Бизнес эрхлэх зөвшөөрөл авахад асуудалгүй болно

Эдийн засгийг идэвхжүүлэх 100 хоногт Эдийн засгийг идэвхжүүлэх 100 хоногийн хүрээнд хийгдэж буй ажлуудын нэг нь бизнес эрхлэгчдийг дэмжих буюу бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааны зөвшөөрлийн тоог цөөлж, олголтыг хялбаршуулах ажил юм.
Өнөөдөр манай улсад 99603 аж ахуй нэгж бизнес регистрийн санд бүртгэлтэй байгаагаас 45 хувь нь үйл ажиллагаа явуулдаггүй байна. Үйл ажиллагаа явуулаагүй компаниудаас 33 хувь нь үйл ажиллагаагаа огт эхлээгүй, 51 хувь нь түр зогсоосон, 2 хувь нь бүрэн зогссон, 14 хувь нь тодорхой бус, хаяг байхгүй гэх мэтчилэн асуудалтай байгаа аж.
Өөрөөр хэлбэл компаниудын бүртгэлийн ажил маш хангалтгүй, компаниуд идэвхгүй байдалтай байдаг аж. Бүртгэлтэй боловч үйл ажиллагаагаа эхлэхэд гацаагаад байгаа гол зүйл нь зөвшөөрлийн асуудал гэдгийг хаа хаанаа мэдэж буй.

Өөрөөр хэлбэл бизнес эрхлэхэд хамгийн ихээр саад тээг болдог асуудал нь олон төрлийн зөвшөөрөл, лиценз шаарддаг асуудал. Тодруулбал, нэг төрлийн бизнес эрхлэж байгаа боловч газар, ажил үйлчилгээ эрхлэх, дэд бүтэц ашиглах зэрэг асар олон нэр төрлийн зөвшөөрөл хэрэгтэй болдог.
Жишээ нь: барилгын компани барилга угсралтын ажил гүйцэтгэхэд дарга нарын гарын үсэг, газрын зориулалтын зөвшөөрөл, цахилгаан дулаан, лифт гэх мэтчилэн маш олон төрлийн зөвшөөрөл хөөцөлдсөөр хугацаа алддаг тухай гомдол тасардаггүй.
Тэгвэл эл асуудлыг шийдэх гарц нь үйл ажиллагааны зөвшөөрлийн тоог цөөлж, олголтыг хялбаршуулах. Нэг төрлийн бизнес эрхлэх гэж байгаа бол түүнд зориулсан, бизнесийн чиглэлээр авах ёстой лицензийн тоог нь бууруулах, бүртгэлжүүлэх шийдэх боломжтой байна.
Түүнчлэн олголтыг хялбаршуулж, хүндрэл чирэгдлийг бууруулах, зөвшөөрөл авах хугацааг богиносгож, бизнесийн хугацааг уртасгах шаардлагатай юм. Үүний тулд нэгдсэн бүртгэлийн систем, олголтын процессыг хурдасгах, сайжруулах юм.
Бизнес эрхлэгчийн зөвшөөрлийн тоог бууруулснаар бизнес эрхлэх боломж бий эсэх тухай эргэлзээ ба тодорхой бус байдал арилахаас гадна олголтыг хялбаршуулсан системд шилжүүлснээр цаг хугацаа хэмнэж, бизнесээ хугацаа алдалгүй эхлэх боломж олдоно гэхчилэнгээр эерэг талууд олон.
Эдгээрийг хэрэгжүүлснээр бизнесийг урамшуулсан бодлого болох төдийгүй зөвшөөрөл авах олон шат дамжлага цөөрч иргэдэд ч чирэгдэл учруулахгүй болох юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
