од гаригийн зураглал тун нарийн мэдээллийг шингээсэн байдгаараа онцлог 

Энэхүү зурхайн зураглалыг 1700 гаруй оны үеэс бүтээж ирсэн байдаг бөгөөд 1378 одны байрлалыг тогтоож, монголоор нэрлэн бичсэн байдаг байна. Уншихдаа дэлхийн бөмбөрцөг шиг эргүүлж уншдаг энэ бүтээл дорнын орнуудад байдаг бөгөөд од гариг эрхсийн нэрийг монголоор бичсэн гэдгээрээ алдартай аж.

Од эрхсийг тогтоосон тус бүтээл 1981 оны Монгол Зөвлөлтийн сансрын нисэгчдийн судалгааны гол сэдэв байжээ. Сансраас судлаад уг зураглалтай тохирч байгаа эсэхийг тогтоосон байна. Зурхайчдын гаргасан од гаригийн дэлгэмэл зураглал сансрын судлаачдынхаас зөрөөгүй тул сансарт нисэхдээ авч явсан хувилбар дээрээ Жанибеков, Ж.Гүррагчаа нар зураглалыг зөв гаргасан болохыг баталгаажуулан гарын үсгээ зурж үлдээсэн хувилбарыг мөн дэлгэн харуулсан юм.

ХАМГИЙН ЖИЖИГ СУДРЫГ АЗИ НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН ӨВД БҮРТГЭГДЖЭЭ

Хүмүүсийн сонирхлыг татсан бас нэгэн үзмэр бол хамгийн жижиг судар байлаа. Автобусны тасалбарын хэмжээтэй цаасан дээр бичсэн Ногоон дарь эх, Цагаан дарь эхийг өнгөрсөн зургадугаар сард Ази Номхон Далайн бүс нутгийн өвд бүртгэгджээ. Зөвхөн Монголд хадгалагдаж буй Нүхт ганжуураас хүмүүс адис авч байлаа. Өндөр гэгээн Занабазарт тавдугаар далай ламаас бэлэглэсэн энэ ариун судрыг гадагш нь гаргаж болдоггүй хэмээн тодотгосон.

Хатуу ширүүн зан үйлийг номхруулах увдистай энэхүү бүтээлийн зуу гаруй ботийн нэг нь гэхэд чамгүй зузаан харагдаж байлаа. Төвдийн Нартан хийдэд бүтээсэн 1300-гаад оны үед хамаарах Нартан ганжуур мөн л ховор үзмэрийн нэг аж. Богд хааны зарлигаар бүтээсэн Хүрээ ганжуурын утгатай бусад ганжуурыг тулгаж судалдгаараа онцлог гэнэ.

Ганжуур судлалын гол бүтээлүүдийн нэг Хүрээ ганжуур нь дэлхийн эрдэмтэн судлаачдын анхаарлыг ихээхэн татдаг байна. Үзмэрийн танхимийн хананд залсан Эзэн Чингис хааны ургийн бичгийг гадны жуулчид ихэд олзуурхан үзэж харагдсан. Нарны цацраг хэлбэртэй монгол бичгээр бичсэн алтан ургийн бичгийг кириллээр бичиж ямар нэг номонд гаргасан эсэхийг хүмүүс сураглаж байлаа.

Зураг