Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол наадам урианхай харваагаар эхлэв

Н.Лхагва, Өдрийн шуудан
2014 оны 7 сарын 8
Өдрийн шуудан
Зураг зураг

Үндэсний баяр наадам өчигдөр Урианхай сурын харваагаар эхэллээ. Үндэсний сурын /халх/ харваа, буриад харваа, урианхай харваа гэж байдаг. Тус харваанд 15 аймаг, нийслэлийн 165 харваачид таван зурхайд цэц мэргэнээ үзүүлэх ажээ.

Улсын мэргэн, 13, хошой мэргэн 11, дархан мэргэн харваач цолтон найм оролцож байгаа аж. Энэ жилийн урианхай харваанд 18-78 настай харваачид оролцож байна.

Уг харваа томоохон хэмжээний баяр наадмаар зохиогддог бөгөөд нум сумыг шүтэн дээдэлж, сурын харвааны эртний хатуу чанд уламжлалт зан үйлийг мөрдөж ирсэн байна. Урианхай харваа нь зуны сур харваа, өвлийн мөсний сур харваа гэж байдаг ажээ. Харин бусад харваанаас эмэгтэй хүн харвадаггүйгээрээ онцлогтой ажээ.

Тус харваа нь Үндэсний баяр наадмын сурын спортын төрөлд бие даан орж ирснээс хойш олон залуу харваачдыг эгнээндээ нэгтгэжээ. Энэ жилийн баяр наадмаар Урианхай сурын харваанд түрүүлсэн харваач найман сая төгрөгийн шагнал хүртэх юм байна.

Урианхай сурын харвааны тэргүүн Б.Мөнхтөрөөс энэ жилийн урианхай харвааны онцлогийг асууж тодрууллаа.

Тэрбээр “Энэ жилийн баяр наадамд урд жилүүдийнхээс олон харваачид оролцож байгаа нь урианхай сурыг төрөөс дэмжиж байгаагийн нэг тод жишээ юм.

Манай харваачид өөрсдөө нум хэрэглэлээ хийдэг болсон нь бас нэг амжилт юм. Өнөөдөр манай харваачид залуужиж байгаа нь хэтдээ ихээхэн хөгжих төлөв ажиглагдаж байна. Үндэснийхээ их баяр наадмын спортын арга хэмжээг Урианхай сураар эхлүүлж байгаад нь бид баяртай байна” гэлээ.

Зураг