19 ХҮҮХЭД мориноос унасан
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Хүүхдийн төлөө үндэсний газар, Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас энэ жилийн баяр наадмын хурдан морины уралдааны үеэр гарсан ахиц дэвшил болон алдаа дутагдлуудын талаар мэдээллээ.
Үндэсний их баяр наадмаар 7-18 насны 511 хүүхэд есөн насны 1751 морь унаж уралдуулсан байна. Дунджаар нэг хүүхэд гурван морь унаж уралдсан гэсэн үг юм. Энэ нь өнгөрсөн жилээс морины тоо өссөн ч, хүүхдийн тоо буурсан үзүүлэлт ажээ.

ХАХНХЯ-ны Гэр бүл, эмэгтэйчүүдийн хөгжлийн хэлтсийн дарга Х.Баавгай “Морь унаач хүүхдийн тоо буурч морьны тоо өссөнөөр нэг хүүхдэд ирэх ачаалал нэмэгдэж олон морь унаж байгаа. Үүнээс үүдэн хүүхдүүд мориндоо төдийлөн сайн дасч чадалгүй унаж уралдуулж байна. Ингэснээр мориноос унах тохиолдол гардаг” хэмээн ярилаа.
Үндэсний их баяр наадмын үеэр Хүүхдийн төлөө үндэсний газар, Цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж морь унаач хүүхдүүдэд стандартын хувцас хэрэглэлийг өмсүүлэх шаардлагыг тавьж ажиллажээ. Үүний үр дүнд хүүхдүүд 100 хувь хамгаалалтын малгай цээживчтэй уралдсан байна.
Энэ жилийн баяр наадмын үеэр 19 хүүхэд мориноос унаснаас гурван хүүхэд хүндэвтэр гэмтэж, найман хүүхэд хөнгөн гэмтэж, найман хүүхэд гэмтэл аваагүй юм байна.

Хүүхдийн төлөө үндэсний газрын дэд дарга Т.Энхтайван “Үндэсний их баяр наадмын зохион байгуулалт сайжирч хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангаж ажиллаж боломж жил бүр ахисаар байгаа. Харин хөдөө орон нутагт аймаг сумдын жижиг наадмууд дээр хүүхэд бэртэж гэмтэх тохиолдол гарсаар л байна. Тиймээс манай байгууллагын зүгээс бүх аймаг, сумдын засаг дарга нарт мэдэгдэл хүргүүлж, морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангаж ажиллахыг шаардсан” гэлээ.
Унаач хүүхэд нь хамгаалалтын хувцасгүй уралдаад гэмтэж бэртсэн тохиолдолд тухайн морины уяачид дахин морь унаж уралдуулах эрхгүй болдог ажээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

