ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/07-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхийлөгчөөр таваас илүү сум тавиулаагүй улсын хүндэт мэргэн

Б.Барс
2014 оны 7 сарын 7
Зууны мэдээ
Зураг зураг

Монгол түмний жил тойрон хүлээдэг уламжлалт их баяр наадам эхлэхэд хэдхэн хоног үлджээ. Хоёр хоногийн өмнө бид Сурын харвааны төв талбайг зорьсон юм.

Өнгө будгаа шинэчилж, цэмцийсэн талбайд эрхий мэргэн харваачид эвэр нумаа эвшээлгэн сум тавьж, цэц мэргэнээ сорин хоорондоо яриа өрнүүлэн ихэр дотно хөөрөлдөх ажээ. Уулзах гэж ирсэн Улсын хүндэт мэргэн Т.Батмөнхийг сураглавал түрүүхэн явсан гэнэ.

Өвөг дээдсээс уламжлагдан ирсэн эвэр элэгтэй, шөрмөсөн арлалтай нум сум урлан ард олондоо хүргэсээр ирсэн буянтай энэ хүнтэй утсаар холбоо барин гэрт нь очлоо. Наадамд бэлтгэн тэрээр сүүлийн хэд хоног нойргүй шахам яваа ажээ. Том өрөөнд нь Т.Батмөнхийн бага хүү лаа асаачихсан сум хийж угтсан бөгөөд төдөлгүй багаж хэрэгслээ аваад жижиг өрөө рүүгээ шилжсэн юм.

Гэрийн эзэгтэйн барьсан цайг оочих зуур өрөөний хоёр буланд тааз тултал нямбайлан өрсөн төрөл бүрийн этгээд содон хийцтэй нум сум, саадаг дээр харц өөрийн эрхгүй унаж байлаа. Нум сум урлаач, судлаачийн гэр сонирхолтой бичил музей мэт санагдсаныг нуух юун. Түүний цуглуулгад  нутгийнх нь нэгэн агуйгаас олдсон 400 жилийн тэртээх дайчин эрийн нум сумаас эхлээд урианхай, буриад хавчаахай, Япон, Англи, Солонгос гээд олон орны нум сум байх аж.

ИХ ХЭЛМЭГДЭЛ, БИЧИН ЖИЛИЙН ЗУД БА БАЛЧИР ӨРХИЙН ТЭРГҮҮН

Т.Батмөнх ах Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул бөгөөд айлын ганц хүү. Түүнийг төрөхөөс нэлээд өмнө, их хэлмэгдлийн үеэр тэднийхнийг гэртээ бүгдээрээ шахуу байхад нь гавж цолтой 70 гарсан өвөөгийнх нь ахыг баривчлаад бүх эд хөрөнгийг нь хураагаад аваад явжээ. Тэрээр энэ тухай дурсахдаа “Шашны хүмүүс чинь хоёр нэртэй байлаа шүү дээ. Лам нэр нь Галсан, жинхэнэ нэр нь Мижид гэх тэр өндөр настай ах маань Шаргаас Улиастай хүрэх замдаа өөд болсон юм билээ, хөөрхий” гэв.

Өнгөтэй өөдтэй бүхнээ хураалгуулсан тэднийх бичин жилийн аймшигт зуднаар мал гэх ч юмгүй шахам үлджээ. Эдгээр эмгэнэлт явдал нь манай орны айл бүрт хүндээр тусч зовлон зүдгүүрт унагасан гэдэг юм билээ. Энэ л хэцүү цаг үед ээж, эмээтэйгээ амьдран хар багаасаа өрх толгойлсон Т.Батмөнх ээжийнхээ амьд сэрүүнд аавынхаа тухай асууж амжаагүйдээ одоо хүртэл харамсч явдаг аж.

Ээж нь гадаа гарч эр, гэрт орж эмийн ажил хийн цаг наргүй зүтгэдэг байсан тул тэрээр эмээ дээрээ өсчээ. Долоон настай байхад нь шөнө бурхан болсон эмээгийнх нь өврөөс түүнийг гаргаад айлд хонуулжээ. Гэтэл өглөө босоод эмээ дээрээ очино гэж уйлаад гартал тэдний гэрийг бүтээчихсэн байсан нь санаанаас нь ер гардаггүй гэсэн юм.

СУДРЫН БАРИНТГИЙГ СУРАГЧИЙН ЦҮНХ БОЛГОЖ ЯВСАН ХҮҮ БАГШ БОЛСОН НЬ

Харваач ах 10 настай байхдаа үеийнхээ хүүхдүүдийг даган бага сургуульд бүртгүүлэн янзын гоё зурагтай цагаан толгойн ном эргүүлэн бичиг үсэгтэй болжээ. Тэр үед юм ховор байсныг хэлэх үү, нэгэн судрын баринтгаар сурагчийн цүнх хийж үүрээд дэвтэр номоо хийн сургуульдаа алхсаар 1961 онд дунд сургуулиа амжилттай дүүргэсэн гэнэ.

Үүнээс хоёр жилийн дараа аймгийнхаа нэгдүгээр арван жилийн долдугаар ангийг төгсгөжээ. Сургуулийнх нь захирал, сүүлд гавьяат болсон Гомбоо багш математикт сайн түүнийг заавал аравдугаар ангиа төгсөөд математикийн багш болно шүү гэж захиж байсан аж. Тэгээд айлын ганц хүүхэд юм, түрүүлж хоолондоо хүрэг гээд Архангайн багшийн сургуулиас ирсэн элсэлтийн комиссынхон шалгалт аван тэнцүүлээд оюутан болгоод аваад явсан юм байна.

ГУРАВХАН АЖЛЫН ГАЗАР СОЛЬСНЫГ ГЭРЧЛЭХ ХӨДӨЛМӨРИЙН ДЭВТЭР

1966 онд тэрээр дээд сургуулиа төгсөөд төрөлх сургуульдаа эргэн ирж өөрийн багш нартайгаа мөр зэрэгцэн бага ангийн багшаар ажил хөдөлмөрийн гарааг эхэлжээ. Тэр үед орон даяар түгэн дэлгэрч байсан Рэнцэнхандын тайлбартай дасгалыг ангидаа амжилттай нэвтрүүлсэн гээд1970 онд яамнаас ирсэн шалгалтаар онц сайн дүн авч орлогч сайдад нь ихэд үнэлэгдсэн аж. Үүний ачаар хойтон жил нь урилгаар шахуу Багшийн дээд сургуульд ирж, газар зүй, түүхийн ангид суралцан 1975 онд төгсөөд газар зүйн танхимдаа багшлахаар Улаанбаатарт үлджээ. 1995 он хүртэл 20 жилийн турш энэ л сургуульдаа багшилсан байна.

Зах зээл эхэлсэн 1990-ээд онд тэрээр багшлахын сацуу хажуугаар нь нум сум хийдэг байж. Гэтэл нэг өдөр түүнийг давхар ажил хийлээ гэж шүүмжилжээ. Тэгэхээр давхар биш дан ажил хийе гээд халагдах өргөдлөө өгөөд “Эрийн гурван наадам” компаниа үүсгэн байгуулсан аж. Тэр үед нум сумаас гадна зодог шуудаг, гутал, хурдан морины хазаар, ногт гээд наадмын бараг бүхий л хувцас хэрэглэл хийдэг байж. Гэвч зодог шуудгийг бөх болгоны биеийн онцлогт тохируулан хийдэг тул нум сумын урлалаар дагнахаар шийджээ.

Т.Батмөнх хөдөлмөрлөсөн он жилүүдээ эргэн дурсахдаа, “Хүмүүсийн хөдөлмөрийн дэвтэрт ажилд орсон, гарсан мөн ч олон тэмдэглэл байдаг юм билээ. Гэтэл тэтгэвэрт гартлаа би ердөө ийм л гурван ажил хөдөлмөр эрхэлсэн хүн дээ” гэж ярьсан юм.

ХААНА Ч ЯВСАН ЭЭЖТЭЙГЭЭ ХАМТ

Ээж минь ганц хүү намайгаа хаашаа ч явсан дагаад л жирийлгэдэг хүн байлаа” гэж тэрээр дурсана. Түүнийг анх нутгаасаа холдож Архангайн багшийн сургуульд суралцахад ч, төгсөөд төрөлх Говь-Алтайнхаа сургуульд багшаар эргээд ирэхэд ч салалгүй дагадаг байжээ. Улмаар Улаанбаатарт Багшийн дээд сургуулийн босгоор алхахад мөн л орхилгүй хамт нийслэл хотод ирсэн гэнэ.

Хичээлээ тараад жаахан оройтоход л үүдэндээ гарчихсан харуулдан суудаг байж. Яах гэж ингэдэг юм бэ дээ гэхээр “Хүүдээ санаа зовоод оо. За одоо ээж нь санаа амарлаа. Хоолоо идээд амар” гэдэг байжээ. Одоо өөрийнх нь хүүхдүүд ч хааяа санаа зовниход нь үглэдэг аж. “Ер нь тэгээд эцэг эхэд үр гэдэг өсч том болсон ч хамаагүй үргэлж нялхаараа санагддаг гэж үнэн юм даа” хэмээн санаашран суух аж.

ЭХНЭРЭЭ ГУРВАН ЖИЛ ХҮЛЭЭЖ БАЙЖ ГЭР БҮЛ БОЛСОН ЭР

Тэрээр өөрийн эхнэр Ч.Батнямтай Архангайн багшийн сургуулийг төгсөөд нутагтаа ирж багшлахдаа нэг сумынх гэж мэдээд танилцсан аж. Удалгүй эхнэр нь зөрөөд мөн л багшийн сургуульд суралцахаар явжээ. Энэ тухай одоо тэрээр эхнэрээрээ тохуурхан, “Айлын хүүхнүүд эр нөхрөө цэрэгт үдэн гурван жил хүлээсний эцэст нэг гэрт ордог бол би чамайг сургуульд явуулаад гурван жил хүлээж байж авч суусан шүү” гэж ярьдаг нэгэн.

Үнэн хэрэгтээ ирээдүйн нум сум урлаачийг бүжиг танцаар ороод оройтож ирэхэд ээж нь хүлээж суугаад одоогийн гэр бүлийн хүнийг нь тал бүрээр магтдаг байжээ. Явж явж ээж нь л тэр хоёрыг нийлүүлсэн байж ч болох гэнэ. Харин ээж нь цус харваад эмнэлэгт хэвтэж байхад ээлжлэн асардаг тэр хоёроос сувилагч нар “Энэ хүн та хоёрын чухам хэнийх нь ээж юм бэ” гээд гайхшран асуудаг байжээ.

Эхнэртэйгээ гэрлээд Т.Батмөнх дөрвөн сайхан хүүхэдтэй болжээ. Том хүү Бандихүү барилгын дулааны инженер мэргэжил эзэмшсэн бөгөөд нум сум урлах үйлсэд нь анхнаасаа гар бие оролцсоор иржээ. Удаахь хүү Болд багаасаа нум сум хийхэд дэм болж явсан бөгөөд харамсалтай нь цэл залуугаараа тэнгэрт хальжээ.

Ганц охин Байгальхүү нь мөн адил гэр бүлийнхээ бизнест чухал үүрэг гүйцэтгэн оёж шидэх ажилд гаргууд болж өссөн аж. Ууган хүү Баясгалан нь харин эдийн засагч мэргэжилтэй бөгөөд “Хүннү Эйр” компанид менежерийн албатай.

Долоо найман ач, зээтэй хоёр буурал тэднийгээ ирж гэрийн жаврыг нь үргээхэд магнай тэнийдэг хэмээн ярьж байв.    

БЭРТЛЭЭС БОЛЖ БӨХӨӨС СУРЫН ХАРВАА РУУ ХИЙСЭН “УРВАЛТ”

Т.Батмөнх гуай “1969 онд нутгийнхаа наадамд зодоглоод түрүүлэн сумын заан болж байжээ.Чөлөөт бөхөөр ч мөн хичээллэн барилддаг байж. Тэгээд 1971 онд заалны барилдаанд гараа гэмтээсэн гэв. Тэр үед Бүх ард түмний спарткиадад би чөлөөт бөхөөр, манай ангийн нэг хүүхэд сурын харваагаар шалгарсан юм. Түүний аав өөрийн гэсэн нум сумтай харваач хүн байлаа. Бид хоёр ч яахав, зүлгэн дээр барилдчихаад, дараа нь ээлжлэн сум тавина. Түүнээс л сурын харвааны тухай ингэж харвадаг, тэгж татдаг гээд л анхны мэдэгдэхүүнтэй болсон доо” гэж Улсын хүндэт мэргэн маань хуучилж байлаа. Тэр жилдээ нутагтаа сурын харвааны талаар бараг л мэдэхгүй юм байхгүй мэт сүрхий “мэргэжилтэн” очжээ.

Тэр цагаас л сурын харваанд амтшин өөрөө ч нум сум хийх эрдэмд татагдах болсон аж. Наадамд дөрөв түрүүлсэн Төв аймгийн Заамар сумын дархан мэргэн Дашцэрэн, Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын харьяат улсын мэргэн Ядамсүрэн гээд олон буурлаас их зүйлийг сурч авчээ.

Жаахан алдаа гаргахад л хэдэн хэсэг болоод салаад уначихдаг тул нум сум урлана гэдэг маш нямбай, бас тэгээд их цаг хугацаа шаарддаг тул нэлээд тэвчээртэй хүний хийж чадах ажил гэдгийг анхнаасаа мэдэрсэн гэнэ.

МОНГОЛЧУУД НУМ СУМАА ХЯТАДААС ЗАХИАЛАХАД ХҮРСЭН НЬ

Хэлмэгдлийн үеэр Говь-Алтайн сүм хийдэд хадгалагдаж байсан нум сумыг ямар зорилгоор хэний эсрэг хэрэглэх гэж байсан гээд бөөн хардалт болж, Дотоод явдлын яамныхан хоёр ачааны машин дүүрэн нум сум хураан шатааж байсан гэдэг. Тэр цагаас л хүмүүс элдэв хэрэгт татагдахвий гэсэн үүднээс эцэг дээдсээсээ уламжлагдан ирсэн нум сум, саадгаа хаяж эхэлсэн ч гэдэг билээ. Ийн явсаар хамгийн эмгэнэлтэй нь урд хөршийн төлөөлөгчид ирэхэд нум сум захиалан хийлгэж хүсэлт гаргаж байсан ажээ. Монголчууд өөрсдөө нум сум хийдэг технологио бараг мартаад байсан цаг саяхан.

Харин өдгөө олон сайхан залуучууд, тэдний дотор Т.Батмөнхийн гарын шавь нар ч цөөнгүй аж. Түүний хэлснээр цаг наашилж, бөх, морин уралдааны араас сурын харвааны нэр хүнд удаан ч гэсэн сэргэн бай шагнал ч өсөн нэмэгдэх болжээ.

БУРИАДЫН ГАВЬЯАТ БОЛСОН НЬ

2006 онд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор хойд хөрш Буриадад “Алтаргана” наадам болж зохион байгуулагчид Т.Батмөнхөд хүсэлт гарган 200-гаад нум сум захиалан хийлгэжээ. Наадамдаа хүндэт зочноор урьсан боловч тэр үед үнэхээр завгүй байсан учраас очиж чадаагүй аж. Гэтэл наадамд оролцсон манай төлөөлөгчид түүнд Буриадын Засгийн газраас ямар нэг шагнал олгосон тухай дуулгажээ.

Төдөлгүй Буриадын төлөөлөгчид манай наадмын үеэр хүрэлцэн ирж Т.Батмөнхөд Буриад улсын Биеийн тамир, соёлын гавьяат цол тэмдгийг гардуулсан гэнэ. Нум сум урлалыг сэргээхэд чухал хувь нэмэр оруулан 3000 шахам нум сум хийж олны хүртээл болгосноос гадна сурын харвааны тухай хэд хэдэн ном хэвлэн үндэсний энэ спортоо сурталчилсан  тэрээр эх орныхоо гавьяат болоогүй яваа нь харин хачирхалтай.

ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖООР ТАВААС ИЛҮҮ СУМ ТАВИУЛААГҮЙН УЧИР

Ерөнхийлөгчөөр сонгогдсон жилдээ Ц.Элбэгдорж үзэгч олныхоо өмнө сурын талбай дээр Т.Батмөнх мэргэний зааварчилсны дагуу сум тавьжээ. Таван сум тавихдаа дундуур нь хоёр алдсан ч чамгүй сайн харваач, чамбай сурагч гэдгээ харуулан гурвантаа онож хуран чуулсан хүмүүсийн таашаалыг хүлээсэн гэнэ. Дахиад нэг сум тавиад алдвал ард түмний дунд таагүй сэтгэгдэл түрүүлж болзошгүй гэж хаширлан Т.Батмөнх төрийнхөө тэргүүнийг дахин харвуулаагүй аж.

ТҮҮНИЙ ЧИН ХҮСЭЛ НЬ СУРЫН ХАРВААНЫ ОРДОНТОЙ БОЛОХ ЯВДАЛ

Улсын хүндэт мэргэн Т.Батмөнхийн чин хүсэл нь ивээн тэтгэгч байгууллага, олон түмний дэжлэгтэйгээр Бөхийн өргөөнөөс дутахгүй дөрвөн давхар Сурын харвааны ордонтой болох явдал ажээ. Доод хоёр давхартаа нум сум урлаачдыг ажлын байртай, бүтээгдэхүүнээ борлуулах нэгдсэн цэгтэй болгож, дээд давхартаа сурын харвааны талбайтай тийм ордон барьчихвал энэ спортыг сонирхогчдын тоо эрс нэмэгдэж, гадаад дотоодын жуулчдын хөл татрахгүй гэдэгт тэрээр эргэлзэхгүй байгаагаа хэлсэн.

Түүний энэ цагаан хүсэл биелж, эрээн алаг номоо барин боссон эрхий мэргэн харваачдын сүр жавхаа, уухайн түрлэг монголчууд бидний хийморь сүлдийг бадраасаар байх болтугай.

Монгол түмэн минь нум нь хүчтэй, сум нь хурдан, хараа хурц мэргэн сайхан наадах болтугай!

Зураг