Өнгөрсөн сараас эхэлж Богдхан уулын нутаг дэвсгэрт орших тусгай хамгаалалт бүхий хоёр газрыг манай баячууд “Дархан цаазат” гэх хууль ёсны үгийг баллуурдаж өөрсдөө тэнд эзэн суухаар улайрч байна. Энэ бүхнийг тус газарт амьдардаг иргэд бидэнд учирлан ярьж байсан юм.
Өдгөө Зайсанд ямар хүмүүс амьдардаг вэ гэвэл мөнгөтэй баячууд. Анх тэд өөрсдийн орд харшаа босгохдоо ямар ч холбогдох албаны хүмүүсээс нь зөвшөөрөл авалгүйгээр шууд л үлгэрийн юм шиг тансаг орд харшаа нүд ирмэхийн зуур босгож борчуудыг том том нүсэр техникээр дайрах нь холгүй нэлээд даажигнаж байсан гэнэ.
Бид ч энэ тухай мэдээллийг тухай бүрд нь хангалттай мэдээлж байсан боловч ямар ч арга хэмжээ авалгүй байсаар өнөөдөр Зайсангийн ам болгон баячуудын мэдлийн газар болж хувирсан.
Тэгвэл одоо иргэдийн хэлж буйгаар тус дүүргээс сонгогдсон УИХ-ын хоёр гишүүн “Сонгогчид та бүхний төлөө л бид ажиллана” гэж байсан бол өнөөдөр баячуудынхаа талд ажиллан Зайсанг там болгох тогтоолын төслийг өнгөрсөн сарын 6-нд УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьжээ.
Уг тогтоолын төсөлд Зайсангийн амнаас 23.2, Арцатын амнаас 21.8, Богинын амнаас 0.3, нийт 45.3 га газрыг тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн цэсээс чөлөөлүүлэхээр тусгажээ.
Тус хорооны иргэн Д.Ням-Отгон “Бид манай дүүргээс сонгогдсон Ц.Оюунгэрэл, Л.Болд хоёрт ямар их итгэл өгч сонгож байлаа. Гэтэл тэд бидний төлөө биш зөвхөн өөрсдийнхөө эрх ашгийн төлөө УИХ-д суухаар улайрч байж.
Та бүхэн тэдний тогтоолын төслийг хараарай хүн үнэмшмээр зүйл нэг ч байхгүй. Тогтоолын төсөлд тусгасан Арцатын ам, Богинын аманд бидэн шиг жирийн иргэд нэг ч амьдардаггүй шүү дээ. Харин ч эсрэгээрээ Зайсангийн аманд баячуудын хатавчин доор олон жил амьдарч байна бид нар.
Бид энэ баячуудтай их удаан тэмцэж байна. Зарим нь ч залхаад нүүсэн. Одоогоос гурван жилийн өмнө энд бараг 380 орчим айл өрх амьдарч байсан. Одоо бол 40-50 айл үлдсэн. Яах вэ дээ хоёр гишүүн бидний нэрийг барьж тогтоолын төслөө З.Энхболд даргад танилцуулсан юм билээ.
Тэр нь их инээдтэй тогтоол. Тухайлбал нутгийн уугуул иргэдийн газар өмчлөх эрхийг баталгаажуулахын тулд ийм төсөл боловсруулсан гэж тайлбарласан байгаа юм. Яаж ч бодсон бидний төлөө биш шүү дээ. Ингэж л биднээр даажигнаад байгаа хүмүүс.
Ер нь бол уугуул иргэдийг хэдэн талаас нь барилгын компанийн захирлууд болон баячууд нийлж ад үзсээр байгаад зарим нь арагагүй эрхэнд нүүсэн. Бид ч энд үеэ дуустал амьдарна гэж бодож байгаа. Одоо та нар хардаа энд гишгэх зай ч байхгүй.
Ер нь Зайсанд монголын нөлөө бүхий эрхмүүд амьдардаг шүү дээ. Тэд бидний нэрийг барьж ийм төсөл боловсруулсан юм чинь бидэнд алга дарам газрыг маань өгөх ёстой. Тэгээд ч энэ баячуудын байшингуудын нэг нь ч газрын зөвшөөрөлгүй гэдгийг хүн бүхэн мэднэ.
Өчнөөн жил амьдарч байгаа биднийг төр засаг яагаад ингэж ад үзээд байгаа юм бол. Ямартай ч бид газрынхаа төлөө тэмцэх болно” гэлээ.
Уугуул иргэдийн ярьж буй зүйл бүгд бодит үнэн. Богдхан уулын чанх урагшаа дарга, сайд нарын тансаг байшингууд нүд ирмэхийн зуурт боссоор байгаа. Одоо бол тус газарт уугуул иргэд гэх цөөхөн хэдэн хүн л амьдарч байна. Гэтэл үй олноороо зөвшөөрөлгүй баригдсан эдгээр хорооллууд бүгд авлигын шинж чанартай.
Жирийн иргэн Дорж, Дулмаа хэчнээн мөрөөдөөд ч Зайсанд газар авч чадахгүй гэдэг нь гашуун үнэн. Зайсангийн амыг там болгосон баячууд одоо бүр цаашлаад Арцат, Богинын, амыг авахаар ийнхүү улайран зүтгэжээ.
Энэ бүхэн хэнд ашигтай вэ гэвэл товчхондоо эрхэм гишүүд баячуудын захиалгаар дээрх амуудыг үгүй хийхээр аль хэдийн ажлаа эхэлж борчуудыг биш баячуудаа бодсон тогтоолын төсөл боловсруулсан нь харамсалтай.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!