Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/06/04-НД НИЙТЛЭГДСЭН

Валютын урсгал нэмэгдэх цаг айсуй

Д.Оюун
2014 оны 6 сарын 4
Зууны мэдээ

Эдийн засгийг эрчимжүүлэх хөтөлбөр боловсруулаад 27 хоног өнгөрчээ. Харин энэ хугацаанд эдийн засаг эрчимжиж, иргэдийн халаасан дахь мөнгө 30 хувьд идэгдэхээ больсонгүй.

Тэд өдөр, өдрөөр бүсээ чангалж халаасан дахь хэдээ үнэгүйдэхийг хараад нүдэн балай чихэн дүлий мэт сууна. Хаа, сайгүй, инфляц өссөн, бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадсан тухай халаглана. Харин үүнийг өргөс авсан мэт эрүүлжүүлэх төлөвлөгөө зохиогоод ч нэмэр болохгүйг тэд ойлгож эхэлжээ.

ЭДИЙН ЗАСАГ ХЭРХЭН ХҮНДРЭВ

Эдийн засаг хэрхэн хүндэрснийг эргэн саная. Өдгөө цагт зээлгүй нэгээхэн ч иргэн үгүй. Тэд cap бүрийн аль нэг өдөр зээл төлдөг. Баянзүрх дүүргийн иргэн Б.Өнөрзул өнгөрсөн жил орон сууцны зээлдээ 540 мянган төгрөг төлдөг байж. Түүний сарын цэвэр орлого 900 мянга бөгөөд 200 мянган төгрөгөөр нэг сарын хүнсээ цуглуулдаг байв.

Харин одоо түүнд үлддэг 360 мянган төгрөг бүгд хүнс болоод хүүхдийн сургууль, цэцэрлэг, нийтийн тээвэрт зарцуулагддаг болжээ.

Учир нь өдөр бүр авдаг нэг литр сүү нь 650 төгрөгөөс 1200 болон өссөн байна.

Ингээд тоочоод байвал өдөр тутам хүнс болон гэрийн хэрэгцээний бүхий л бараа бүтээгдэхүүний үнэ 2-3 дахин өссөн аж.

Эндээс    харахад эдийн засгийг хэвийн, тогтвортой байлгахад хэрэгцээтэй мөнгө нь дутагдаж байна.Мөнгөний дутагдал нь эдийн засагт орж ирэх гадаад валют огцом буурсантай холбоотой хэмээн судлаачид хэлдэг.

Харин гадаад валют огцом буурахад өнгөрсөн онд гадаадын шууд хөрөнгө оруулалт 2400 сая ам.доллараар, экспортын орлого 800 сая ам.доллараар буурсан нь шууд нөлөөлснийг эдийн засагчид болоод албаныхан хүлээн зөвшөөрдөг. Н.Баяр гэдэг эрхмийн сард олдог орлого байхгүй болжээ хэмээн төсөөлье. Тэгвэл орж ирдэг байсан мөнгө нь эрс буурахаар Н.Баярын эдийн засаг хүндэрч, идэх хоол, өмсөх хувцас нь хүссэн ч эс хүссэн ч хумигдах л болно. Энэ нь эдийн засгийг хямраах үндэс юм.

Тэгэхээр манай улсын урсгал тэнцлийн алдагдал 2008, 2009 оны үед 1032 сая ам.долларт хүрч байжээ. Харин 2012, 2013 онуудад 6554 сая ам.доллар болсон байна. Энэ нь эдийн засгийн хүндрэл биш хямрал болох шалтгаан болсон гэж үздэг. Эдийн засагчдийн үзэж буйгаар энэхүү алдагдал нь гаднаас орж ирэх валюттай шууд холбоотой аж.

Урсгал тэнцлийн алдагдлыг энгийнээр тайлбарлавал, бидний гадаадад худалдаалдаг бараа, үйлчилгээ, шилжүүлгийн орлогоос гаднаас авдаг бараа, үйлчилгээ, шилжүүлгийн төлбөрийг хассан цэвэр дүн юм. Энэ нь бид юуг бүтээж, валютын ямар орлого олов. ямар хэмжээний валютын төлбөр гадагш нь төлөв гэдгийг харуулдаг эдийн засгийн суурь үзүүлэлт юм.

Энэ үзүүлэлт хасах утгатай байна гэдэг нь бидний орлого, зарлагаасаа бага байгааг харуулж буй хэрэг. 2008-2009 онтой өнгөрсөн хоёр жилийг харьцуулахад урсгал тэнцлийн алдагдал 6.4 дахин өсчээ. Эндээс бид импортын хэрэглээг санхүүжүүлж, экспортыг боомилсон гэдгийг харуулж буй.

Тухайлбал, гадаадын шууд хөрөнгө оруулалт 2009 онд 270 сая ам.доллараар буурахад Монголын эдийн засаг хасах 1.3 хувьд хүрч, эдийн засаг бүхэлдээ хямарч байсан. Гэтэл 2013 онд гадаадын шууд хөрөнгө оруулалт 2400 сая ам.доллараар буурахад эдийн засгийн бодит өсөлт өнгөрсөн жил 11.7 хувьтай; 2014 оны эхний улиралд 7.4 хувьтай гарсан байна.

Асар их импортын хэрэглээтэй болсон хэврэг эдийн засагт тэр хэрэглээг нь тэтгэж байсан гадаадын шууд хөрөнгө оруулалт огцом буурахад 2009 оных шиг, түүнээс ч илүү гүнзгий хямралд орохоор байсныг зарим эдийн засагчид хэлж байна. Ийнхүү гүн хямралаас сэргийлж чадсан амин дэм нь асар их мөнгөний дутагдлын зарим хэсгийг нь нөхсөнтэй холбоотой хэмээн бизнес эрхлэгчид үзэж буйгаа илэрхийлсэн юм.

Хэдийгээр бид 2008, 2009 оных шиг хямраагүй ч гадаад валютын дутагдалд орсноо хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юм. Улс төрч хэмээн өөрсдийгөө нэрлэсэн популистууд, хариуцлага, мэдлэг, чадвар үгүй сайдууд нь гаднаас доллар, юань, иен, евро орж ирэх сувгуудыг хаасаар байгааг ч мэргэжлийн судлаачид хэлж байна.

Эдийн засаг хямарсан нь дундаж орлоготой иргэдийн халаасыг хоосолж буй. Харин олигархи буюу бидний хэлж заншсанаар баячуудын халаасанд төдийлөн нөлөөлдөггүй цаг хугацаа харуулж байгаа билээ. Энэ засгийн барьж буй бодлого хуримтлалтай Монголыг бий болгох явдал. Гагцхүү тэднийг дэмжихийн тулд тэтгэлэг, тэтгэмжээс илүүтэй мөнгө болоод валютын орлогыг огцом өсгөхөд оршино.

Зураг