Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/06/13-НД НИЙТЛЭГДСЭН

Хөх цэргүүд 27-нд аялалдаа гарна

Г.Номин, iKon.mn
2014 оны 6 сарын 13
iKon.MN
Зураг зураг

2004 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж байгаа “Хөх цэрэг” аялал энэ сарын 27-нд эхлэх гэж байна.

Энэ жилийн аялал “Нууц товчооны жимээр” гэсэн уриан дор Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймгийн түүхийн дурсгалт газруудаар үргэлжлэх юм байна.

Аялалын бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн С.Ганбаатар, МУГТ Д.Бадар-Ууган, дуучин А Сооl, Лектор төвийн Ц.Баатархүү, С.Зоригбаатар болон түүхч, тайлбарлагч, эмч, цагдаа нар багтжээ​.

Хүүхэд залууст эх орноо хайрлан, энэрэх үзлийг төлөвшүүлж, эрүүл идэвхтэй амьдралын хэв маягт уриалах зорилготой энэ удаагийн аялалд 150 хүүхэд оролцох боломжтой. Зохион байгуулагчидтайгаа нийлээд 200 хүний бүрэлдэхүүнтэй болж байна. 

Аялал 10 хоног үргэлжлэх бөгөөд түүхийн нууцыг агуулсан нутгаар аялангаа танин мэдэхүйн хичээл, лекц сонсож, өрсөлдөөн тэмцээнд оролцож өртөөлөн явах ажээ.

“Манай аялалд ЕБС-ийн ахлах ангийн сурагчид, Их дээд сургуулийн нэгдүгээр курсийн оюутнууд оролцох боломжтой. Аялалын туршид идэх хоол, түлшний зардал нэг хүүхдээс 250 мянган төгрөг гарах тооцоо бий. Аялалын хоолыг БХЯ-ны явуулын гал тогоо хийх бөгөөд эмнэлгийн түргэн тусламжийн машин дагаж явна.

Ер нь аялалын туршид элдэв хэрэг зөрчил гарч байгаагүй учир эцэг эхчүүд санаа амар хүүхдээ манай аялалд явуулж болно” хэмээн Хөх цэрэг үндэсний хөтөлбөрийн удирдагч С.Зоригтбаатар хэллээ.

Цаашдаа тус аялалыг улс орон даяар зохион байгуулж хүүхэд залуусыг идэвхтэй хөдөлгөөнтэй байхыг зохион байгуулагчдын зүгээс уриалж байна.

Аялалын бүртгэл Монголын лектор төв дээр өчигдрөөс эхэлжээ.

АЯЛАЛЫН ХӨТӨЛБӨР

1 дэх өдөр

УБ - Хар зүрхний хөх нуур 220км.

Үзэх зүйл: Багануурын нүүрсний уурхай, Цонжин болдог, Хэрлэн гол, Хар зүрхний хөх нуур

2 дахь өдөр

Хар зүрхний хөх нуур -Жаргалантын гол 120км.

Үзэх зүйл: Балдан бэрээвэн хийд, Хангал нуур, Жаргалантын голын буган хөшөө

3 дахь өдөр

Жаргалант гол - Биндэр сум 170км.

Үзэх зүйл: Рашаан хадны дурсгал, Өглөгчийн хэрэм,

4 дэх өдөр

Биндэр сум - Дадал 215км.

Үзэх зүйл: Онон голын шугуй, байгалийн үзэсгэлэнт газрууд.

5, 6 дахь өдөр

Дадал - Өндөрхаан 176 км.

Үзэх зүйл: Хатдын өргөө, Музей.

7 дахь өдөр

Өндөрхаан - Хэрлэнгийн хөдөө арал.

Үзэх зүйл: Гурван нуурын дөрвөн рашаан, Хажуу булаг, Балж гол.

8 дахь өдөр

Хэрлэнгийн хөдөө арал - Чингисийн далан.

Үзэх зүйл; Чингисийн далан, булагтайн даваа.

9 дэх өдөр

Чингисийн далан - Аварга тосон сувилал.

Үзэх зүйлс: Аварга тосон нуур, эмчилгээний шавар.

10 дахь өдөр

Аварга тосон сувилал - Улаанбаатар 280км.

Үзэх зүйлс: Хаалтыг Улаанбаатар хотод тусгай хөтөлбөрөөр хийнэ.