ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/20-НД НИЙТЛЭГДСЭН

П.Өсөхбаатар: А.Энхээ багш намайг бөх болоход их нөлөөлсөн хүн

Зууны мэдээ
2014 оны 5 сарын 20
Зууны мэдээ
Зураг зураг

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 86 кг-ын жинд алтан медаль авсан Хилийн цэргийн 0277 дугаар анги, “Хилчин ” спорт хорооны бөх, ОУХМ Пүрвээгийн Өсөхбаатартай ярилцлаа.

-Та бөхийн хэзээнээс орсон бэ?

-Ер нь нэлээн санаандгүй юм болсон л доо. 2007 оны зун 19 настайдаа нутгаасаа Уяаанбаатар руу мал туух болов. Cap шахам явсны эцэст долдугаар сарын 9-нд Архангай аймгийн Өгийннуур суманд ирэхэд тус сум наадмаа хийж таарсан.

Ямар ч бэлтгэлгүй байсан ч аавтайгаа зөвлөлдөж байгаад Шижээ начны өлгий нутагт анх удаа барилдсан нь тэр юм. Нэгийн давааны оноолтод заан Жамбалсүрэн, хоёр, гурав дээр Хашаат сумын залуучуудыг, дөрөв дээр Хотонт сумын заан Батсүрэнтэй нэлээд хүч шавхан байж хаясан. Ингээд Өгийннуур сумын гурван залуутай их шөвөгт үлдэж Юрагийн Пүрэвжаргалыг (тухайн үед сумын начин байсан) орхин түрүүлж сумын заан цол хүртсэм. Хойтон нь төрөлх сумандаа түрүүлж цолоо баталсан даа.

-Монгол бөхийн өргөөнд болдог сумын заануудын барилдаанд та дээгүүр даваанд хүрч барилдсан санагдана. Тэр хэзээний барилдаан бэ?

-2012 оны намар 480 хүчтэнээс Т.Баттулга, Ш.Алтангэрэл, Г.Түвшинжаргал , М.Даваасүрэн нарыг дараалан хаяж үзүүрт шалгарсан. Харин дараа сарын барилдаанд аравт шалгараад хүчтэй өрсөлдөгч О.Үйтүмэнд унасан. Уг нь монгол хүн болж төрснийх үндэсний бөхөөрөө барилдах сонирхол тун их байдаг ч их спортын бэлтгэл зодог шуудаг өмсөх боломжийг тэр бүр олгохгүй байна.

-Та хаана төрж өссөн бэ?

-1988 онд Завхан аймгийн Ургамал суманд төрсөн.

-Таныг хоёр талаасаа бөхийн удамтай гэж ярьдаг?

-Миний аав Н.Пүрэвээ сумын заан, нагац ах Д.Доржсүрэн аймгийн хурц арслан, аавын өвөө Ш.Дамдин сумын заан цолтой гээд дурдвал хоёр талаасаа бөхийн удамтай юм даа.

-Бөхийн анхны өмсгөлөө хаанаас авч байв?

-Би аавынхаа зодог шуудгыг өвлөж авсан. Тиймээс үндэсний бөхийн цолоо ахиулах зорилгыг өмнөө тавьсан.

-Манай бөхийн хорхойтнууд таныг чөлөөт бөхийн спортод гаргасан амжилтаар чинь арай илүү мэдэх юм даа. Та үндэсний бөхөөр тууштай барилдалгүй яагаад чөлөөт бөх рүү орсон бэ?

-Би үндэсний бөхөөр барилдаж эхлэхээсээ өмнө 2002 онд гавьяат тамирчин Авирмэдийн Энхээ 6aгшид анх шавь орж билээ. Яг тэр үеэс миний их спортын замнал эхэлсэн. А.Энхээ багш намайг бөх болоход чухал нөлөө үзүүлсэн хүн. Тэр хүний ачаар би өдий зэрэгтэй яваа юм. Харин 2010 оноос “Хилчин” спорт хорооны дасгалжуулагч Н.Түмэннаст багшийн удирдлага дор бэлтгэл сургуулилтаа үргэлжлүүлэн хийж явна аа.

Энэ дашрамд намайг тэмцээн уралдаанд ороход бүх талаар дэмжиж тусладаг хилийн цэргийн 0277 дугаар ангийн дарга Д. Нямсүрэн хурандаа болон бүх албан хаагчиддаа баярласан талархсанаа илэрхийлье. Мөн “Босоо хүлэг” компани намайг ивээн тэтгэдэгт баярладаг шүү.

-Энэ удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээний хамгийн сонирхолтой, оргил барилдааныг ОУХМ О.Үйтүмэн та хоёр харууллаа?

-Миний жингийн бөхчүүд цом хүчтэй, хурдтай, туршлагатай.

Тэр энэ гэлтгүй хэн ч ялж мэдэх юм. О.Үйтүмэн бид хоёрын хувьд өмнө нь хэд хэдэн.удаа таарч барилдахдаа өгөө аваатай барилддаг хоёр.

-Алан медалийн төлөөх барилдаанд О.Үйтүмэн таныг эхний үед 12:4-өөр хол тасархай дийлж байсан. Харин шийдвэрлэх үед та 10 оноо нөхөж алтан медаль авлаа?

-Бөх хүн хол тасархай ялагдаж яваа гээд гутрах хэрэггүй юм. Шүүгч шүгэл үлээгээгүй байхад огтхон ч санаа амарч болохгүй. Тэмцээнд хүн бүр ялахын төлөө барилддаг болохоор бүх хүчээ шавхах хэрэгтэй гэж би боддог. Барилдаанд ялж яваа нь хамгаалж, ялагдаж яваа нь оноогоо нөхөж барилддаг жамтай.

Эцэс цуцашгүй дайрсны эцэст би өрсөлдөгчөө яллаа шүү дээ. Би энэ удаа үүргээ сайн биелүүлсэн л байхгүй юу. О.Үйтүмэн олимпод явж байсан туршлагатай бөх. Нэлээн хүч шавхаж барилдсан даа бид хоёр.

-Хэсгийн аваргын барилдаанд та Дэлхийн залуучуудын аваргын хүрэл медальт Нямбаяртай барилдаад нэлээн цуцсан байх?

-Нямбаяр дүү надтай хамт бэлтгэл хийдэг. Бид хоёр нэг галын бөхчүүд юм даа. Барилдаан бүр хэцүү байлаа.

-Та тэмцээний өмнө ямар бөхөд зориулж голчлон мэх давтсан бэ?

-Миний гол өрсөлдөгчийг О.Үйтүмэн гэдэгтээ хэн ч маргахгүй. Гэхдээ түүнд зориулж мэх давтаж сүйд болоогүй. Барилдаан эхэлсний дараа л ямар мэх тохиромжтой вэ гэдгийг тунгаадаг. Бид хоёр олон удаа учраа таарсан болохоор хэвтээгээс хэрээст, накат шахах мэх илүү тохирох юм болов уу гэж бодсон. Түүнийгээ ч зоримог хийж оноо авсан. Харин босоогоос өөрийнхөө дархан давхар хамах мэхээ хийсэн.

-Бөх сонирхогчнд таныг тамиртай бөх гэж ярьдаг. Хүчний бэлтгэл их хийдэг байх даа?

-Би хүчний бэлтгэлээ “Стронг" клубт ихэвчлэн н.Галсайхан, н.Амарзаяа, н.Энхболд нартай хамт хийдэг. Цээжиндээ 150 кг-ыг шахаж, суултанд 200 кг-ыг өргөж байна.

Хүчний бэлтгэлээ хийхгүй байхаар тамирдаад барилдахад тун хэцүү. Өрсөлдөгчдөө бярдуулах гээд байдаг. Барилдаан болон хүчний бэлтгэлээ аль болох зохицуулж цагийн хуваариа нарийн баримтлахгүй бол аль нэгийг хэт давамгайлах сул талтай.

-Та чөлөөт бөхөөрөө Залуучууд болон өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд зодоглож байв уу?

-2006 оны өсвөрийн улсын аваргаас мөнгө, тухайн жилдээ залуучуудын улсын аваргад мөн барилдаж түрүүлсэн дээ.

-Энэ жилийн гол зорилго?

-Азийн тоглолт болон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн чухал болоод байна. Улсын аварга шалгаруулах тэмцээн дуусмагц бид дараа дараагийн тэмцээнд бэлддэг. Лондоны олимпод хөл тавиагүйгээ одоо цайруулах гээд байна.

-Тэр олимпод О.Үйтүмэн явсан байх аа?

-Тиймээ. Уг нь Лондоны олимпод оролцох эрхийг  О.Үйтүмэн авчирсан. Гэхдээ бид хоёрын дунд сорил барилдаан хийлгэж хэн ялсныг олимпод оролцуулна гээд удирдах зөвлөл шийдсэн. Энэ маш зөв шийдвэр болсон.

Маргаангүй О.Үйтүмэн ялж олимпийн эрхээ хадгалж чадсан. Бид хоёр өмнө нь дөрвөн удаа барилдсан шиг санагдана. Ихэвчлэн би ялсан. Гэтэл 2012 оны Бүх ард түмний спарткиадад О.Үйтүмэн намайг ялаад олимпод оролцож билээ. Тэр барилдаан санаанаас ер гардаггүй юм.

-Та хоёр жилийн өмнө “Mongolia Oреn-2012” тэмцээнээс мөнгөн медаль авсан. Түүнээс хойш олон улсын тэмцээнд ямар амжилт гаргав?

-“Mongolia Ореn-2012” тэмцээнд 84 кг-ын жинд Тажикстаны алдарт бох олимпийн мөнгөн медальт Юсул Абдусаламовд ялагдан мөнгөн медаль авсан. Тэр барилдаанаас яг нэг сарын дараа Монголын бүх ард түмний спортын XIII их наадмын чөлөөт бөхийн тэмцээнд О.Үйтүмэнд ялагдаж дахин мөнгөн медаль зүүсэн.

Түүнчлэн Гуанжугийн Азийн тоглолтоос хүрэл медаль хүртэж, олон улсын хэмжээний мастер болж байлаа.

Зураг