УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг цанын спортоор хичээллэдэг гэдгийг уншигч та мэдэх биз ээ. Тэгвэл эрхэм гишүүн үндэснийхээ өв соёл болсон сур харваагаар хичээллээд хоёр сар болсон төдийгүй энэ жилийн наадмын халх сурын харваанд оролцож байгаа аж. Түүнтэй цөөн хором хуучиллаа.
-Яг хэзээнээс сур харваагаар хичээллэж эхэлсэн бэ?
-Хоёр сарын өмнөөс багштай болж, бэлдээд энэ жилийн наадамд оролцож байна. Анх нум, сумаа татаж ч чаддаггүй байсан. Шургуу хичээсний дүнд энэ жилийн наадамд оролцож, анхныхаа сумыг тавилаа.
Спортын мастер н.Пүрэвээ гэж харваачийг багшаараа сонгосон байгаа.
-Сур харваагаар яагаад хичээллэх болов. Зүгээр ч нэг сонгоогүй болов уу гэж бодож байна.
-Миний насан дээр ямар нэгэн спортын шинэ төрлөөр хичээллэнэ гэдэг хүндхэн шүү дээ. Харин сур харваа бол нас, хүйс харгалзахгүйгээр хичээллэж болдог спорт. Түүнчлэн эрийн гурван наадамд эмэгтэйчүүд оролцож болдог ганц төрөл нь. Өөрөөр хэлбэл, эрчүүдтэй мөр зэргэцэн өрсөлдөж болдог спорт.
Энэ дашрамд охид бусгүйчүүддээ сур харваагаар хичээллээрэй гэж уриалмаар байна.
Миний тухайд гэр бүлээрээ энэ спортоор хичээллэж байгаа. 15 настай хүү маань энэ жилийн наадамд 32 сум тавьснаас 15 онолоо. 10 настай охин маань мөн хичээллэж байгаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!