Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/06/30-НД НИЙТЛЭГДСЭН

Эм хангамжийн байгууллагуудад шалгалт хийжээ

ikon.mn
2014 оны 6 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Зах зээлд худалдаж байгаа хуурамч, улсын бүртгэлд бүртгэгдээгүй, чанар, стандартын шаардлага хангаагүй эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгслийг илрүүлэх, зах зээлээс буцаан татах, иргэдэд сэрэмжлүүлэх зорилгоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас эм хангамжийн байгууллагуудад шалгалт хийлээ.

Шалгалтад 16 аймаг, нийслэл, дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг эм ханган нийлүүлэх 49 байгууллага, 153 эмийн сан, хоёр эмийн үйлдвэр хамрагджээ.

Шалгалтын явцад илэрсэн зөрчлүүдээс дурдвал:

  • Эм хангамжийн байгууллагууд эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эм худалддаг
  • Хүчинтэй хугацаа, цуврал, үйлдвэрлэгч тодорхойгүй буюу стандартын шаардлага хангаагүй эмээр үйлчилдэг 
  • Эмийн сангууд өөрсдийн бэлтгэсэн эм, бэлдмэлээ бусад эмийн сан, эм ханган нийлүүлэх байгууллагад түгээдэг зэрэг нийтлэг зөрчил илэрсэн байна.

Тухайлбал “Мон-Адонис”, “Түшиглэн”, “Астрафарм”, “Мөнхийн тун” компанид үйлдвэрлэж зах зээлд нийлүүлсэн витамин С уусмал улсын стандартгүй, эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, “Монос” эмийн үйлдвэрийн 20 граммаар савласан 10 хувийн стрептоцидтой тос, мөн хэмжээтэй, хоёр хувийн салицилтэй тос, 20 граммын вазелины хүчинтэй хугацаа тодорхойгүй байжээ. Эдгээрийг буцаан татан авч, худалдан борлуулахыг хориглосон байна.

Мөн эмийн бүртгэлд бүртгэгдээгүй 20, хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан 60, стандартын шаардлага хангаагүй 69 нэрийн цуврал эм, эмнэлгийн  хэрэгслийг хураан авчээ.  

Үүний зэрэгцээ эм зүйч, эм найруулагч нарт мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгсөн байна.