Ашигт малтмалын тухай хуулийн өөрчлөлтөөр зэсийн АМНАТ-ийг хөндөхгүй байхаар шийджээ
УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн ээлжит хурлаар хэлэлцсэн асуудлыг талаар мэдээлэл өглөө.
Өнөөдрийн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл дэх зэсийн АМНАТ-ийн тухай Эрдэс баялаг, аж үйлдвэрийн сайд Г.Дамдинням дараах мэдээллийг өгөв.
Тэрбээр “Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг МАН, АН-ын бүлгүүд болон ХҮН намын зөвлөлөөр хэлэлцээд, улс төрийн хувьд ойлголцолд хүрээд УИХ-д өргөн барьсан.
“Онтрэ”-ийн хэлэлцээд яг одоо явж байгаатай холбоотойгоор зэсийн АМНАТ-ын асуудлыг О.Батнайрамдал тэргүүтэй гишүүд гаргаж тавиад байгаа. Тэдгээр гишүүдийн байр сууринд хүндэтгэлтэй хандаж байгаа.
Тиймээс бүлгийн хурал дээр зэсийн АМНАТ-тэй холбоотой асуудлыг тухайлан танилцуулга хийж ярилцлаа.
Засгийн газрын зэсийн АМНАТ-ийг бууруулах бодлого зөв, гэхдээ “Онтрэ”-ийн хэлэлцээрт нөлөөлөх магадлалтай гэж үзээд байгаа учраас Ашигт малтмалын тухай хуулийг батлуулахдаа зэсийн АМНАТ-д хүрэхгүй байя гэдэг бүлгийн шийдвэр гарлаа. Энэ тал дээр О.Батнайрамдал гишүүнтэй ойлголцсон” гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

