
Долоодугаар сарын 13 хүртэл ихэнх хүмүүс өдөр бүр тоглолт бүр, ялалт ялагдал, гоол, улаан шар карт, шүүгчийн алдаа, багуудын чадвар болон Бразилд болж буй ДАШТ-ийг тойрсон олон сэдвээр ярилцах болно.
Танд хөлбөмбөгийн сэдэв нэг их ойр биш байж болно, гэхдээ энэ нь хамгийн алдартай спортын төрлийн талаарх ярианд оролцох эрхгүй гэсэн үг биш шүү дээ.
Оросын шигшээ багт бүхэл бүтэн италичуудын баг ажилладаг гэдгийг та мэдэх үү? Бразил улс 1950 онд эх нутагтаа ДАШТ-ийг зохион байгуулсан ч дэвжээн дээрээ ялагдал хүлээсэн нь үндэсний хэмжээнд эмгэнэл мэт хүлээж авдаг гэдгийг мэдэх үү? Португалийн шигшээ багийн гол тоглогч, Бекхэмийн дараа орох хамгийн алдартай хөлбөмбөгчин яагаад талбай дээрээ уйлдагийг та мэдэх үү? Энэ мэт сонирхолтой баримтуудыг та бүхэнд хүргэе.

Криштиану Роналду, түүний бүсгүйчүүд болон харилцаа
2009 онд Мадридын «Реал» Португалийн шигшээ багийн од Криштиану Роналдугийн төлөө 80 сая евро төлж байаа. Хатан хааны клубын менежерүүд ийм зарлага гаргахад бэлэн байсан.
Нэгдүгээрт энэ залуу онож цохих, хурдан гүйх, чадварлаг унах, зөв хувцаслах, сэтгэл хөдөлмөөр уйлах гээд талбай дээр хийж болох бүхнийг чаддаг нэгэн.
Хоёрдугаарт Роналдуд реклам бүтээгчид дуртай. Түүний оролцсон сурталчилгааг харсан хүмүүс бүтээгдэхүүнийг шууд л худалдан авдаг. Хийжүүлсэн ундаа, тахианы далавчнаас эхлээд л дотуур өмд, цаг хүртэл шүү.
Гуравдугаарт Роналду яг л Холливудын од шиг амьдардаг.
Нэг бол загвар өмсөгч бүсгүйчүүдийг хуйлруулж, нэг бол гэнэт л эцэг болохоор шийдчихнэ. 2010 онд санаандгүй амраглалаас нь болсон уу эсвэл тээгч эхээс төрсөн үү, алин боловч тэр хүүтэй болсон. Харин одоо Оросын супермодель Ирина Шейктэй холбоотой байгаа.
Дөрвөн жилийн өмнө Иринаг сүйт бүсгүй гэж нэрлэдэг байлаа, харин одоо хуримын тухай яриа замхарсан. Гэлээ ч Vogue сэтгүүлийн зургаадугаар сарын дугаард тэдний нилээд илэн далангуй байдалтай зураг нийтлэгдсэн юм.
Италичууд тэргүүтэй Оросын шигшээ баг
2014 оны ДАШТ-ийн хамгийн өндөр үнэтэй дасгалжуулагч бол Оросын шигшээ багийнх. Британийн хэвлэлийн тооцоолсноор 2012 оны долоодугаар сараас эхлэн Орост ажиллаж байгаа Италийн дасгалжуулагч Фабио Капеллогийн жилийн орлого нь 6,7 сая евро гэнэ. Түүний араас орсон Английн дасгалжуулагч Рой Хожсоны шагналт цалин гэхэд л хоёр дахин бага аж.
Энэ их тоонд италичуудын бүхэл бүтэн баг ажилладаг дасгалжуулагчийн штабын зардал огт ороогүй гээд боддоо. “Милан-аас “Челси” хүртэл Европын шидэг клубуудын хамгаалагч байсан Кристиан Пануччи, Итало Гальбьятигийн хамтаар дасгалжуулдаг. Оросын хөлбөмбөгчдийн бие бялдрын бэлтгэлийг Массимо Нери, Антонио Пинтус нарын италичууд хариуцдаг бол тоглогчдыг сэргээх ажлыг физик эмчилгээний эмч Марио Ружио хариуцна.
Ерөнхий менежер Оресте Чинквини болон ахлах тогооч Нино Грациано ч мөн Италийнх. Ямартай ч ноён Капелло болон түүний туслахуудын ачаар Оросын шигшээ баг сүүлийн 12 жилийн хугацаанд анх удаа ДАШТ-ийн шувтаргын шатанд орсон.
Суут Лионель Месси, түүний шигшээ баг дахь бүтэлгүйтэл ба татвар
Хөл бөмбөгийн ертөнцөд Лионель Месси гайхамшгийг бүтээгч гэдгээрээ хүлээн зөвшөөрөгдсөн. Испанийн “Барселона” клубт 13 настайдаа орж, бүхий л албан ёсны цол гуншин, амжилт ололтуудыг олж авсан нэгэн. Харин шигшээ багт нэг их бүтэлтэй биш. Хөгжөөн дэмжигчид нь түүнээс Марадонагийн гавьяаг хүлээдэг бол үндэсний шигшээ багтаа тоглож байхаа Лионель суут чадвартай байж чаддаггүй.
Түүнчлэн багтаа ялалт авчирахаасаа илүү сурталчилгааны зураг авалтанд ихээр орсон гэж дэмжигчид нь түүнийг шүүмжилсэн удаатай. Арга ч үгүй юм, одоогоор арав гаруй брэнд түүнийг бүтээгдэхүүнийхээ нүүр царайгаар сонгочихоод байгаа.
Түүнээс гадна өнгөрсөн сарын дундуур шинэ гэрээний хэлэлцээр өндөрлөсөн. Сураг сонсох нь ээ, “Барселона” Мессигийн олсон сурталчилгааны орлогийн 20 хувийг авна гэж байсан ч ямартай ч 2018 он хүртэл гол тоглогчтойгоо жилийн 20 сая еврогийн цалинтай гэрээ байгуулсан гэнэ лээ. Харин саяхан ДАШТ эхлэхээс өмнөхөн татварынхан Мессигийн хандивын тоглолтонд оролцон олсон орлогыг шалгасан юм.
Бразилийн шигшээ дэвжээн дээрээ ялах болов уу?
Хөлбөмбөгийн ДАШТ нэгэнтээ Бразилд зочлоод амжсан. 1950 онд шинэхэн “Маракана” цэнгэлдэх хүрээлэнд шийдвэрлэх тоглолтон дээр дэвжээний эзэд болон Уругвайн шигшээ баг халз тулсан юм. Тухайн үед хашааны цаанаас зогсоогоороо үзэж байсан 200000 үзэгч Бразилийн ялалтыг хүлээх биш ялна гэдэгт нь бат итгэлтэй зогсож байсан юм. Хүмүүс аваргуудаа харж, баярлахаар ирсэн байлаа.
Тоглолт 2:1 харьцаатайгаар Уругвай ялснаар төгсөхөд хөгжөөн дэмжигчид айж, гайхснаасаа болоод таг дуугүй мэлэрч, “Ертөнцийн төгсгөл ирсэн мэт байлаа” гэж хожим нь нэгэн тоглогч бичсэн байдаг.
Тухайн үед энэхүү сүйрлийн гол буруутан нь хаалгач Барбос болж, гудамжинд үл таних хүмүүс ч түүнийг нүд үзүүрлэж байсан гэдэг. Өнөөгийн Бразилийн шигшээ багийн дасгалжуулагч энэ түүхийг сайн мэдэх хэдий ч долоодугаар сарын 13-ны өдөр түүний баг “Маракана” цэнгэлдэх хүрээлэнд ялалт байгуулна гэж “том дугарсаар” л байна.

Францын шигшээ багийн тэргүүн Франк Рибери
ӨАБНУ-д 2010 онд болсон ДАШТ дээр францчууд ялгарч байлаа. Ерөнхий дасгалжуулагч Раймон Доменик тэмцээнд гол хоёр од болох Бензем, Насри нарыг авсангүй, дараа нь тоглолтын завсарлагаанаар довтлогч Анелькатай муудалцаж харааж зүхсэн бол хэсгийн шийдвэрлэх тоглолтын өмнөхөн хөлбөмбөгчид бэлтгэлд гарахаас татгалзаж байв.
Ингээд л 2006 он ДАШТ-д шувтаргад үлдэж байсан баг плэй оффт орж чадаагүй юм. Бразилд францчууд багадаа гэхэд л хагас шигшээ хүртэл явах зорилттой байгаа, гэхдээ адал явдалгүй өнгөрнө гэж юу байх вэ. ДАШТ эхлэхээс хэдхэн долоо хоногийн өмнө Францын шигшээ багийн од Франк Рибери нуруундаа гэмтэл авсан юм.
Испанийн шигшээ багийн Бразил тоглогч
2010 оны ДАШТ-ийн аваргын титмээ хадгалахын тулд Испани дөрвөн жилийн өмнө ӨАБНУ-д тоглосон багаа бараг л тэр бүрэлдэхүүнтэйгээр нь тэр чигт нь илгээсэн. Мөн шигшээ багийг урьдын адил ахимаг ноёнтон Висенте Дель Боске дасгалжуулж байгаа. Энэ багийн гол шинэ хүн нь 25 настай Диего Коста. Коста Бразилд төрсөн, Марадонагийн нэрээр түүнийг нэрлэсэн, харин 18 настайдаа Европыг зорьжээ.
Өнгөрсөн зун Диего Испанийн иргэншилтэй болж, Бразилийн шигшээ баг дуудсан ч гэсэн Испанийн шигшээ багийн өмнөөс тоглох хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Костагийн шийдвэрийг эх орон нэгтнүүд нь огт ойлгоогүй, мөн хүлээж аваагүй, одоо ДАШТ-ийн дэвжээн дээр түүнийг гарч ирэх бүрд үзэгчид шүгэлдэн дургүйцлээ илэрхийлж байгаа. Яагаад ингээд байгааг бүү мэд, уг нь Португальд Пепе, Италид Тиаго Мотта, Мексикид Дос Сантос гээд бразилчууд тоглоод болоод л байгаа шүү дээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!