
ОСНАА болон цахилгаан түгээх сүлжээ компаниуд төлбөрөө цахимаар төлөх боломжийг иргэдэд олгоод багагүй хугацаа өнгөрч байгаа билээ.
Тэгвэл цаг, мөнгө хэмнэсэн энэ ажлыг татварын албаныхан мөн үйл ажиллагаандаа нэвтрүүлээд жил гаруй хугацаа өнгөрч байна.
Энэхүү ажлын үр дүн ямар байгаа талаар Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн ахлах байцаагч С.Гансүрэнгээс тодрууллаа.
-ААН, иргэдийн санхүүгийн тайланг цахимаар авдаг болоод багагүй хугацаа өнгөрлөө. Өнгөрсөн хугацаанд ямар үр дүн гарсан бэ?
-Үндэсний татварын алба 2014 оныг “Татварын үйлчилгээ, технологийн дэвшлийн жил“ болгон зарласан. Цахим систем ашиглах явдлыг нэмэгдүүлэх, татвар төлөгчдийн цаг хугацааг хэмнэх, үйлчилгээг хүнд суртлыг бууруулах, бизнесийн үйл ажиллагааг хөнгөвчлөх, захиргааны шинэчлэлийг хэрэгжүүлэхэд дэмжлэг болох олон ажлыг энэхүү урианыхаа хүрээнд хэрэгжүүлээд явж байна.
Татвар төлөгч нартаа зориулан 73 төрлийн тайлан, 29 төрлийн хавсралт мэдээг цахимаар татварын албанд илгээх, харилцан мэдээлэл солилцох, татвар төлөгч татварын түүхээ харах, лавлагаа тодохойлолт авах, татварын төлбөр тооцоог хийх үйлчилгээг цахимаар авах боломжийг бүрдүүллээ. Ажлын үр дүн ч сайн байгаа. Манай дүүргийн Татварын хэлтсийн хувьд одоогийн байдлаар аж ахуйн нэгж байгуулагуудын 70 гаруй хувь нь тоон гарын үсэг болон цахимаар тайлангаа өгч байна.
-Манай уншигчдад цахимаар татвараа хэрхэн төлөх талаар зөвлөгөө өгөөч?
-Цахимаар тайлангаа өгөхийн тулд татвар төлөгч эхлээд E-TAX.MN сайт руу хандана. Шинээр үүсгэн байгуулагдсан аж ахуйн нэгж байгуулагууд бол харьяа татварын албаны нэг цэгийн үйлчилгээнд очиж хэрэглэгчийн эрхээ үүсгүүлэн татварын сайт руу нэвтрэх хэрэглэгчийн нууц үгээ авснаар цахимаар тайлангаа илгээх боломж бүрдэх юм.
Татварын цахим сайт руу нэвтрэн ороход нүүрэнд гурван цонх гарч ирнэ. Эхний хоёр цонхонд өөрийн байгуулагын нэр, регистрээ хийж, гуравдугаар цонхонд татварын албанаас өгсөн нэвтрэх үгээ оруулж “Enter” товчийг дарж системд нэвтрэн орно. Манай энэ систем монгол хэлээр заавартай байгаа.
-Татвараа цахимаар илгээхдээ юуг анхаарвал зохих вэ?
-Тайлангаа шивж дуусаад хуваарилсан төлөвөө харах ёстой. Хуваарилсан төлөв нь хүлээн авсан юм уу, буцаасан төлөвт байж болно. Буцаасан гэсэн төлөвт заавал захиатай байна. Энэ нь тайлангийн доод хэсэгт байх ба үүнээс хараад тайлангаа буцаагаад илгээнэ.
Тайлангаа хоцроосон тохиолдолд эхлээд хүсэлтийн түүх руу нэвтрэн ороход доод хэсэгт хүсэлтийг зөвшөөрсөн хариу ирсэн байна. Хугацаа эхлүүлэх ногоон товч дарахад 24 цагийн эрх сунгагдана. Ингэснээр тайлангаа илгээх боломжтой болно.
-Цахимаар татварын тайлан өгдөг ААН, иргэдийн тоог нэмэгдүүлэх чиглэлээр хийгдэж байгаа ажлуудаас танилцуулахгүй юу?
-Татвар төлөгчиддөө зориулан олон шинэлэг үйлчилгээг нэвтрүүлэн ажиллаж байгаа. Apple iphone болон Android үйлдлийн системд тохируулан ухаалаг гар утасны “МТА” программыг /application/ хөгжүүлэн нийтийн хүртээл болгосныг дурьдаж болох юм.
Татвар төлөгчид энэхүү программыг ашиглан мэдээ, мэдээлэл унших, тайлан тушаах хугацаа харах, татвар төлөх дансны мэдээлэл авах, татварын албадын байршил, албан ёсны хаяг, утасны лавлах, татварын албаны цахим үйлчилгээний хаяг харах, татварын хууль, түгээмэл асуулт, хариултыг авах, НӨАТ төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн жагсаалт, хуурамч НӨАТ-ын баримтын зөрчилтэй татвар төлөгчийн жагсаалт, үйл ажиллагаа явуулдаггүй аж ахуйн нэгжийн жагсаалт, татварын албатай харилцдаггүй, хаяг байршилдаа байдаггүй, тайлан тооцоо хийдэггүй татвар төлөгчдийн жагсаалт зэргийг харж, түүнээс хайлт хийх боломжийг бий болгож байгаа юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!