Улсын гуравдугаар төв эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасгийн эрхлэгч, клиникийн профессор Х.Хусаянтай ярилцлаа.
-Танай тасгийн эмч нар Монголд анх удаа хүзүүнд хиймэл нугалам суулгах мэс заслыг амжилттай хийсэн гэсэн. Энэ талаар танилцуулахгүй юу?
-Энэ хагалгаа манай улсын хэмжээнд анх удаагийнх. Бусад оронд хийж байсан хагалгаанууд. Манайд хожуу хөгжиж байгаа шинжлэх ухааны шинэ салбар. Яг нугалам ч биш нугалам хоорондын жийргэвчийг хиймлээр хийгээд нуруу, хүзүүний дискийг аваад суулгасан хагалгааг хийсэн. Үүнээс гадна яг цэвэр хиймэл нугалмыг н.Болд эмч болон манай тасгийн эмч нар бүсэлхий, сээр нуруунд хийж байсан. Өөрсдөө монгол гангаар жийргэвч хийж суулгуулсан хүмүүс эрүүл саруул явж байна.
-Энэ хагалгааг ямар тохиолдолд хийдэг юм бэ?
-Дөнгөж дараад эхэлж байгаа тохиолдолд бид аль болох мэс заслаас зайлсхийх санаатай. Тиймээс хөдөлгөөн эмчилгээ, гимнастик, татлага, шавар, зүү, пропин тосыг хийдэг. Эдгээрийг хийгээд үр дүн өгөхгүй тохиолдолд мэс засалд орох шийдэлд хүрснээр хагалгаа хийнэ. 30-40 хувийн тохиолдолд зөв эмчилгээ хийж, гамаа сайн барихад өвдөлт намддаг. Түүнээс хүн болгон хагалгаа хийлгэх сонирхолгүй.
-Тэгэхээр нугалам хоорондын жийргэвч юунаас болж бүлтэрч гарч байна вэ. Ямар шинж тэмдэг, зовиур илэрдэг юм бол?
-Зөвхөн хүзүүний нугалам биш. Жийргэвч маань цагираг бүтэцтэй байдаг. Энэ бүтэц нь гадны гэмтэл буюу янз бүрийн үрэвсэл, хавдрын нөлөөнөөс болж алдагдсанаас гадагшаа ивэрч гараад нугас, нугаснаас гарч байгаа мэдрэлийн ёзооруудыг дарснаас өвдөлт өгч мэдээгүйжүүлэх асуудал үүсч байгаа юм. Бүсэлхий, нурууных хоёр хөл рүүгээ дамжиж өвдөх буюу суудлын мэдрэл, хонгыг дагаад өвдгөө хүртэл, доошлоод эрээн булчин, шагай хүртэл өвддөг.
Энэ өвдөлт яваандаа даамжирдаг. Зарим тохиолдолд шээс, таазны эрхтэнүүдийн үйл ажиллагаа алдагдаж шээс, өтгөн гарахгүй болох, мэдээгүй болж эхэлдэг. Зөвхөн суудлын мэдрэл дамжих бус цавьны хажуу талын мэдрэлүүдийг өвтгөдөг. Хүзүүнийх хоёр талын дал руу, хоёр гар мэдээгүй болдог. Өвдөлтийн шинж тэмдгүүд, клиник шинжээс гадна MRI-raap тодорхой оношлогддог. Үүгээр мэс засал хийх, хийхгүй үе шатуудаа тогтоож болдог. Зарим тохиолдолд зүү, шавар эмчилгээ хийгээд ч үр дүнд хүрэхгүй байх тохиолдол бий. Илэрхий ивэрээ дарсан тохиолдолд шууд хагалгаа хийх асуудал яригддаг.
-Жийргэвч бүлтэрч гарахад юу ингэж их нөлөөлж байна вэ. Энэ хагалгааг хийлгэхгүйн ^тулд иргэд юуг анхаарах ёстой вэ?
-Хөдөөний хүмүүс хятад мотоциклиос унаж ихэвчлэн хүзүүгээ гэмтээдэг. Мөн мориноос унаж гэмтээдэг. Хотод бол ихэвчлэн ослоос болдог. Бүсэлхий, ууц нурууных болохоор явганаас хальтирч унахад жийргэвч бүлтэрч гардаг. Хөдөө үзлэгээр явж байхад Өмнөговь аймагт хүзүүний дискний ивэрхийтэй хүмүүс их тааралдсан. Эхлээд хоёр гар нь бадайраад өвддөг байсан бол сүүлдээ юм өргөж чадахгүй хатингаршиж нарийссан байсан.
-Энэ хагалгааг Монголд хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудал юу байна вэ?
-Манайд нуруу, нугасны хагалгааг харьцангуй их хийж байгаа. Энэ хагалгааг хийдэг багаж, тоног төхөөрөмжийг бид одоо хүртэл хувийн компаниас авч бэхэлгээ хийж байгаа. Бэхэлгээгээ зарж байгаа компаниуд багажтайгаа өгдөг. Үүнийг хийдэг багаж улсын хэмжээнд алга. Тэр бүү хэл дискийг авдаг багаж байхгүй. Байгаа хэд нь 200 хагалгаа ороход ариутгалаасаа болж элэгдэлд орж мууддаг. Үүнийг байнга нөхөж байх ёстой.
Энэ нь санхүү, эдийн засгийн байдалтай холбоотой. Ганцхан багажны асуудал байна. Манай тасгийн эмч нар бүгд Тайвань, Солонгос, Японд сураад ирсэн. Их юм санаад ирдэг. Хагалгаа хийх гэтэл багаж, тоног төхөөрөмж нь дутагдалтай.
Багаж, тоног төхөөрөмжөө улс нь авч өгч чаддаггүй юм бол эмнэлэг нь төлбөрөө авч багажаа авч байг.
Манайд байгаа Солонгос, Хятадын компаниас жийргэвч, бэхэлгээ авч хагалгаа хийдэг. Манайхан машин засч, ном сурахад мөнгө төлдөг хэрнээ яагаад эрүүл мэнддээ мөнгө төлж болдоггүй юм. Үүнийг зохих хэмжээгээр төлбөртэй болгох хэрэгтэй. Хэрэв төлбөртэй болбол тэр мөнгөөр эргүүлээд багажаа авч болно. Түүнээс тэр төлбөрөөс эмч нар нэг хувийг нь би авчихъя гэж хэн ч хэлэхгүй. Багаж, тоног төхөөрөмжөө улс нь авч өгч чаддаггүй юм бол эмнэлэг нь төлбөрөө авч багажаа авч байг.
-Манайд энэ хагалгааг хийлгэхэд ямар өртөгтэй байдаг юм бол?
-Кейж буюу хиймэл нугалам 3-5 мянган ам.долларын үнэтэй. Хийсэн материал, брэндээсээ шалтгаалж үнэ нь янз бүр байдаг. Улсын эмнэлэг учраас хагалгааг үнэгүй хийдэг. Зөвхөн бэхэлгээ авч байгаа материалд мөнгө төлж байгаа.
-Ийм хагалгаа хийлгэсний дараа дэглэм барих шаардлагатай юу?
-Хүзүү, нурууны хагалгааны дараа 3-5 литрээс илүү хүнд зүйл өргөж, хатуу, өсгийтэй гутал өмсч болохгүй гэсэн дэглэм барина. Хөдөлгөөн хязгаарлахгүй.
-Хүзүү, бүсэлхий нурууны шохойжилт юунаас үүсдэг юм бэ?
-Үүнийг тайлбарлаж байгаа нэлээд хэдэн судлаачид байдаг. Ихэнх нь шохойжилт гэдэг нь зөөлөн мөгөөрс байх ёстой яснууд хатуурч эхэлдэг. Үүнийг манайхан яс сийрэгжсэн гээд Америкийн хүнсний дэлгүүрт байдаг кальцийг авчраад дур мэдэн хэрэглэдэг. Үүнээс болж шохойжилт их үүсч байна. Мөн давс, хужиртай цай их уудаг. Гол нь хөдөлгөөний хомсдол юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!