УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл, уг хуулийг дагалдан гарах хуулиуд, тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэг байлаа.
Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн тодорхойлолтыг өөрчлөх, уул уурхай, банк, харилцаа холбоо, хэвлэл мэдээллийн салбарт үйл ажиллагаа явуулах хуулийн этгээдийн 33, түүнээс дээш хувийг гадаад улсын төрийн өмчит хуулийн этгээд эзэмших бол хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авч байхаар өөрчлөх, хөрөнгө оруулагчид татварын болон бусад дэмжлэг үзүүлэхтэй холбогдсон асуудлыг нэмж тусгах саналуудыг төсөлд тусгажээ.
Түүнчлэн тогтворжуулах гэрчилгээний хугацааг хөрөнгө оруулалтын төслийн үйл ажиллагааны салбар, байршил, хөрөнгө оруулалтын хэмжээнээс хамаарч ялгаатай буюу 5, 8, 10, 15 жилийн хугацаатай олгохоор өөрчлөх, хөрөнгө оруулагч хөрөнгө оруулалтаа хийж дуусгах хугацааг тогтоож өгөх, тогтворжуулах гэрчилгээ олгох эсэх асуудлаар дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий Зөвлөл ажиллуулах саналуудыг ч тусгасан байна.
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр УИХ дахь МАН-ын бүлгийн гаргасан шинээр татвар бий болгох хуулийн өөрчлөлтөд тогтворжуулах гэрчилгээ эзэмшигч хуулийн этгээдийг хамруулахгүй байх асуудлыг нэмж тусгах саналыг гарган санал хураалгасан боловч дэмжигдсэнгүй.
Ингээд Байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсаны дараа санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар Хөрөнгө оруулалтын тухай болон уг хуулийг дагалдан гарах хуулийн төслүүдийг баталлаа.
Үүний дараа Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэн Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|