Ирэх сарын 6-наас үйлчилгээнд гарах төмөр замын автобус “Амгалан-Толгойт” чиглэлд явахаар болсон билээ. Үйлчилгээний төлбөр, зогсоолынх нь талаар УБТЗ-ын Замын аж ахуй хариуцсан орлогч дарга Д.Батбаатараас тодрууллаа.
-“Railbus” замдаа гарахад бэлэн болсон уу. Та бүхэн ойрын өдрүүдэд ямар ажил амжуулсан бэ?
-Ямартаа ч туршилтын журмаар ирэх сарын 6-наас үйлчилгээндээ гарна. Бид найман байршилд зогсоолын тавцан барих юм. Одоогоор Таван шар, Барс-2 гэсэн байршлын зогсоол бэлэн болсон. Мөн Төмөр зам дагасан хог хаягдлыг цэвэрлэж байна. Энэ чиглэлд аюултай ачаа буулгалтын хоёр цэг бий. Түүнийг мөн хотоос гаргах талаар төлөвлөж байна.
Нэг хүн зорчиход 2000 төгрөгийн тарифтай байх урьдчилсан тооцоо гарсан. Гэхдээ оюутан, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төрөөс нөхөн олговор өгвөл энэ дүнд өөрчлөлт орно.
-Төмөр замын галт тэрэг ямар байршлуудад зогсох вэ?
-Амгалангаас Толгойт хүртэл найман байршилд зогсоно. Таван шар, Барс-2, Вокзал, Дундгол, Нарантуул, Улаанхуаран гэсэн газруудад зогсох юм. Энэхүү зогсоолуудад явган хүний зам, гэрэлтүүлэг, тэмдэг тэмдэглэгээ тохижилтын ажлыг цогцоор нь хийж байгаа.
-“Railbus” ямар үнээр үйлчлэх вэ гэдгийг иргэд сонирхож байна?
-Өчигдөр Нийслэлийн тээврийн газрынхантай зөвлөлдсөн. Бидний зүгээс ашиг гэхээсээ илүү хамгийн эхлээд алдагдал хүлээхгүй байхыг хүсч байна. Энэ бүхнийг тооцоолоход нэг хүн зорчиход 2000 төгрөгийн тарифтай байх урьдчилсан тооцоо гарсан. Гэхдээ оюутан, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төрөөс нөхөн олговор өгвөл энэ дүнд өөрчлөлт орно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!