Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/06/18-НД НИЙТЛЭГДСЭН

Межлисийн дарга Монголд айлчилна

П.Булган, Өдрийн шуудан
2014 оны 6 сарын 18
Өдрийн шуудан
Зураг зураг

Монголчуудын холын хэрнээ ойрын түнш гэвэл Бүгд Найрамдах Турк Улс билээ. Тэд өвөг дээдсийнхээ нэгэн цагт амьдарч байсан өлгий нутаг гэдгээр монголчуудад илүү элгэмсүү ханддаг.

Манай хоёр орон 1969 оны зургадугаар сард дипломат харилцаа тогтоож байжээ. Тэр цагаас хойш 45 жил өнгөрч байна. Удахгүй тохиох энэ ойн арга хэмжээний хүрээнд Туркийн соёлын өдрүүдийг Улаанбаатар хотноо зохион байгуулна.

Хоёр орны харилцаа улс төр, эдийн засгийн салбарт эн тэнцүүхэн эрчимтэй хөгжиж байгаа хэмээн тодотгодог.

Туркийн өндөр хэмжээний зочид, тэр дундаа тус улсын Ерөнхий сайд Реджеп Тайип Эрдоган Монгол Улсад айлчилж байсан нь саяхных. Энэ удаад ч гэсэн Туркийн өндөр хэмжээний зочин удахгүй Монголд айлчилна гэсэн мэдээ дуулдаж байна.

БНТУ-ын Парламентын дарга Жемиль Чичек  энэ сарын 24-27-нд Монгол Улсад албан ёсны найрсаг айлчлал хийх юм байна.

Турк бол нэг танхимтай парламент буюу Үндэсний Их Хуралтай орон. Энэхүү хууль тогтоох дээд байгууллагаа Межлис хэмээн нэрлэдэг.

Межлис 550 депутаттай бөгөөд тэдгээрийг дөрвөн жилийн хугацаагаар ард түмнээс шууд буюу пропорциональ системээр сонгодог. Сонгуулийн 85 тойрогтой. Сонгогчдын 10 хувиас багагүй санал авсан нам сонгуульд оролцох эрхтэй.

Тус улсын парламент Грек-Туркийн хооронд дайн байлдаантай байсан 1920 оны дөрөвдүгээр сард анх Үндсэн хуулиа батлах зорилгоор байгуулагдсан гэдэг. Үүний үр дүнд 1921 онд тус улс Үндсэн хуулиа батлан гаргажээ.

Тэгэхээр энэ улсыг парламентын олон жилийн туршлага, уламжлалтай ард түмэн хэмээн тодотгож болно. Туркийн парламентын сүүлийн сонгууль 2011 онд болсон бөгөөд бүрэн эрхийн хугацаа нь ирэх жил дуусгавар болно.
 



Удахгүй манай оронд айлчлах гэж байгаа Межлисийн дарга Жемиль Чичек 2011 оны зургадугаар сараас энэ албыг хашиж байгаа нэгэн юм.

Тэрбээр 1946 онд төрсөн, эдүгээ 68 настай. Туркийн Шударга ёс, хөгжлийн нам буюу АКР-ын тэргүүлэх улстөрч юм.

Жемиль Чичек Истанбулын их сургуулийн хууль зүйн факультетийг төгссөн. 1983 онд тэрбээр барууны төв үзэл бүхий ANAP намаас парламентад төрсөн нутаг Yozgat-аа төлөөлөн сонгогдож байжээ.

Тэрбээр гэр бүл, хүйсийн асуудлаархи консерватив үзлээрээ нэлээд алдартай нэгэн байв. Хожим нь Эрчим хүч, байгалийн нөөцийн сайдаар ажиллаж байжээ. Дараа нь АКР намд элсэн орсон бөгөөд тус нам Засгийн эрхийг барьж байсан 2003-2007 онд тэрбээр Хууль зүйн сайдын албан тушаалыг хашиж байжээ.

Зураг