• 6 сарын 14, Бямба
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/06/10-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Батбаяр сайдыг огцруулах асуудлыг хойшлууллаа

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2014 оны 6 сарын 10
iKon.MN
Гэрэл зургийг Б.Бямба-Очир/mpa.mn

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар ЭЗХ-ийн сайд Н.Батбаярыг огцруулах тухай асуудлыг хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн эхэнд АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат горимын санал гаргаж, Н.Батбаярыг огцруулах асуудлыг хэлэлцэхийг хойшлуулахыг хүссэн юм. Ингээд ЭЗ-ийн байнгын хорооны гишүүд санал хурааж, 14 гишүүний 10 нь дэмжснээр уг асуудлыг тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа.

"Гадаадын хөрөнгө оруулалт 75 хувиар татарч, валютын ханш 30 гаруй хувиар өссөн."

Хойшлуулах болсон шалтгааныг Д.Эрдэнэбат дарга хэлэхдээ "ЭЗ-ийн Байнгын хороо ЭЗХ-ийн сайдыг огцруулах үндэслэлийг сайн судалж үзэх шаардлага байна" гэсэн юм. 

Харин Я.Содбаатар гишүүн хэлэхдээ "Н.Батбаяр сайдыг огцруулах асуудлыг ямар ч үндэслэлгүйгээр хойшлууллаа. Өнөөдөр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдалд ард түмэн хэдийнэ үнэлэлт дүгнэлт өгчихсөн байна. Бараа бүтээгдэхүүний үнэ, валютын ханш яаж өссөн билээ, хөрөнгө оруулалт хэрхэн татарсан билээ. 20 гаруй мянган ААН-үүд хаалгаа хаагаад байна. Гадаадын хөрөнгө оруулалт 75 хувиар татарч, валютын ханш 30 гаруй хувиар өссөн.

Энэ бүгдээс харахад ЭЗХ-ийн сайдад хариуцлага тооцох, огцруулах хангалттай шалтгаан байна" гэсэн юм.



УИХ дахь МАН-ын бүлгээс Эдийн засгийн хөгжлийн сайдыг огцруулах саналыг УИХ-ын даргад өргөн барьсан. Тэд дараах үндэслэлээр сайдыг огцруулна гэсэн юм. Үүнд:

  • Засгийн газрын гадаад өр сүүлийн хоёр жилийн хугацаанд огцом нэмэгдэж, төсвийн зээлийн үйлчилгээний зардал 3-4 дахин өссөн. Засгийн газар өмнөх 22 жилд бий болсон нийт өр зээлээс 800 сая ам.доллараар илүү буюу 3 тэрбум ам.долларын өр үүсгэж ирээдүй хойч үеэ өрийн дарамтад орууллаа.  Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ гэсэн амлалтаа Эдийн засгийн хөгжлийн сайд биелүүлж чадсангүй. УИХ-аас хэчнээн сайхан хууль, эрх зүйн орчныг бий болгож өгсөн ч түүнийг ажил хэрэг болгох чадвар салбар хариуцсан сайдад алга байна.
  • Төсвийн тухай хуульд заасан "Засгийн газар улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг дөрвөн жилд нэг удаа баталж, жил бүр тодотгоно” гэсэн заалтыг биелүүлээгүйн улмаас Монгол Улс өнөөг хүртэл хөрөнгө оруулалтын нэгдсэн төлөвлөлт, хөтөлбөргүй, хөрөнгө оруулалт зүг чиггүй хийгдэж байна.
  • Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийн дагуу "Чингис" бондын санхүүжилтийн нэг ам.долларыг гурван ам.доллар болгож, эдийн засгийн үр ашиг бүхий төсөлд зарцуулах арга хэмжээг авч хэрэгжүүлсэнгүй. Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл энэ заалтыг биелүүлээгүй албан тушаалтанд хариуцлага тооцохыг зөвлөсөн нь Засгийн газрын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах хангалттай үндэслэл болно.
  • Улс орны ирээдүйн хувь заяагаар дэнчин тавьж авсан “Чингис”,  “Самурай бонд”-ын хөрөнгийг төсвийн бүрэлдэхүүн хэсэгт тусгахгүй дур мэдэн зарцуулж хууль зөрчсөн.
  • Ерөнхий сайд Н.Алтанхуяг 10 хоногийн хугацаатай хариуцлага тооцох шаардлагад хариу өгөлгүй эдийн засгийн хямралын буруутнуудынхаа үйл ажиллагааг ил далдаар дэмжиж, улс орноо улам туйлдууллаа. Тиймээс МАН-ын бүлэг эдийн засгийг хямралд хүргэсэн албан тушаалтнуудын нэгийг нэр зааж огцруулахаар УИХ-д хандах нь зүйтэй.
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг