- Эдийн засгийн онцлох мэдээ -
Хонг Конгийн биржид бүртгэлтэй SouthGobi Resources Ltd компани Монгол улс дахь нүүрс олборлолтын үйл ажиллагааг сааруулахаар болсон хэмээн Гүйцэтгэх захирал Ross Tromans мэдэгдсэн байна. Ойролцоогоор 405 ажиллагсдын хагасыг нь түр зогсоож, цалингийн 60 хувийг олгохоор болсон байна.
Тус түр зогсолт нь санхүүгийн эх үүсвэр болон нүүрсний эрэлтээс үүдэлтэй ба ирэх долоо хоногоос эхлэн долдугаар сарын дунд үе хүртэл үргэлжлэх магадлалтай хэмээн Tromans хэлсэн байна.
БНХАУ-ын худалдан авагч менежерийн нэгдсэн индекс 50.2 нэгж болов
Өнгөрсөн сард БНХАУ-ын бизнесийн үйл ажиллагаа гурван сарын дараа анх удаа тэлэлтийн бүсэд гарсан байна. Хэдий тийм боловч үйлчилгээний салбарт хувийн хэвшлийнхний итгэл буурсан талаар “HSBC” банкнаас мэдээлжээ.
Өнгөрсөн тавдугаар сард БНХАУ-ын худалдан авагч менежерийн нэгдсэн индекс 50.2 нэгж болж тэлэлтийн бүсэд гарсан талаар “HSBC” банкнаас мэдээлсэн байна. Энэ нь өнгөрсөн сараасаа 0.7 нэгжээр өссөн үзүүлэлт болжээ.
Харин үйлчилгээний салбар худалдан авагч менежерийн индекс 50.7 нэгжтэй гарсан бол аж үйлдвэрлэлийн салбарын индекс өнгөрсөн сард 49.4 нэгж буюу агшилттай гарсан байна.
Эдгээр үзүүлэлт БНХАУ-ын эдийн засаг тогтворжиж байгааг илтгэж байна гэж “HSBC” банк мэдээлжээ. Мөн эдийн засгийн өсөлтөө дэмжих хүрээнд БНХАУ-ын Засгийн газар мөнгөний бодлогоо ирэх саруудад зөөлрүүлэх хэрэгтэйг онцолсон байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!