Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх (CICA) бага хурлын дээд хэмжээний дөрөв дэх удаагийн уулзалт БНХАУ-ын Шанхай хотноо эхэллээ.
Тавдугаар сарын 20-21-ний өдрүүдэд болж буй Ази, Номхон далайн бvс нутгийн энх тайван, аюулгvй байдлын хамтын ажиллагаанд тун чухал үүрэгтэй энэхүү дээд хэмжээний уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож байна.
Шанхай хотноо болж буй дээд хэмжээний дөрөв дэх удаагийн уулзалтад 40 гаруй улс,олон улсын байгууллагын төлөөлөгч оролцохоос 14 орны төр засгийн тэргүүн, олон улсын найман байгууллагын удирдлага зэрэг Азид төдийгүй дэлхийд голлох үүрэг гүйцэтгэж буй томоохон улс орнуудын төлөөлөгчид, улс төрийн лидерүүд хүрэлцэн иржээ.
Монгол, Турк, Пакистан, Афганистан, Азербайджан, БНХАУ, Иран, Казакстан, Киргизстан, ОХУ, Узбекистан, Шри-Ланка зэрэг орны Ерөнхийлөгч, Камбодж, Ирак, Тажикистаны Ерөнхий сайд нар оролцож байна.
Энэ удаагийн Дээд хэмжээний уулзалт нь “Энх тайван,тогтвортой, хамтын ажиллагааны Шинэ Азийн төлөө яриа хэлэлцээ, итгэлцэл, харилцан уялдааг нэмэгдүүлэх” гэсэн сэдвийн дор болж байгаа бөгөөд БНХАУ-ындарга Си Зиньпин хурлыг даргалж байна.

Дараалал ёсоор үдээс өмнөх хуралдааны үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж үг хэлнэ.
Уулзалтаас гарах төгсгөлийн баримт бичиг –Тунхаглалын төсөлд манай улсын санаачилсан цөмийн зэвсэггүй статусаа бататган бэхжүүлэх, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын байр суурийг урагшлуулах болон Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Монгол улсын дэвшүүлсэн “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачлага зэрэг заалтуудыг оруулан батлуулахаар ажиллаж байна.
Энэхүү дээд хэмжээний уулзалт нь Ази тивийн аюулгүй байдлын салбар дахь хамгийн өргөн хүрээний олон талт уулзалт бөгөөд үүгээр дамжуулан Азийн орнууд харилцаа холбоогоо эрчимжүүлэх, тус бүс нутгийн аюулгүй байдлыг баталгаажуулах талаар хэлэлцэж байгаагаараа чухал ач холбогдолтой юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!