Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/06/18-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Батболд: Мазаалай нь цөлжилтөд нэрвэгдэж байгаа амьтны төлөөлөл юм

БОНХАЖЯ
2014 оны 6 сарын 18
iKon.MN
Зураг зураг

НҮБ-аас 6-р сарын 17-ны өдрийг цөлжилттэй тэмцэх өдөр болгон жил бүр зохион байгуулдаг. Энэ жил "Цөлжилт ба мазаалай" сэдвийн дор Мазаалай баавгай хамгааллын хөтөлбөрийн хэлэлцүүлэг боллоо.

Хэлэлцүүлэгт НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн  Суурин төлөөлөгч Хатагтай Сэзин Синаноглу, БОНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболд, Мазаалай хамгаалах сан, Хөрс хамгаалах, цөлжилттэй тэмцэх үндэсний хороо, эрдэмтдийн төлөөлөл оролцов. Хэлэлцүүлгээр оролцогч талууд Мазаалай хамгааллын хөтөлбөрийг улсын баяр наадмаас өмнө батлуулахад бэлэн болсон гэж үзжээ.

Хөтөлбөрөө батлуулсны дараа  олон улсын хэмжээнд хамтран ажиллах санамж бичиг байгуулах нь зүйтэй гэсэн байна. 

Энэ үеэр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч  Хатагтай Сэзин Синаноглу Мазаалайг аврахад өөрийн боломж бололцоогоор дэмжиж туслахад бэлэн байгаагаа илэрхийллээ. Тэрбээр “Мазаалай цөөн тоотой үлдсэн учраас  хамгаалах ажил хийгээд ч үр дүнд хүрэхгүй байх гэж сэтгэл дундуур байсан бол одоо өөр бодолтой болсон” гэсэн юм.  

Харин БОНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболд “Өнөөдөр дэлхий нийт Цөлжилттэй тэмцэх өдрийг тэмдэглэж байна. Өнөөдөр “Цөлжилт ба Мазаалай” сэдвийн дор талуудын уулзалт хийж байгаа нь санаандгүй зүйл биш. Мазаалай нь цөлжилтийн нөлөөллийг  хамгийн их мэдэрч байгаа амьтны төлөөлөл юм. Монголын говьд бороо орохгүй бол Мазаалай бүү хэл бусад амьтдад ч идэх хоол олдохгүй. Тиймээс амьдрах орчныг нь цөлжилтөөс аварч үлдэх зорилгоор дээрх сэдвийн дор хэлэлцүүлэг зохион байгуулж байна” гэсэн юм.