Аргентиний засгийн газар 13 тэрбум ам.долларын гадаад өрийн хүүний төлбөрөө хугацаанд нь төлж чадсангүй. Ингэснээр 13 жилийн хугацаанд хоёр дахь удаагаа “default буюу дампуурсан” гэх нөхцөл байдалд орж байна.
Тус улс нь өнөөгийн байдлаар 200 тэрбум ам.долларын гадаад өртэй бөгөөд 30 тэрбум нь дахин бүтэцлэгдсэн бонд гэж Standard & Poor’s -ээс (S&P) мэдээллээ.
Бонд худалдан авсан сангууд болон Аргентиний талууд уг асуудалд нэгдсэн шийдэлд хүрэхээр хуралдсан ч үр дүнд хүрсэнгүй. Эдийн засгийн сайд Axel Kicillof уулзалтын дараах яриандаа зээлдүүлэгч нарыг “махчин сангууд” гэж нэрлээд Аргентин улс “дарамт, шахалт дор” шийдвэр гаргахгүй гэжээ. Дампуурлын нийт үр дагавар нь тодорхой бус байгаа ч эерэг нөлөөтэй байхгүй нь ойлгомжтой. Энэ бол зүгээр нэг техникийн асуудал биш, хүмүүсийг хүнд нөхцөлд оруулж болох бодит бөгөөд хор уршигтай үйл явдал юм. Ийнхүү Аргентиний үнэлгээ CCC- болжээ буурлаа. Харин дампуурлаас хамгаалах санхүүгийн хэрэгсэл болох CDS-ийн ирэх 3 сарын үнэ дэлхийд хамгийн үнэтэй свап болоод байна.
Харин манай улсын хувьд нийт гадаад өр ДНБ-ийн 180 гаруй хувь, улсын гадаад өр 40 гаруй хувьд хүрсэн нь сэрэмжүүлэх түвшнийг даваад байна. Зөвхөн улсын ба банкны секторын гадаад өрийн төлбөрт ирэх таван жилийн хугацаанд жил бүр 100-140 сая доллар, 2015 онд 300 сая ам.долларын бондын үндсэн төлөлт, 2017 онд 700 сая ам.долларын бондын үндсэн төлөлт хийх шаардлагатай байна.
Харин өнөөгийн байдлаар нийт албан нөөц 5-р сарын эцсийн байдлаар 1.6 тэрбум хүрч буурсан, он дуустал экспортын орлого, гадаадын шууд хөрөнгө оруулалт дорвитой өсөхөөргүй байгаа нь ирээдүйд Аргентиний түүхийг давтахад хүргэж болзошгүй юм. Иймээс гадаад өрийн удирдлагын цогц бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх арга замыг нарийн тодорхой болгох шаардлагатай байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!