-Хөндөх сэдэв-
Сүүлийн жилүүдэд манай улсын иргэд гадны оронд эмчлүүлэх нь олширсноос медтуризм буюу эмчилгээнд зуучлах нэг төрлийн шинэ бизнес хүчээ авсан. Жилд 40-50 мянган хүн гадаадад эмчлүүлдэг гэсэн судалгаа байна.
Эмчлүүлэхээр явж буй хүмүүсийн олонхи нь БНСУ, Хятад, Тайланд, Энэтхэгийг зорьдог ба чухам хаана очиж эмнэлгийн тусламж авах вэ гэдэг өвчний онош, эмчилгээний чанараас гадна хэтэвчний том багаас ихээхэн хамаарч байгаа.
Гадаадад эмчлүүлэхээр явсан хүмүүсийн 13.9 хувь нь 0-16,13.1 хувь нь 60-аас дээш насныхан бусад нь ид хөдөлмөрлөх насныхан байдаг аж. Эмчилгээнд хэн нэг нь явлаа гэхэд асарч халамжлахаас эхлээд хэл нэвтрэхэд нь туслах гээд нэгээс хоёр хүн дагахаас аргагүй.
Ирж очих онгоцны тасалбар, эмчилгээний төлбөр, эмчлүүлсний дараах үзлэг, тэндээ байрлах зочид буудал, хоол хүнс гээд нэг хүн дунджаар 50-200 сая төгрөгийг зардаг гээд бодохоор жилд ойролцоогоор 500 сая ам.доллар гадагш урсч байгаа юм. Мэдрэл, нуруу нугас, үе мөч зэрэг Монголд эмчлэх боломжгүй өвчтэй хүмүүсийн эмчилгээний зардлын тодорхой хувийг төрөөс даахаар болсон.
Энэ дагуу жилд нэлээд их хэмжээний мөнгө гадны эмнэлгүүдэд хөрөнгө оруулалт болон очиж байгаа. Эрүүл мэндийн ийм эрүүл бус тогтолцоотой улс орон манайхаас өөр байдаггүй байх.
Уг нь гадныханд аваачиж өг гээд явуулж буй мөнгөөрөө шаардлагатай техник хэрэгсэл авч, эмч сувилагчдаа тухайн чиглэлд мэргэшүүлэх ажил хийвэл дотооддоо илүү олон хүнийг эмчлэх боломж бүрдэхсэн. ГССҮТ-д л гэхэд хэд хэдэн эвдэрхий MRI оношилгооны аппарат үзмэр болон хэвтэж байгаа. Ядаж л эднийгээ засаад авчихаж болмоор доо.
Уг нь манай эмч нар элэг шилжүүлэн суулгах зэрэг хүнд мэс заслыг бие даагаад өөрсдөө хийчихдэг болсон. Үр дүн нь ч сайн, өртөг зардал нь ч гадныхаас хамаагүй бага. Гэвч хүмүүс Монголд эмчлэх боломжтой өвчнийг заавал гадаадад эмчлүүлэхээр явж байгаа нь эх орныхоо эрүүл мэндийн салбарт итгэл алдарснаас болсон биз. Монголчуудын энэ сэтгэлгээг ашиглаж гадныхан бүхий л салбарт янз бүрийн үйлчилгээ оруулж ирж байгаа.
Эрүүл мэндийн салбар ч үүнээс хоцроогүй. Гадныхан ч аль болох олон хүнийг өөртөө татах боломж бүрийг ашигладаг. Өвчнийг нь өргөс авсан адил эмчилнэ, хүрээд ир гэдэг байсан бол өдгөө өөрсдөө ирж суугаад монголчуудын мөнгийг хуу хамах бодлого барьдаг болсон байна. Хамгийн том жишээ Солонгосын “Ионсей”, “Сонгдо”. Эмч нар нь монгол ч эм тариа гээд бүх зүйл нь Солонгосоос ирнэ. Цуглуулсан мөнгө нь ч Монголд биш хангуг ноёнд наалдаж байгаа.
Авууштай нь хэдэн эмч нарыг ажлын байраар хангаж, сүүлийн үеийн оношлогооны аргад сургадгийг л хэлэх байх. Үүнд л талархах ёстой биз. Ийм эмнэлгийн тоо бас нэгээр нэмэгджээ.
Монголчууд олноор очиж эмчлүүлдэг Тайландын “Бумрунград” өнгөрсөн дөрөвдүгээр сард “Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн 51 хувийг авч, хамтарч ажиллахаар болжээ. Гадаадад эмчлүүлэхээр явж буй монголчуудын дийлэнх нь тус эмнэлгийг зорьдог аж. Эмнэлгийн хонгилоор явахад хаа сайгүй монголчууд таардаг гэхээр хэдий хэр олон хүн явж байгаа нь төсөөлөгдөх биз.
Тиймээс Тайландын эмнэлгүүд дундаа хувьд өндөрт ордог “Бумрунград” эмчилгээ үйлчилгээний зардлыг багасгаж, чанартай үйлчилгээ авах боломж бүрдүүлж байна гэх боловч үнэн хэрэгтээ гайгүй ашиг өгөхөөр зах зээл энд байна гэж харсан учраас Монголд байгаа.
Тэгэхээр үйлчилгээг ойртуулснаар олон хүн энэ эмнэлэгт данстай болж таарна. үгээр эх оронд нь ирж залраад монголчуудыг “саах” сайн менежмент нэвтрүүлж буйг “Бумрунград” эмнэлгийн сүлжээ хариуцсан захирал Ватсоны ярианаас ойлгож болохоор байлаа.
-Яагаад заавал “Улаанбаатар эмнэлгийг сонгон, хамтарч ажиллахаар юм бэ?
-Маш олон монголчууд Тайландад “Бумрунград” эмнэлэгт очиж үйлчлүүлдэг. Тэр утгаараа бид Монголыг багагүй мэддэг байсан. Манайд ирсэн олонхи өвчтөн “Улаанбаатар Сонгдо” эмнэлэгт үйлчлүүлж байсан учраас энэ эмнэлгийг хамтарч ажиллахад хамгийн боломжтой гэж үзсэн. Дөрөв таван жилийн өмнөөс манай эмнэлгийн төлөөлөгчид Монголд ирж өвчтөнүүдэд “Бумрунград”-ын талаар мэдээлэл өгч эхэлсэн. Тэр үеэс “Сонгдо” эмнэлгийг судалж, ийнхүү хамтарч ажиллах гэрээ хийсэн.
-Ямар чиглэлээр хамтарч ажиллах вэ? Шинэ үйлчилгээ нэвтрүүлэх үү?
-“Улаанбаатар Сонгдо” нь Монголдоо MRI дүрс оношилгоо, зүрх судас, дурангийн ажилбар, мэс засал, дотор гээд тодорхой хэдэн чиглэлээр дагнан, олонд танигдсан эмнэлэг. Тиймээс эдгээр чиглэлийг хадгалж, “Бумрунград” эмнэлгийн туршлага дээр үндэслэн шинэ үйлчилгээг оруулж ирэх сонирхолтой байгаа. Манай эмнэлэг нуруу нугас, мэдрэл, үе мөчний хагалгааг маш сайн хийдэг.
Мөн элэг, хоол боловсруулах эрхтэний эмчлэлээр Азид нэгт бичигддэг. Тиймээс монгол эмч нартай туршлага солилцон, нарийн мэргэжлийн хагалгааг хийдэг болох зорилготой ажиллана. Түүнчлэн хавдрын өмнөх болон дараах химийн болон туяа эмчилгээг “Сонгдо”-д нэвтрүүлэх болно.
Мөн үйлчлүүлэгчдийнхээ хүрээг тэлэхийн тулд ажлууд хийж эхлээд байгаа. Тухайлбал, өнөөдрөөс эхлэн даваагаас баасан гаригт өглөөний 08:30-20:30 цаг хүртэл, бямбад 08:30-17:30 цаг хүртэл, нямд 12:30 цаг хүртэл ажилладаг болж байна.
-Монгол хүмүүс ямар өвчний улмаас танай эмнэлэгт очиж эмчлүүлдэг вэ?
-Ихэнх нь эрүүл мэндийн бүрэн хэмжээний урьдчилсан үзлэг хийлгэх гэж ирдэг. Дараа нь элэг, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааны өвчлөл, зүрх сүдас, үе мөч, нуруу нугасны өвчлөлийн улмаас Тайландад ирдэг. Мөн арьсны эмгэг, харшил эмчлүүлэх, гоо сайхны хагалгаа хийлгэх гэсэн хүн цөөнгүй байдаг. Олон хүн өвчнөө нэлээд хүндэрсэн хойно ирдэг.
-Ямар ч бизнест ашиг олох нь туйлын зорилго байдаг. Монголыг сонгосон нь бизнесийн ашигтай орон зайг олж харсантай холбоотой юу?
-Мэдээж хувийн эмнэлэг учраас орлогоо нэмэгдүүлэх зорилго байлгүй яах вэ. Хэдийгээр Монгол цөөн хүн амтай, жижиг зах зээлтэй улс юм шиг боловч энд эргэлдэж байгаа хөрөнгийн хэмжээ их байна.
Жишээ нь, Тайландын нэг хоттой харьцуулахад Улаанбаатар харьцангуй том. Бидний харж буйгаар ийм хотод багадаа гурван том хувийн эмнэлэг үйл ажиллагаа явуулах бүрэн боломжтой. Тийм зах зээлийн багтаамжтай гэж үзэж байгаа. Урьд нь цөөн хэдэн мөнгөтэй хүн гадаадад эмчлүүлдэг байсан бол одоо хүмүүсийн амьдралын боломж дээшилсэн нь харагдсан. Тиймээс энэ хүмүүст тодорхой стандартын дагуу үйл ажиллагаа явуулдаг, сайн чанарын үйлчилгээ үзүүлдэг эмнэлэг хэрэгтэй байгаа юм.
-Тэгвэл энд эмчлүүлэх төлбөр хэд байх вэ?
-Тайландад очиж эмчлүүлэхээс хамаагүй хямд тусна. Гэхдээ тухайн өвчтөний өвчлөл хэр хүнд байгаагаас шалтгаална. Хэрэв энд эмчилж болохооргүй хүнд байвал “Бумрунград” руу явуулахаас өөр аргагүй.
-“Бумрунград”-аас эмч нар ирж ажиллах уу?
-Хэд хэдэн эмч багаар ирж ажиллана. Гэхдээ эмчилгээ хийх гэхээсээ илүү зөвлөх эмч ирнэ. Ер нь “Сонгдо”-д шаардлагатай тоног төхөөрөмжүүд байгаа. Хэрэгтэй гэвэл “Бумрунград” эмнэлэгт тоног төхөөрөмж нийлүүлдэг бүх л байгууллагад санал тавина. Заавал БНСУ, Тайланд гэхгүй нийлүүлж чадахуйц байгууллагаас оруулж ирнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!