Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/01-НД НИЙТЛЭГДСЭН

Apple Samsung-ийг ялах нь тодорхой боллоо

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 8 сарын 1
IKON.MN
Зураг зураг

Энэ үгийг хэлсэн маань аль нэг компанийх нь фэн гэдэг утгаараа биш. Харин сүүлийн үеийн зах зээлийн бодит тоо баримт дээр тулгуурлан гарсан дүгнэлт юм.

Сүүлийн зургаан жил орчим үргэлжилсэн смартфоний цусгүй тулаанд гол талууд нь Apple ба Samsung компаниуд. Урьд нь ихэнх хүмүүс Apple-ийг алдаж байна хэмээн буруутгаж байлаа. Гэтэл урт хугацаанд Apple-ийн стратеги зөв болох нь батлагдаж эхэллээ.

 

Samsung компани өчигдөр санхүүгийн тайлангаа зарлав.

Тэдний орлого гурав дахь улиралдаа дараалан бууралттай гарчээ. Ашиг нь өмнөх оны мөн үеэс 25 хувь унасан байна. Үүний гол буруутан нь өмнөх жилээс ашиг нь 30 хувь буурсан гар утасны бизнес нь.

Гэтэл Apple компани мөн ижил хугацаанд орлогоо 12 хувь өсгөжээ. Үүн дотор хэдийгээр шинэ загвар гаргаагүй ч iPhone-ий борлуулалт 9 хувь өссөн байна.

 

Зах зээлийн эзлэмжийн хувьд байдал мөн ялгаагүй. Samsung-ийн ухаалаг утасны зах зээлийн эзлэмж өнгөрсөн улиралд 25.2 хувь байгаа бол өнгөрсөн оны мөн улиралд 32.5 хувь байжээ.

Apple-ийн эзлэмж мөн адил буурсан ч харьцангуй бага хэмжээгээр буюу 13.4 хувиас 11.9 хувь юм. Ройтерийн мэдээлснээр “Samsung хоёрдугаар улиралд борлуулалтын хэмжээ нь абсолют хэмжээгээр буурсан цорын ганц том үйлдвэрлэгч” болжээ.

 

Тэгвэл Samsung  яг ямар асуудалтай тулгарав?

Тэд хоёр фронт дээр зэрэг тулалдаж хоёуланд нь ялагдаж байгаа юм байна.

Үнэтэй (high-end) утасны зах зээлд тэд Apple-тай өрсөлдөж байгаа. Apple сайн брэнд, чанартай бараа, шилдэг iOS системийнхээ ачаар хүчирхэг хэвээр байна. Энэ фронтод Samsung төдийлөн ялгарч чадахгүй байгаа.

Харин хямд (low-end) зах зээлийн тулаанд тэдний эсрэг Хятадын Xiaomi тэргүүтэй маш олон Андройд утасны үйлдвэрлэгчид зогсож байгаа юм. Энэ орон зайд хэрэглэгчид яагаад тун ойролцоо үзүүлэлт, чанартай мөртлөө Samsung утсанд илүү мөнгө төлөх ёстойгоо ойлгохгүй байна.

 

Тэгвэл Apple компанийг хүмүүс утсаа хямдруулах хэрэгтэй гэж байнга шүүмжилдэг ч тэд премиум байр сууриа хатуу сахисаар байгаа. Энэ нь тэдэнд илүү эрүүл, ашигтай, тогтвортой бизнес болж чадаж байгаа юм.

Хүмүүс ч Apple-ийг зөвхөн премиум гар утас үйлдвэрлэгч гэж хардаг болжээ.

Харин хямд утасны тухайд тэд шинэ загвар гармагц, хуучин загваруудаа хямдруулах замаар энэ орон зайг нөхдөг гэж үзэж болно.

Apple-ийн хувьд нэг эргэлзээтэй асуудал байсан нь шинээр нээгдэж байгаа зах зээлүүд тэдний утсыг хэрхэн хүлээж авах бол гэсэн эргэлзээ.

Гэтэл сүүлийн хоёр улирлын үр дүнгээс харахад байдал Apple-д нааштай эргэжээ.

Тухайлбал Хятадад тэдний бүтээгдэхүүн 28 хувь өсөлттэй гарсан бол Бразил, Орос, Энэтхэг, Хятад зэрэг BRICS-ийн улсуудад өмнөх оны мөн үеэс нийт дүнгээрээ 55 хувийн өсөлт гарчээ.

Тайлангийн хурал дээр Тим Кук 2014 оны эхний хагаст (fiscal) iPhone борлуулалт Бразилд 61 хувь, Орост 97 хувь, Туркэд 56 хувь, Энэтхэгт 55 хувь, Вьетнамд 262 хувь өссөнийг танилцуулаад энэ бол Apple-ийн хувьд хуучин түшиц зах зээл биш, цоо шинэ орон зай гэдгийг онцолжээ.

 

Хэдийгээр өрсөлдөгчид нь өнгөрсөн хугацаанд Apple-ийн стратегийг шүүмжилж ирсэн ч тэд юу хийж байгаагаа сайн мэддэг ажээ.

 

Эх сурвалж: reuters, businessinsider