БНАСАУ 2007 оноос их засварт оруулсан хуучин цөмийн реактороо дахин ажиллуулсан талаар “Чосон ильбо” сонинд мэдээлжээ.
Сансрын хиймэл дагуулаас илгээсэн хамгийн сүүлчийн зургийг үндэслэн Жон Хопкинсын их сургуулийн дэргэдэх Америк-Солонгосын хүрээлэнгийн мэргэжилтнүүд дүгнэлт гаргасан байна. Уг дүгнэлтдээ тэд “Йонбен дахь судалгааны төвийн плутоны реактор шинэ хоолойгоор халуун ус дамжуулж, ойролцоох гол руу цутгаж байна” гэжээ.
Өнгөрсөн сард ч тус хүрээлэнгийн шинжээчид Йонбены реактор ажиллаж болзошгүй гэж мэдээлж байсан юм.
Хойд Солонгос улс 2007 онд цөмийн хөтөлбөрөөсөө татгалзсаны хариу болгож, улс орнуудаас эдийн засгийн тусламж авахаар болсон. Ийнхүү зургаан талт хэлэлцээрийг зөвшөөрснөөр Йонбен дахь реактороо зогсоож байсан билээ.
Энэ оны есдүгээр сард НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсны төлөөлөгчийн орлогч Фархан Хак “Хойд Солонгос улс Йонбен дахь цөмийн реактороо сэргээх нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг илт зөрчсөн хэрэг болно” гэж мэдэгдэж байжээ.
Мэргэжилтнүүдийн дүгнэснээр Йонбен дахь реактор 1985-1994, 2002-2007 онд ажиллах хугацаандаа 34-36 кг плутон боловсруулжээ. Энэ бол атомын 12 бөмбөг хийхэд хангалттай хэмжээний плутон юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!