Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/23-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Алтанхуяг: Бид үйлдвэрлэсэн эрчим хүчээ Эрдэнэт үйлдвэрт нийлүүлнэ

Ж.Өнөржаргал
2014 оны 5 сарын 23
Монголын мэдээ
Орхон аймгийн Засаг даргын зөвлөх
Т.Алтанхуяг

Энэ удаагийн “Би Монголоо ингэж хөгжүүлнэ” буландаа Орхон аймгийн Засаг даргын зөвлөх Т.Алтанхуягийг урьж ярилцлаа.

Тэрбээр Улаанбаатар хотноо энэ сарын 22, 23-ны өдрүүдэд зохиогдож буй “Энержи Монголиа-2014” олон улсын чуулга уулзалтад, шинэ санал, санаачилгаа танилцуулахаар иржээ.

Тодруулбал, Орхон аймгийн удирдлагууд Эрдэнэт хот болон үйлдвэрийг сэргээгдэх эрчим хүчээр хангах, төсөл боловсруулсан бөгөөд үүнийг нь Монгол Улсын Засгийн газар, Эрчим хүчний яам талархан хүлээн авсан байна. 

-“Энержи Монголиа-2014” олон улсын чуул­га уулзалт өмнөхөөсөө илүү өргөн цар хү­рээг хамарсан харагдаж байна. Гадаадын 10 гаруй орны төлөөлөгчид илтгэл тавьж, са­налаа хэлцгээлээ. Таны хувьд энэ уулзалтад ямар зорилготой оролцож байна вэ? 

-Монгол Улсын өнөөгийн эрчим хүчний хэ­рэгцээ, шаардлага, үнэ тарифын асуудал, олон ул­сын туршлага гээд маш олон сэдвийг хамарсан, өргөн цар хүрээтэй чуулга уулзалт болж байна. Гадаадын олон орны төлөөлөгчид оролцож, туршлагаасаа хуваалцаж байгаа нь сайшаалтай. Ер нь энэ чуулга уулзалт нь Монгол Улсын эрчим хүчний хэрэгцээнд гадны хөрөнгө оруулалтыг татах зорилготой зохион байгуулагдаж байгаа шүү дээ.

Би Эрдэнэт хотоос Чех-Словакийн хамтарсан багтай ирсэн. Яагаад Чех-Словакийн хамтарсан баг энэ удаагийн чуулга уулзалтад оролцох болсон бэ гэхээр Эрдэнэт хот өөрөө ОХУ-аас хоногт 180 мВт эрчим хүчийг худалдаж ав­даг байхгүй юу. Үүнийгээ ашиглачихаад хэрэг­цээ нь багасаад ирэхээр үлдсэнийг нь ОХУ-д бу­цааж өгдөг юм. Ингэхдээ нэг квт-ыг нь 0.9 цен­тээр худалдаж аваад 0.2 центээр буцааж өг­дөг. 

Тэгэхээр 180 мВт эрчим хүчийг гаднаас им­портлохгүй ямар арга байна вэ гэдгийг эрэл­хийлж, бодсон юм. Улмаар бодож олсон арга нь юу вэ гэхээр усан хуримтлуурт цахилгаан станц. Тодруулбал, 100 гаруй мянган хүн амтай Эр­дэнэт хотын цэвэрлэх байгууламжид хоногт 20 мянган м/куб бохир ус ирж байгаа юм. 

Тэр бохир усаа анхан шатны боловсруулалт хийж цэвэрлэсний дараа хоёр дахь шатны техникийн боловсруулалт хийсний дараа Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн зэсийн баяжмалаа угаасан усаа хаядаг нуур руу сул хаячихдаг юм. Энэ сул хаяж байгаа усыг хуримтлал бий болгож, ашиг­лаж, түүнээсээ эрчим хүч үйлдвэрлэх са­наач­лагыг гаргаад, төслөө боловсруулсан. Түү­ний­гээ Монгол Улсын Засгийн газар, Эрчим хүч­ний яам болон бусад холбогдох газруудад нь танил­цуулсан. Асуудлыг нааштайгаар хүлээж аваад биднийг дэмжээд ажиллаж байна.

Ер нь дэлхийд усан хуримтлуурт цахилгаан станц барьж, ашиг­ласан маш олон туршлага бий. Түүний нэг нь Чех, Словак гэх орнууд юм. Учир нь Европын то­моохон улсуудыг дамжин урсч, Хар тэнгист цут­гадаг Дунай гэж том мөрөн бий.  Түүний нэ­гээ­хэн хэсгийг салаалуулж, усан хуримтлуурт ца­хил­гаан станцыг барьж, байгуулсан байдаг юм билээ.

-Хэдэн мВт-ын хүчин чадалтай цахилгаан станц барихаар төлөвлөсөн бэ. Саарал ус ашиглана гэхээр хямд зардлаар эрчим хүч үйлдвэрлэх нь тийм үү? 

-Тийм. Бид саарал усыг ашиглаж, 100 мВт-ын хүчин чадалтай усан хуримтлуурт цахилгаан станц барихаар төслийнхөө нэгжийг бэлэн бол­гоод байна. Ер нь бидний үйлдвэрлэл амжилттай бол­вол 100 мВт эрчим хүчээ Эрдэнэт үйлдвэрт нийлүүлэхээр төлөвлөж байгаа. Өөрөөр хэлбэл, эрчим хүчээ үйлдвэрлэчихвэл худалдан авагч нь бэлэн байна гэсэн үг. Эрдэнэт хоногтоо 250-иас доошгүй мВт эрчим хүч ашигладаг. 

Саарал усыг ашиглаж, 100 мВт-ын хүчин чадалтай усан хуримтлуурт цахилгаан станц барихаар төслийнхөө нэгжийг бэлэн бол­гоод байна.

Үүнийхээ 180-ыг нь ОХУ-аас өдөр бүр авдаг байхгүй юу. Үүнийх нь ядаж 100-г нь дотооддоо үйлдвэрлэж, импортыг орлох юм бол эдийн засгийн хувьд ч өндөр үр өгөөжтэй.

Нөгөөтэйгүүр саарал усыг дахин боловсруулж байгаа гэдэг утгаараа маш хямд зардлаар эрчим хүч үйлдвэрлэж байгаагаараа давуу талтай. Тиймээс ч “Энержи Монголиа-2014” олон улсын чуулга уулзалтад оролцохоор Орхон аймгаас зорьж ирлээ. 

-Төслийн санхүүжил­тийг ямар замаар ший­дэж байгаа вэ. Эрчим хүч­ний яам­ны зүгээс ху­вийн хэвш­лийн хө­рөнгө оруулалтыг та­тах бод­лого барим­талж бай­гаа тухайгаа хэл­сэн. Тэ­гэ­хээр та бүхэнд ийм боломж, бололцоо байна уу? 

-Үүнд мэдээж Засгийн газар оролцохгүй. Салбар хариуцсан яамны зүгээс ч хувийн хэвшлийн сан­хүүжилтийг татах бод­лого баримталж бай­на. Ер нь бол 200-300 сая ам.доллар гаргаад ца­хил­гаан станц барина гэдэг бол Монголын ком­па­ниудын хувьд мэдээж хүнд тусна. Тэгэхээр бид энэ асуудлыг яаж шийд­сэн бэ гэхээр Чех-Сло­ва­кийн хамтарсан баг маань цахилгаан стан­цыг ба­риад 10-20 жил ажил­лаж, өртгөө нөхсний эцэст, монголчуудад үнэ төл­бөргүй хүлээлгэж өгөх, кон­цес­сийн гэрээ маягаар зо­хицуулж байна.

Энэ нь улсад ч тэр, хувийн хэвшилд ч тэр аль аль алинд нь ашигтай. Харин эцсийн үр дүндээ иргэдэд илүү ашигтай юм шүү дээ. Энэ цахилгаан станцыг цаашид 50-60 жил тэр ч бүү хэл хэчнээн зуун жил ч ашиглах боломжтой. Ингэхээр Монгол Улсад ашигтай болж байгаа юм. Мэдээж Эрдэнэт хотын хүн ам өсөн, нэмэгдэхийн хэрээр эрчим хүчний хэрэглээ дагаад өсөх нь ойлгомжтой. Одоо ч тасралтгүй өсөн нэмэгдэж байна. 

Тэр хэрээрээ олон барилга байгууламж, үйлдвэр, аж ахуйн нэгж баригдаж байгаа. Энэ бүхэн эрчим хүч ашиглана шүү дээ. Тиймээс ч эрчим хүчний асуудал маш чухал. Францын Засгийн газар хоногт 20 мянган м/куб бохир ус цэвэрлэх хүчин чадалтай станц барьж байна. Ингэхээр хоногт 40 мянган м/куб бохир ус  цэвэрлэх хүчин чадалтай болж байна гэсэн үг. Ингэхээр үйлдвэрлэх эрчим хүч маань цаашид өсөн нэмэгдэх боломжтой. 

-Тэгэхээр Эрдэнэт хотод баригдах усан цахилгаан станц хэзээ ашиглалтад орох юм бэ?

-Ер нь Эрдэнэтэд ус өндөр үнэтэй байдаг юм. Учир нь 60 км-ийн цаанаас байгалийн цэвэр усыг татаж, хүн амаа ундалж, үйлдвэрийнхээ баяжмалыг угаадаг байхгүй юу. Тиймээс маш өндөр үнэтэй ус хэрэглэдэг. Харамсалтай нь энэ усаа ашиглачихаад хаячихаж байгаа юм. 

Саарал усаар эрчим хүч үйлдвэрлэх нь хамгийн чухал. Эрдэнэт үйлдвэрт ч тэр, иргэдэд ч тэр эрчим хүчний хэрэгцээ, шаардлага байна. Тиймээс энэ бол ирээдүйтэй, ашигтай бизнес болно гэж тооцоолж байгаа.

Эрдэнэт хотод Аж үйлдвэрийн парк байгуулж байгаа. Аж үйлдвэрийн паркийг дагаад олон жижиг үйлдвэр ашиглалтад орно. Тиймээс ч эрчим хүчний хэрэглээ тасралтгүй өсөн, нэмэгдэх дүр зураг харагдаж байгаа юм. Харин үүнийг шийдвэрлэх боломж байгаа гэдэгт найдаж байна. Бид үүнд л зорьж байгаа. 

Энэ онд үндсэндээ судалгааныхаа ажлыг хийж, ТЭЗҮ-ээ боловсруулаад, зураг төслөө бэлэн болгочихно. Ингээд 2015-2016 онд барьж, ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Дөрвөн турбин тавигдана.

Түүнчлэн байгаль орчиндоо ээлтэй технологи ашиглаж, тунелийн систем ашиглана. Өөрөөр хэлбэл, дээд болон доод нуур байгуулаад хооронд нь тунелээр дээш, доошоо ирж, очдог байх юм. Ингэснээрээ хөрс эвдрэхгүй зэрэг байгальд ээлтэй станц байгуулах юм. 

-Үйлдвэрлэсэн эрчим хүчээ зах зээлд ямар үнэ тарифаар нийлүүлэх вэ? 

-Сэргээгдэх эрчим хүчний тухайд төвийн эрчим хүчнээс арай өөр. Үүнийг зохицуулах хууль, тогтоомж бий. Гэхдээ хууль нь батлагдсан боловч хуулиа дагаж, мөрдөх журам нь батлагдаагүй байгаа нь харамсалтай.

Харин энэ удаагийн чуулганаар эрчим хүчний үнэ тарифийн асуудлыг нэлээд хөндөж, хэлэлцлээ. Ер нь цаашид эрчим хүчний үнийг чөлөөлөх асуудал яригдаж байгаа шүү дээ. Миний хувьд үүнийг зөв гэж бодож байна. 

-Орон нутгийн удирдлагууд Эрчим хүчний сайд М.Сономпилтэй санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ тухай манай уншигчдад тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Найман аймагт дулааны цахилгаан станц барих санамж бичигт орон нутгийн удирдлагууд гарын үсэг зурлаа. Энэ нь эрчим хүчний биш дулааны цахилгаан станц юм. Манайхан уурын зуух гэж ярьдаг шүү дээ. Тэгвэл энэ удаад баригдах дулааны станцыг уурын зуухтай харьцуулж ойлгож болохгүй. Хүчин чадлын хувьд өндөр, зарим аймаг, сумдыг холбож, хангах дулааны станц баригдах юм. Дулааны станцаа түшиглээд эрчим хүчний хосолсон станц болгож болдог давуу талтай. Тэгэхээр эхлээд дулааны станцаа барьчихна. Үргэлжлүүлээд турбин гэдэг зүйлээ тавьчихаар эрчим хүч үйлдвэрлэх боломжтой болчихож байгаа юм.

Манай Эрдэнэтийн дулааны цахилгаан станц 30 мВт-ын хүчин чадалтай. Түүнийгээ төвийн шугамд нийлүүлдэг. Бид энэ онд багтааж хүчин чадлаа 70 мВт-д хүргэхийг зорьж байна. Үүнтэй холбогдуулан Чех улсын дэмжлэгтэйгээр төсөл хэрэгжиж байгаа. Энэ ондоо эхлүүлж, ирэх ондоо ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Гэхдээ Орхон аймагт Эрчим хүчний яамны дэмжлэгтэйгээр дулааны станц баригдахгүй. 

Учир нь дулааны цахилгаан станц байхгүй олон аймаг бий. Тухайлбал, өнгөрсөн онд Хөвсгөл, Сүхбаатар зэрэг дөрвөн аймагт дулааны станц барьсан шүү дээ. Одоо дахиад найман аймагт дулааны станц барих гэж байна. Өмнө нь уурын зуухаар тухайн орон нутгийн цөөхөн хэдхэн албан байгууллага, айл өрхөд халаалт өгдөг байсан шүү дээ.

Тэгвэл орон нутагт өндөр хүчин чадал бүхий дулааны станц ашиглалтад орсноор бүх өрх, айл, аж ахуйн нэгжийг дулаанаар хангах юм. Нэгдүгээрт баригдах аймаг нь тодорхой болчихсон, хоёрдугаарт төсөл нь бэлэн болчихсон, гуравдугаарт гүйцэтгэгч компаниудтайгаа гэрээ байгуулж байгаа байхгүй юу. 

Тэгэхээр тухайн хувийн хэвшлийн байгууллага дулааны станцыг барьж, ашиглалтад оруулна. Харин дараа нь өөрсдөө ажиллуулж, ашиг орлогоо нөхөх боломжийг бүрдүүлж байгаа юм. Тэгэхээр Засгийн газар, Эрчим хүчний яамны зүгээс барихад тодорхой дэмжлэх үзүүлнэ гэж ойлгох хэрэгтэй. Тухайлбал, НӨАТ, татвар гэдэг ч юм уу олон зүйлд хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлж болно. Ингэснээрээ тухайн аж ахуйн нэгжид ашигтай тусч байгаа юм. Түүнээс гадна дулааны цахилгаан станцын дэргэдэх өргөтгөлийн ажлыг яамны зүгээс дэмжиж техник, эдийн засгийн үзүүлэлт зэрэг бүх зүйл нь хийгдээд, эхний санхүүжилтийг яам тодорхой хэмжээгээр зохицуулаад ажиллаж байна. 

-Тэгэхээр сэргээгдэх эрчим хүчний хувьд Монгол орон маш их нөөцтэй гэгддэг шүү дээ. Харин Монголын нөхцөлд нар, ус, салхины аль нь хамгийн тохиромжтой юм бэ?

-Би эрчим хүчний инженер хүн биш. Барилгын инженер мэргэжилтэй. Гэхдээ ажиглаж байхад ус хамгийн тохиромжтой нь юм байна гэдэг нь харагдсан. Монголд нар бол бий. Гэхдээ нарны цахилгаан станцад үүл гэж нэг айхтар аюул бий. Нарны эрчим хүчийг халхалж, шүхэрлэдэг. 

Архангайд усан хуримтлуурт цахилгаан станц барих нөөц, бололцоо бүрэн байна.

Хоёрдугаарт, монгол орон хангалттай салхитай. Гэхдээ салхи тогтворгүй, нэг салхилахдаа маш хүчтэй салхилдаг зэрэг бэрхшээлтэй зүйлс байдаг юм билээ. Тэгэхээр Монголд хамгийн тохиромжтой нь усан хуримтлуурт цахилгаан станц. Ердийн урсгалт голыг шууд өөр дээр нь цахилгаан үйлдвэрлэх станц байгуулж болно. Би Чехийн усан хуримтлуурт станцыг очиж үзсэн. Ойр орчим нь маш сайхан байгальтай, тунелийн системтэй. Байгаль орчинд хохирол учруулахгүйгээр 745 мВт эрчим хүч үйлдвэрлж байна, тэнд. Тэр ч бүү хэл 1400 мВт эрчим хүч үйлдвэрлэдэг цахилгаан станц ч байна. 

Энэ мэтчилэн гайхалтай станцууд барьж, байгуулсан байна л даа. Ер нь Монголд яагаад ийм хүчин чадалтай цахилгаан станц барьж, байгуулж болохгүй гэж. Манайх хангалттай ус, гол, мөрөнтэй. Говийн бүс нутгаас бусдад нь усан цахилгаан станц барьж байгуулах бүрэн боломж бий. Тухайлбал, Архангайд усан хуримтлуурт цахилгаан станц барих нөөц, бололцоо бүрэн байна. Нөгөөтэйгүүр монголчууд эх оронч биш гол, мөрөн гэж ярьдаг шүү дээ. Манай улсаар дайрч урсдаг, гол мөрөнг хэлж байгаа хэрэг. 

Тэгвэл ядаж эдгээр гол, мөрөнгөөс  эрчим хүчээ үйлдвэрлэж аваад гадагш нь урсгадаг байя. Ер нь эрчим хүчний яамны зүгээс сэргээгдэх эрчим хүч тэр тусмаа усан хуримтлуурт цахилгаан станцыг барьж, байгуулах ажлыг илүү дэмжих бодлого баримтална гэж ойлголоо. Тэр нь зөв.

Зураг