Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Цахилгаан тээвэр” комнанид захиалж хийлгэсэн, цахилгаанаар ажилладаг J-800 EV жижиг оврын таван “Эко” автобус наадмын үеэр Хүй долоон худагт наадамчдад үйлчлэхээр болсон юм.
Хотоос Давааны өртөөнд “Railbus”-аар ирсэн хүмүүсээс хүүхэд, хөгшдөд онцгойлон үйлчилж, наадмын талбай хүртэлх 2.3 км замд үнэ төлбөргүй тээвэрлэх үүрэгтэй “Эко” автобусны жолооч нар наадмын өмнөх өдрүүдэд Хүй долоон худагт дадлага хийж байгаа гэнэ. Автобусны нэг бүрийн үнэ 20 сая төгрөг бөгөөд “Цахилгаан тээвэр” компани эд ангийг нь ОХУ, БНХАУ болон БНСУ-аас авчран эх орондоо угсарсан.
“J-800 EV” автобус нь 12 хүний суудалтай, 1970 кг жинтэй, 4.6 метр урт, 1.45 метр өргөн, 2.0 метр өндөртэй, цагт 20 км хурдлах бөгөөд 8-10 даг цэнэглэхэд 80-100 км зам туулах чадвартай аж. Автобусыг бүтээлцсэн инженерийн хэлж буйгаар хойд, урд тэнхлэг зэргийг дотооддоо хийчихвэл 100 хувь Монголдоо үйлдвэрлэж болох эд гэнэ.
Давуу тал нь байгаль орчинд ээлтэй, 100 хувь цахилгаанаар ажилладаг бөгөөд гадаадаас худалдаж авдаг байсан ийм автобустай харьцуулахад үнэ нь хоёр дахин хямд. Уг автобусыг зуны цагт гольфын талбай, цэцэрлэгт хүрээлэн, амралтын газар зэрэг задгай талбайд ашиглаж болох ажээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!