НҮБ-ын дэргэдэх Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас дэлхийн улс орнуудад хууль бусаар албадан буюу хөлсгүй шахам хөдөлмөр хийлгэх замаар олсон орлогын хэмжээ жилд 150 тэрбум ам.доллар давж буйг танилцууллаа.
НҮБ-ын шинжээчдийн хийсэн судалгаагаар энэ орлогын гуравны хоёр нь хүчээр биеийг нь үнэлүүлэх буюу сексийн мөлжлөгөөс бүрддэг бол үлдэх хувь нь хөдөө аж ахуй, барилга дээр хэтэрхий хямд хөлсөөр ажиллуулсны ашиг гэнэ.
Олон улсын хөдөлмөрийн байгууллагын танилцуулснаар албадан хөдөлмөр эрхлэлтэд 21 сая хүн хамрагдаж буй бөгөөд тэдний тал нь Азийн улс орнуудын иргэд аж.
Тиймээс НҮБ-аас дэлхийн улс орнуудын удирдагчдад хандан иргэдээ ийм замаар хөдөлмөрөө мөлжүүлэхээс сэргийлэх боломж олгохоос гадна тэднийг яах ч аргагүйгээр хэтэрхий хямд зардлаар биеийн хүчээ үнэлэх, эсвэл буруу замаар орлого олохоос аргагүйд хүргэж буй ажилгүйдэл, ядууралтай тэмцэл өрнүүлэхийг уриалжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!