Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/06/14-НД НИЙТЛЭГДСЭН

Тэмцлээ хаанаас эхлэх вэ

Б.Өнөртогтох
2014 оны 6 сарын 14
Монголын мэдээ
Зураг зураг
Тэмцлээ хаанаас эхлэх вэ

“Цагаан тахал”. Анх энэ нэрийг хэвлэл мэдээллээр бичиж байхад хүн бүхэн цочирдон хүлээж авдаг байв. Харамсалтай нь өнөөдөр энэ хоёр үгийг нийгэмд байх ёстой юм шиг, хэдийнэ дасал болчихсон мэтээр хүлээн авч байна. Хар тамхи татсан, хар тамхинд донтсон гэх мэдээллүүд өдөр бүхэн хэвлэлийн хуудсыг “чимэх” болов. Хар тамхины хэрэглээ 1999 оноос хойш манай улсад бүртгэгдсэн. Энэ хугацаанд манайх зөвхөн дамжуулагч орон байлаа. 

Хар тамхийг манай улсын хилээр дамжуулдаг, Монгол иргэд хар тамхи тээвэрлэж, бусдад дамжуулж байгаад баригдсан тохиолдол маш олноор бүртгэгдэж байв. Тун удалгүй “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, “Ice top” хамтлагийн дуучид зэрэг олны танил эрхмүүд “хэрэглэгч” болсон хэмээн ял сонссоноор энэ төрлийн гэмт хэрэг эрчимжсэн гэж хэлж болно. Урлагийнхан ч ар араасаа холбогдсоор байгаа.

Өнөөдөр гамшгийн хэмжээнд хүрчихлээ гэж хэлэхэд хатуудах юмгүй. Учир нь, ээжийнхээ өврөөс гараагүй шахам охид хөвгүүд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож эхнээсээ хэцүү нэртэд сууж эхэлсэн.

Залуусаараа дарвиж, наргиж цэнгэхдээ “ice” буюу мөс гэх хар тамхийг хэрэглэж байгаад баригдаж хоригдсон нь тоймгүй. Хамгийн наад захын жишээ нь Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын хүү С.Цог нарын 12 залуу, Г.Сарангэрэл гэх бүсгүйн хэрэг.

18 нас ч хүрээгүй охид хөвгүүд газ, цавуу, гутлын тос үнэрлэж мансуурч байна. Саяхан олны нэрлэж заншсанаар “Шар хад” буюу Сэтгэцийн эмнэг суддалын үндэсний төвийн эмч мэргэжилтэн гурван настай хүүхэд газ үнэрлэн мансуурдаг болсон гэдгийг онцолж байсан юм. Хэлд байтугай хөлд ч орж амжаагүй энэ жаал ямар шалтгаанаас ийм зүйлд донтох болов. Монголын ирээдүй өнөөдөр энэ мэтээр мансуурч байгаад төр засаг яагаад анхаарал хандуулж чадахгүй байна вэ.

Дэмий л мөрч нохой сургаж, хэрэг илрүүлэн ял оногдуулахаас хэрэглэгч болгох шалтгааныг эрж хайхгүй байгаа юм. Эхлээд шалтгааныг бид хил гаалиас хайх учиртай. “Буяныг гаргахгүй, бузрыг оруулахгүй” хэмээн тангараг тавих шахуу ажилладаг гэх хил гаалиар хар тамхи яагаад саадгүй нэвтрээд байна вэ гэдгийг бид шалгах ёстой юм. АНУ-ын иргэн Мартин К-ийн хилээр оруулж ирсэн хар тамхиа залууст зарж мөнгө олох гэж байгаад нэгэн сайхан бүсгүйг өргөст торны цаана суулгасан.

Тэр ямар байдлаар хилийн шалгалтыг давж чадсан нь одоо ч нууц хэвээр. Охинд ял оноогоод явуулахаа урьтал болгосноос биш хилээр оруулж ирсэн шалтгаан, түүнд хэн туслав гэдгийг шалгаж тогтоогоогүй. Хил, гааль дээр ажилладаг байцаагч, тэдний хамсаатнууд л өнөөдөр Монголын ирээдүйг “булшилж” байна. Хилээр орж ирэхгүй байдаг бол хэн ч хар тамхийг Монголын газар нутаг дээрээс олж чадахгүй. Гаалийн байцаагч эмэгтэйн хүү хилээр хар тамхи оруулж ирэх гэж байгаад баригдсан нь саяхных.

Тэгэхээр барьж хорих, шалгаж цагдах ажлаа чухам эндээс л эхлэх учиртай юм. Хар тамхийг илрүүлдэг тоног төхөөрөмжөө шинэчилж, албан хаагчид энэ төрлийн бизнест холбогдож байна уу гэдгийг нарийн хянах хэрэгтэй байна. Цаашлаад, энэ талаархи мэдээлэл сурталчилгаа, хор хөнөөлийн талаар мэдээлэл хангалтгүй байгаа нь алхам тутамд мэдрэгдэж байгаа. 

Хар тамхины хор хөнөөл, үүсч болох хүндрэл, амь амьдралыг нь яаж хөнөөж байгааг үзүүлэхээс илүүтэй хилээр орж ирлээ, оруулж ирэхийг завдлаа, тэнд тэгээд хэрэглэж байхад нь барив гэсэн мэдээлэл нийгэмд түлхүү тарж байгаа нь сэрэмжлүүлэг гэхээс илүүтэй сурталчилгаа болж байна гээд хэлчихэд буруудахгүй.

Тиймээс дан ганц цагдаа, хүчний байгууллагын хийх ажил гэж орхих бус хэвлэл мэдээлэл, олон нийтийн, төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаа энэ талаар эрчимжих хэрэгтэй болжээ. Хэлтсийн хэдэн ажилчид, хоёр гурван мөрч нохой энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцээд үр дүн гаргаж чадахгүй нь тодорхой.

Тиймээс эцэг эхчүүд ч үр хүүхдийнхээ ирээдүйд анхаарал хандуулж, өсвөр үеийнхэн хаана, юу хийж явна вэ гэдэгт сургуулийн багш, нийгмийн ажилтнууд анхаарч ажиллах хэрэгтэй байна. 

Сөрөг талыг нь хөндсөн, хар тамхи гэх тахал нийгэмд ямар уршиг дагуулдаг вэ гэдгийг хөндсөн нийтлэл, сурвалжлагыг түлхүү мэдээлж, нийгмийг гэгээрүүлэх талаар ажиллах цаг нь болжээ. Хүн бүхэн дор бүрнээ энэ тахлаас сэргийлэхгүй бол өнөөдөр Монголын ирээдүй болсон хүүхэд залуусыг цагаан тахал алхам алхмаар, аажим, аажмаар хэмлэсээр байна.

Зураг