Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

Барилгын цэргийнхэн гурван сарын дотор 16 давхар барилга барина

Н.Дэлгэр
2013 оны 10 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гурван сарын дотор 16 давхар барилга барина

Шинэчлэлийн Засгийн газраас батлан  гаргасан “Монгол цэрэг-бүтээн  байгуулалтад” хөтөлбөр хэрэгжээд багагүй хугацаа  өнгөрч байна. Хөтөлбөрийг  хэрэгжүүлэх  үүднээс  Батлан хамгаалах  салбарын  бүтцэд  төрийн  өмчит  Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл корпорац байгуулсан  юм. 

Тус нэгдэлд өчигдөр  Турк улсын  барилгын  тэргүүлэх  компаниудын захирлууд  зочилж, хамтын ажиллагааны  гэрээ байгуулав. Зэвсэгт  хүчний  017 дугаар ангийн захирагч, хурандаа  Л.Балдан-Очир  энэ үеэр “Монгол цэрэг- бүтээн байгуулалтад” хөтөлбөрт  манай  анги  голлох үүрэгтэй  оролцож  байгаа. Одоо хоёр  том цогцолбор  дээр ажиллаж байна. БХЯ-ны  харьяа  Цэрэг, спорт, соёл амралтын  төвийн барилга  удахгүй ашиглалтад  орно. 
Мөн Өмнөговь  аймагт  барих Мэргэжил, сургалт, үйлдвэрлэлийн цогцолборын барилгын ажлыг эхэлнэ. Батлан  хамгаалах аж  үйлдвэрийн  нэгдэл байгуулагдсанаар бид бизнес, менежментийн шинэ арга барилд  суралцаж, байнгын  ажилтай  боллоо. Барилгыг  хурдан, чанартай  барих  шинэ технологийг  бид оруулж  ирлээ. Энэ бол өмнө байгаагүй технологи учир Монголын  барилгын  салбарт  том дэвшил гарч байна гэсэн үг” гэв.

Харин Зэвсэгт хүчний 338 дугаар ангийн захирагч, хурандаа Ж.Насанжаргал
“Хөдөө  орон нутагт явагдаж буй бүтээн байгуулалтад  бид идэвхтэй  оролцож байна. Сүхбаатар аймагт ашиглагдахаа  байсан объектуудыг сэргээн  босголоо,  орон сууцны  барилгыг  богино  хугацаанд барьж  байна. 16 давхар  барилгыг  гуравхан  сарын дотор барих  Туркийн технологийг  бид ашиглахаар боллоо. Энэ нь Батлан хамгаалах салбарын  хүрээнд барих 100 мянган айлын орон сууцны  хөтөлбөрт  ач  холбогдолтой. Хүрзнээс  өөр  багажгүй  байсан  анги салбарууд  орчин  үеийн  техник, тоног, төхөөрөмжөөр  хангагдаж буй нь Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдлийн гавьяа” гэж ярилаа.