Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/06/24-НД НИЙТЛЭГДСЭН

Олимпийн бамбарыг хилчдэд шилжүүлж, олимпийн медальтнууд сан байгуулав

М.Мөнхсанаа, Өдрийн шуудан
2014 оны 6 сарын 24
Өдрийн шуудан
Зураг зураг

Жил бүрийн зургадугаар сарын 23-нд Олон улсын Олимпийн өдрийг тэмдэглэдэг.

Олимпийн өдрөөр МҮОХ-ны санаачилгаар хэд хэдэн үйл ажиллагаа зохиосны нэг нь олимпийн бамбарыг Хил хамгаалах ерөнхий газарт өртөөлөн шилжүүлэх хүндэтгэлийн ажиллагаа байв.

Уг үйл ажиллагаанд Хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин З.Ойдов, Монгол Улсын гавъяат тамирчин Н.Энхбат, Э.Бадар-Ууган, О.Гүндэгмаа, П.Сэрдамба нарын үе үеийн олимпийн медальтнууд, дэлхийн аварга тамирчид оролцсоны дээр УИХ-ын гишүүн, Монгол Улсын гавъяат тамирчин, дархан аварга Б.Бат-Эрдэнэ ирсэн байлаа.

ХХЕГ-ын дарга, бригадын дарга Ш.Лхачинжав “Орон даяар 8252 км 885 м аяласан олимпийн наадмын хүндэт бамбарыг хүлээн авсандаа баяртай байна.

Монгол Улсын торгон хилээр энэхүү бамбар аялснаар тамирчдын маань хийморь сэргэж 2016 оны олимпийн наадамд илүү амжилт үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээсэн юм. Олимпийн бамбар 2016 оны зургадугаар сарын 23 хүртэл хилчин, дайчидтай хамт байх аж.

Мөн энэ өдөр олимпийн медальт тамирчид Ерөнхийлөгчийн 151 дүгээр зарлигийн дагуу авдаг мөнгөн тэтгэмжээсээ хандивлан сан байгуулахаар хуралдсан юм.

МҮОХ-ны ерөнхийлөгч Д.3агдсүрэн энэ тухай “Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгож буй мөнгөн тэтгэмж тамирчид болон спорт сонирхогчдод ихээхэн дэмжлэг болж байна.

Тамирчид маань мөнгөн тэтгэмжээсээ хуримтлуулж сан байгуулж, түүнийгээ нийгэмд чиглэсэн, хүүхэд залуусыг спортод уриалан дуудсан олон ажлыг хийх санааг дэвшүүлж байна” хэмээн тайлбарласан. Олимпийн медальт тамирчид сан байгуулах ажлыг бүгд дэмжиж байгаа аж.

Гавъяат тамирчин Н.Энхбат: Спорт гэдэг хүнд ажил. Үүнийг ойлгож биднийг дэмжиж насан туршийн тэтгэмж өгч байгаа төр засагтаа маш их талархаж байна. Тиймээс бид энэ мөнгийг зөвхөн өөрсөндөө зориулах биш спорт сонирхогч хүүхэд багачуудад, нийгмийн эмзэг бүлгийнхэнд чиглэсэн ажлуудыг хийхэд зориулах болно.

Хөдөлмөрийн баатар З.Ойдов: Цаашид олимп, дэлхийн аваргын медальтнууд тасрахгүй төрөх учраас бид сан байгуулж ирээдүй хойч, спорт сонирхогчдод дэмжлэг үзүүлэх нь маш зөв гэж үзсэн.

Зураг