Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/06/16-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Галсанжамц: Зам тээврийн ослын 70 хувь нь орон нутгийн замд гарч байна

Г.Номин, iKon.mn
2014 оны 6 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Урин дулааны цагт иргэд хөдөө орон нутгийг зорих нь ихэсдэг билээ. Харин энэ үеэр орон нутгийн замд гарах осол гэмтлийн тоо нэмэгддэж байгаа аж. Цагдаагийн Ерөнхий газраас орон нутгийн замд гарч байгаа зам тээврийн ослын талаар болон зам тээврийн ослыг бууруулах чиглэлээр цагдаагийн байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.

Одоогийн байдлаар хотоос гарах гол гарцууд болох Төв аймгийн Баянчандмань, Лүн сум, нийслэлийн Багануур, Налайх, Багахангай дүүргүүдэд байнгын ажиллагаатай пост ажиллаж байгаа.

Эдгээр постууд эргэн тойрныхоо 150 километрт эргүүл хийж, дуудлагын дагуу очиж замын хөдөлгөөний хэв журмыг сахиулж байгаа юм байна. Гэсэн хэдий ч нийт ослын 70 орчим хувь нь орон нутгийн замд гарсаар байна.

Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг Нийтийн хэв журам хамгаалах газрын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хэлтсийн ахлах мэргэжилтэн цагдаагийн дэд хурандаа Б.Галсанжамцаас тодрууллаа.

-Зам тээврийн осол хөдөө орон нутагт их гарч байна гэлээ. Зонхилох шалтгаан нь юу вэ?

-Нийт ослын 70 орчим хувь, бэртэл гэмтлийн 50 хувь нь хөдөө орон нутагт гарсан байна. Гэхдээ ослын шалтгааны гурван үндсэн хэсэгт хувааж болохоор байгаа. Нийслэл хотод бол явган зорчигч осолд өртөх нь их байдаг бөгөөд ихэнх тохиолдолд явган зорчигч согтуу байдаг.

Харин хөдөө орон нутагт засмал зам дээр гарсан ослууд ихэвчлэн хурд хэтрүүлсэнээс болдог ба иргэд хамгаалалтын бүсээ зүүдэггүй учраас амь насаа алдах, бэртэж гэмтэх тохиолдол их байдаг. Шороон замтай газар мотоциклтой иргэд онхолдож бэртэж гэмтэх амь насаа алдах нь их байгаа.

-Хамгийн их осол гарч байгаа орон нутгийн замуудыг нэрлэвэл?

-Дархан, Сэлэнгэ, Хэнтий, Өвөрхангай аймгийн замд дийлэнх осол гарч байгаа. Эдгээр замууд эвдрэл гэмтэл ихтэй болсон хэдий ч ослууд жолооч хурд хэтрүүлснээс, согтуугаар жолоо барьснаас болж гарах нь их байна.

Ослууд жолооч хурд хэтрүүлснээс, согтуугаар жолоо барьснаас болж гарах нь их байна.

-Орон нутгийн замд гарч байгаа ослууд улирлаас хамаарч өөрчлөгддөг үү?

-Ер нь зуны цагт хот хоорондын хөдөлгөөн ихэсдэг. 5, 6, 7, 8 дугаар саруудад оюутнууд гэртээ очиж ирэх, иргэд гэр бүлээрэй салхинд гарах, баяр наадам тэмдэглэх гээд их хөдөлгөөнтэй байдаг. Энэ үеэр согтууруулах ундаа их хэрэглэж осол гаргадаг.

-Цагдаагийн байгууллагын зүгээс авто тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна вэ?

-Манай байгууллагын зүгээс орон нутгийн зам дээрх эргүүлийн тоог нэмэгдүүлэх, хяналт шалгалтыг тогтмол явуулах тал дээр анхаарч ажиллаж байна. Гэхдээ хамгийн гол нь иргэд өөрсдөө гэр бүл, ойр дотны хүмүүсээ дагуулаад хөдөө орон нутагт зорчихдоо анхаарал болгоомжтой, хурд хэтрүүлэлгүй явж, зорчигчид байнга хамгаалалтын бүсээ зүүх хэрэгтэй байна.

ДЭМБ-аас осолд орох үедээ хамгаалах бүс хэрэглэсэнээр амь насаа 50 хувь хүртэл, бэртэл гэмтлээс 70 хувь хүртэл хамгаалах боломжтой хэмээн зөвлөдөг.