Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/29-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Отгонсүрэн: Ойгоо тоолсноор бусад орнуудаас төлбөр авах боломжтой

Т.Батсайхан, Зууны мэдээ
2014 оны 5 сарын 29
Зууны мэдээ
Зураг зураг
БОНХЯ-ны Ой хамгаалал, ойжуулалтыг зохицуулах хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Отгонсүрэн

Олон зорилтод ойн тооллого орон даяар эхэлсэн билээ. Энэ асуудлаар БОНХЯ-ны Ой хамгаалал, ойжуулалтыг зохицуулах хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Отгонсүрэнтэй ярилцлаа.

-Манай улс 1956 онд  анх удаа  ойгоо тоолж байсан. Харин энэ удаагийн тооллогын зорилго, аргачлал өөр байгаа. Энэ талаар тодруулахгүй юу?

-Олон зорилтод ойн тооллогын хээрийн судалгааны ажилд есөн аж ахуйн нэгжийн 22 баг гүйцэтгэгчээр ажиллаж эхэлсэн. Монгол орны шилмүүст навчит ойг бүхэлд хамарсан дөрвөн мянга гаруй  цэгт  дээж авах талбай байгууллаа. Бид ганцхан ойгоо тоолохгүй. Биологийн төрөл, амьтан зэрэг ойд байгаа бүхий л зүйлийг тоолно.

Мөн хэчнээн тонн хүлэмжийн хийг Монголын ой шингээдэг болохыг хэмжих юм. Хүлэмжийн хийг ялгаруулж байгаа хэмжээг тогтоочихвол “REDD+” хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрхтэй болно. Мөн ойн төлөв байдал нэг зэрэг гарч төрөөс ойн талаар баримтлах бодлого гаргахад мэдээлэл өгөх олон талын ач холбогдолтой.

-“REDD+” гэдэг нь ямар учиртай хөтөлбөр вэ. Үүнд хамрагдсанаар бидэнд ямар ашигтай вэ?

-Энэ нь ойн хомсдол, доройтлоос үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах гэсэн утгатай. “UN-REDD” хөтөлбөр нь хөгжиж буй орнуудад хэрэгжүүлэх НҮБ-ын хамтын ажиллагааны санаачлага юм.  Манай улсад 2008 оноос хэрэгжиж эхэлсэн.

Ойн хомсдол, доройтлыг бууруулах, хүчилтөрөгчийн  хуримт­лалыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм. “REDD+”  үйл ажиллагааг хэрэгжүүлэхийг хүсч буй орон ойн судалгааны системийг байгуулах талаар хоёр үүрэг хүлээдэг. Тэр нь ой болон ойн өөрчлөлтөд цаг үе бүрээр мониторинг явуулах, ойн салбараас ялгарч буй хүлэмжийн хийг хэмжих юм.  Энэ үүргээ биелүүлэх зорилгоор ойн тооллогыг эхлүүлээд байна. Хөтөлбөрт хамрагдвал ойн доройтлыг хамгаалах ажил эхэлнэ.

-Хүлэмжийн хийг хамгийн их шингээдэг зүйл нь ой гэдгийг хүмүүс энэ тооллогоор мөн ойлгох сайн талтай юм?

-Тийм ээ. Ой, ургамал, далай, хөрс нь хүлэмжийн хийг шингээгч юм.  Тиймээс ой, ургамлыг устгавал хүлэмжийн хийн ялгарлыг ихэсгэж байна гэсэн үг. Дэвшилтэт техник ашиглах, ногоон массыг нэмэгдүүлэх ялгаруулалтыг багасгах гэсэн хоёр арга бий.  Манай дэлхийн ой, ургамал жилийн турш 450-650 тэрбум тонн хүлэмжийн хийг шингээн авдаг гэсэн судалгаа байдаг. Үүний 80 хувийг ой шингээдэг. Ойн доройтлыг бууруулснаар хүлэмжийн хийг барьж чадах юм. Дулаарлыг зогсоож чадна. Дулаарлыг зогсоовол экологийн тэнцвэр хадгалагдана.

-Хүлэмжийн хийн шингээлтийн хэмжилтийг хийсний дараа хөрөнгө оруулалт орж ирнэ гэж ойлголоо. Хөрөнгө оруулалтын хэмжээ нь ямар байх бол?

-Олон улс хооронд явагддаг карбоны худалдаа гэж бий. Хүлэмжийн хий үйлдвэрлэж буй хэмжээгээрээ өндөр хөгжилтэй орнуудаас мөнгө авдаг. Тухайлбал Монголд нэг га ой тарилаа гэж бодоход тарьсан ойг хэдэн төгрөгөөр үнэлэхийг манай улсын хувьд тогтоогоогүй. Ойн тооллогоор хүлэмжийн хийн шингээлтийн хэмжилт хийсний дараа тогтоох боломжтой болно.

 Аж үйлдвэр өндөр хөгжсөн улсууд манайд мод тарьж хүлэмжийн хийн ялгарлыг дүйцүүлэн бууруулахаар манай улсыг сонгох болно. Хөрөнгө оруулалт орж ирнэ.

“Монголын нэг га шилмүүст ой тийм хэмжээний хүлэмжийн хийг шингээдэг” гэсэн тооцоо хэрэгтэй. Хэрэв тооллого хийсний дараа үнэлгээ нь тогтоогдвол төлбөр авах боломж бүрдэх юм. Аж үйлдвэр өндөр хөгжсөн улсууд манайд мод тарьж хүлэмжийн хийн ялгарлыг дүйцүүлэн бууруулахаар манай улсыг сонгох болно. Хөрөнгө оруулалт орж ирнэ.

-Та хүлэмжийн хийг тогтоох аргачлалын тухайд жаахан дэлгэрүүлэхгүй юу. Мэдээж олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн техник технологи ашиглаж байгаа байх?

-Германы Зас­гийн газраас 5.7 тэрбум төгрөгөөр санхүүжүүлж байгаа. Мөн техник, аргазүйн хувьд дэмжлэг үзүүлж байна. Тооллого хийх хэмжилтийн аргачлалыг боловсруулсан. Энэ тооллогоор ганц модоо тоолохгүй, био масс, амьтан, биологийн төрөл зүйл  зэрэг ойд юу байна тэр бүхнийг тоолох учраас шинэ аргазүй хэрэгтэй болсон.

Тооллогоо хийж дууссаны дараа тайлангаа боловсруулах хэрэгтэй болно. Боловсруулахад лаборатори хэрэгтэй. Энэ бүх техникийн дэмжлэгийг Германы Засгийн газраас хариуцаж байгаа.

-Манай талаас хич­нээн төгрөг зарцуулах вэ?

-Нэг тэрбум төгрөг төсөвлөгдсөн. Үүний 886 сая төгрөг нь хээрийн судалгаа явуулах, мөн багийнхны цалин хөлсөнд зарцуулагдаж байгаа. Харин үлдсэн 114 сая төгрөгөөр тооллогын дүнг нэгтгэх Ойн судалгаа хөгжлийн төвийн дэргэд байгуулагдсан лабораторид ажиллах хүмүүсийн цалин болон урсгал зардалд зарцуулагдана. Ойн тооллогыг хийснээр зарцуулсан нэг тэрбум төгрөгнөөс хэд дахин их хөрөнгө оруулалт орж ирнэ. Үүнийг ойлгох хэрэгтэй.

Ойн тооллогыг хийснээр зарцуулсан нэг тэрбум төгрөгнөөс хэд дахин их хөрөнгө оруулалт орж ирнэ.

-Хээрийн судалгааны ажил хэзээ дуусах вэ?

-Аравдугаар сарын 15-нд дуусна. Мэдээлэл боловсруулалт нь мөн дөрвөн сар орчим үргэлжлэх болов уу.  Тэгээд тайланг Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн нарийн бичгийн дарга нарын газарт хүргүүлж баталгаажуулна.

-Хээрийн судалгааны 22 багаас гадна хяналтын давтан тооллогын гурван баг ажиллана гэсэн. Хэзээнээс ажиллаж эхлэх вэ?

-Технологийн хяналтын баг, БОНХЯ, Ойн судалгаа хөгжлийн төвийн хамтарсан хяналтын баг ажиллана. Технологийн хяналтын баг одоо ажилдаа гарсан. Хэрэв буруу технологиор хэмжилт хийж байвал эрт илрүүлэн зогсоож, залруулах үүрэгтэй.

Зураг